Гадаад харилцааны яамнаас мэдэгдэл гаргажээ

Монгол, Туркийн хамтарсан сургуулийн захирал БНТУ-ын иргэн Вейсел Акчайг (Veysel Akcay) өнөөдөр буюу 2018 оны долдугаар сарын 27-ны өдрийн өглөө үл таних хүмүүс хулгайлсан гэх мэдээлэлтэй холбогдуулан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас өгсөн чиглэлийн дагуу Гадаад харилцааны яам шуурхай арга хэмжээ авч, дотоодын холбогдох байгууллагуудтай холбогдон ажиллаж байна.

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг БНТУ-ын ЭСЯ-ны дипломат ажилтныг дуудаж уулзан Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хүн хулгайлсан гэх үйлдэл үнэн бол Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг ноцтой зөрчсөн, уучилж болшгүй үйлдэл болох бөгөөд Монгол Улс эрс эсэргүүцнэ гэдгийг албан ёсоор мэдэгдэж, тайлбар авахад Турк Улс нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хүндэтгэдэг бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль зөрчсөн аливаа үйл ажиллагаа, тэр дундаа хүн хулгайлах ажиллагаа огт явуулаагүй хэмээн нотолж, уг асуудлаар Турк Улсын Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолу Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай утсаар ярих хүсэлт тавьсныг мэдээлэв. Гадаад харилцааны сайд уг асуудлаар ярилцахад бэлэн байгаа болно.

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг хөдөө орон нутагт ажиллаж буй БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмет Язалтай мөн утсаар ярихад дээрх байр суурийг нотолсон болно.

Дээрх асуудал тодорхой болтол Чингис хаан олон улсын нисэх буудалд буугаад байгаа Турк Улсын тусгай үүргийн онгоцыг нисгэхгүй байх саналыг Гадаад харилцааны яамнаас холбогдох байгууллагуудад хүргүүлснээс гадна Гадаад харилцааны сайдаас өгсөн үүргийн дагуу дэд сайд Б.Батцэцэгээр ахлуулсан ажлын хэсгийг ГХЯ-нд байгуулаад байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Улсыг минь басаад бна уу даа үгүй шүү гэдэгээ харуулах цаг болсон бусад цаашид гарах зүйлгүй болтол арга хэмжээ авах хэрэгтэй тэгээгүй гэвэл бид үнэмшээд суудаг үлгэрийн цаг дууссан.Юугаар нотлох юм бэ?Үгүй гэх баримт нотолгоо хэрэгтэй Улсын боловсролд минь 24 жил зүтгэсэн байхад үнэлэхгүй байх ямар ч аргагүй тиймээс МОНГОЛ улсад минь байгаа иргэн хүртэл амар амьдрах эрхтэй гэж бодож байна Турк элчин удаа дараа шаардаж сургуулиудийг хаалгаж байна за гэхээр арай цаашаа давраад байна уу даа тийм биш шүү дэлхийд данстай улс гэдэгээ энэ зүйл дээр харуулаж бусадад сануулга болгох нь зүйтэй болов уу даа

    1 0 Хариу бичих
  2. ongotsiig ni huraagaad l avchihgvi yu da yamarch uls hvn hulgailaagvi l gene sh de.

    1 0 Хариу бичих