Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 32.5 тэрбум төгрөгөөр өслөө

Mөнгөний нийлүүлэлт (M2) 2018 оны зургаадугаар сарын эцэст 17.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 304.0 (1.8%) тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 3.9 (28.7%) их наяд төгрөгөөр өссөн байна. 

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2018 оны зургаадугаар сарын эцэст 931.1 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 4.8 (0.5%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 16.1 (1.8%) тэрбум төгрөгөөр өссөн байна. 
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2018 оны зургаадугаар сарын эцэст 15.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 429.7 (2.9%) тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 2.5 (19.4%) их наяд төгрөгөөр өсөв. 

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2018 оны зургаадугаар сарын эцэст 829.5 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 111.2 (11.8%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 32.5 (4.1%) тэрбум төгрөгөөр өсжээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.4 хувийг эзэлж, өмнөх сараас 0.9 пункт, өмнөх оны мөн үеэс 0.8 пунктээр буурсан байна. 

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2018 оны зургаадугаар сарын эцэст 1.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 96.9 (7.9%) тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 184.7 (16.3%) тэрбум төгрөгөөр өсжээ. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.5 хувийг эзэлж, өмнөх сараас 0.4 пунктээр өсөж, өмнөх оны мөн үеэс 0.3 пунктээр буурсан байна.Үнэт цаасны арилжаагаар 2018 онд эхний хагас жилд 290.7 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж, 384.9 сая ширхэг үнэт цаас арилжсан нь өмнөх оны мөн үеэс гүйлгээ 501.8 (63.3%) тэрбум төгрөгөөр буурч, арилжсан үнэт цаас 333.7 (7.5 дахин) сая ширхгээр өссөн байна. 

Харин 2018 оны 6-р сард 13.2 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж, 35.0 сая ширхэг үнэт цаас арилжсан нь өмнөх сараас гүйлгээ 1.3 (10.9%) тэрбум төгрөгөөр өсөж, арилжсан үнэт цаас 10.5 (23.0%) сая ширхгээр буурсан байна. 

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2018 оны эхний хагас жилд 240.9 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн нь өмнөх оны мөн үеэс 105.5 (30.5 хувь) тэрбум төгрөгөөр буурчээ. 

Хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг илэрхийлэх ТОП-20 дундаж индекс 2018 оны зургаадугаар сард 19737.5 нэгж болж, өмнөх сараас 184.0 нэгжээр, өмнөх оны мөн үеэс 7153.6 нэгжээр өсөв. 
Хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компаниудын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ 2018 оны 6 дугаар сард 2.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 984.2 (65.7%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Төгрөгийн америк доллартай харьцах Монголбанкны нэрлэсэн дундаж ханш 2018 оны зургаадугаар сард 2432.30 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.7 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар суларсан байна. 

Төгрөгийн юаньтай харьцах Монголбанкны нэрлэсэн дундаж ханш 2018 оны зургаадугаар сард 376.12 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 8.1 хувиар суларч, өмнөх сараас 0.3 хувиар чангарчээ. 

Төгрөгийн рубльтэй харьцах Монголбанкны нэрлэсэн дундаж ханш 2018 оны зургаадугаар сард 38.72 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.2 хувиар чангарч, өмнөх сараас 0.4 хувиар суларсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 32.5 тэрбум төгрөгөөр өслөө

    0 0 Хариу бичих