Долоо, наймдугаар сар монголчуудын амралтын үе байдаг. Амралт зугаалгын улирал учраас нийслэл хот ч эл хуль, автозамын хөдөлгөөн сийрэг, замын түгжрэл ч бусад цаг үеийг бодвол багасдаг үе нь ихэвчлэн долдугаар сар. Зах, худалдааны төвөөр ч үйлчлүүлэх иргэдийн тоо багасдаг. Зуны аагим халуун ийн үргэлжилж байгаа ч жил бүрийн өдийд мах, цагаан идээний ханш буурах биш өсдөг нь хачирхалтай.

Энэ жил ч мөн ялгаагүй ажээ. Үндэсний статистикийн хорооноос улс орны нийгэм, эдийн засгийн хагас жилийн төлөв байдлыг өнөөдөр танилцууллаа. Түүнд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ялангуяа мах, махан бүтээгдэхүүний үнэ өмнөх жилээс буурсан дүнтэй гарчээ. Харин 2016 онтой харьцуулахад өсчээ.

Монгол Улсад худалдаалагдаж буй бараа бүтээгдэхүүний үнийг харьцуулан судалдаг энэ байгууллагын гаргасан судалгаа бодит байдалтай төдийлэн нийцэхгүй байна гэх шүүмжлэл гардаг. Судалдаг аргачлал нь тусдаа учраас хөрсөн дээр буугаагүй судалгаа зарим талаараа гардаг байхыг ч үгүйсгэхгүй. Энэ удаа ч монголчуудын хамгийн түгээмэл хэрэглэдэг мах, гурил, будааны үнийг өмнөх хоёр жилтэй харьцуулан судалж, дүгнэлтээ танилцуулсан нь энэ.

Бид Статистикийн албан мэдээг мэдээлээд өнгөрөхийг хүссэнгүй зарим худалдааны төвөөр орж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханш ямар байгааг сурвалжиллаа. Наадмын олон хоногийн амралтын дараачаас зах, худалдааны төвүүд өчигдрөөс, зарим нь өнөөдрөөс ажиллаж эхэлж байгаа юм.

Зуны дэлгэр цагт сүү, цагаан идээ элбэг дэлбэг байдаг. Гэсэн ч “Бөмбөгөр” худалдааны төвийн Сүү, цагаан идээний тасгаас литрийн тараг хайгаад олсонгүй. Үйлдвэрүүдийн савласан өнөөх хэдэн тараг, өвөл зунгүй кг нь 12 мянган төгрөгөөс буудаггүй хорхой ааруул лангуун дээр дурайна. Тогооны шинэ өрөм 7000, цөцгий 7000, цөцгийтэй хольсон масло 6500, ааруул 12000, сүүн ааруул 16000 мянган төгрөгийн үнэтэй байх.

“Бөмбөгөр” худалдааны төвд үхрийн цул мах кг нь 10500-11000, ястай нь 10000-11000, хониных цул 7500-8000, ястай 7000-7500, адууных цул 8000, ястай 7000-7500 төгрөгийн үнэтэй байна. Үнийн хувьд ийн хэлбэлзэлтэй байгаа нь ямар учиртайг тодруулахад “Шинэ, хуучнаараа ялгаатай. Тарган, туранхай гээд махны өнгө зүснээс хамаарч байна” хэмээн худалдагчид тайлбарлаж байв. Энэ төвийн мах махан бүтээгдэхүүн “Хархорин” худалдааны төвөөс ялимгүй үнэтэй байв. Өчигдөрхөн “Хархорин” худалдааны төв олон хоногийн наадмын амралтын дараа ажиллах эхлэхтэй зэрэгцэн үхрийн мах худалдаж авсан юм. Тус төв үхрийн мах ястай нь 7500-8500, цул нь 8500-10000 төгрөгийн үнэтэй байсан. Харин хонины мах цул нь 6500-7000, ястай нь 5500-6500 төгрөгийн үнэтэй байв.

“Бөмбөгөр” худалдааны төвийнхөн бараа бүтээгдэхүүнийхээ үнийн мэдээлэл харуулсан зураг авахуулахаа больжээ. Яриа өгөх нь бүү хэл зураг авах хориотой гэх. Бусад худалдааны төвөөс танай мах бага зэрэг үнэтэй байна гэхэд “Манай төвд харьцангуй шинэ, сайн, чанартай мах зарагддаг учраас үнэтэй байдаг” хэмээн нэгэн худалдагч уцаарлангуй хариулсан юм.

Мах, махан бүтээгдэхүүний тасгийн үнэ ханш ийм байна. Харин шинэ ургацын төмс, лууван, манжин гээд ногооны үнэ тэнгэрт хаджээ. Шинэ ургацын гэсэн хаяг өмнөө хадсан лангуунд кг төмс 2500, лууван 3000, манжин 5000 төгрөгийн үнэтэй ажээ. Манай улс хүнсний ногооныхоо хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангадаг болсон. Гэхдээ шинэ ургацын ногоо ийм үнэтэй байгаа юм чинь урд хөршөөс үүнээс харьцангуй бага үнэтэй хүнсний ногоо орж ирэх нь аргагүй юм байна гэх бодол төрөв. Дурын дэлгүүр рүү ороод үзэхэд монгол, хятад гэсэн хаяг наагаад хоёр өөр үнэ хүнсний ногоон дээр бичсэн байдаг нь хэдийнэ хэвийн үзэгдэл болсон билээ. “Бөмбөгөр” худалдааны төвд ч байдал ийм байв.

Зуны дэлгэр цагт сүү, цагаан идээ элбэг дэлбэг байдаг. Гэсэн ч “Бөмбөгөр” худалдааны төвийн Сүү, цагаан идээний тасгаас литрийн тараг хайгаад олсонгүй. Үйлдвэрүүдийн савласан өнөөх хэдэн тараг, өвөл зунгүй кг нь 12 мянган төгрөгөөс буудаггүй хорхой ааруул лангуун дээр дурайна. Тогооны шинэ өрөм 7000, цөцгий 7000, цөцгийтэй хольсон масло 6500, ааруул 12000, сүүн ааруул 16000 мянган төгрөгийн үнэтэй байх.

Монголчууд 60 сая малтай л гэдэг. Тэгсэн хэр нь буянт малынхаа үр шимийг тэр бүр хүртэж чадахгүй байгаагийн энгийн нэг жишээ энэ. Мал ахуйгаас хол нийслэлийн хэрэглэгчид тэнгэрт хадсан үнэтэй мах, сүү, цагаан идээ хэрэглэж байна. Авбал ав, байвал бай гэдэг дүрэм л энд үйлчилнэ. Үнийг ченжүүд тогтоосоор уджээ.