Хүй долоон худагт “Соёлын наадам” эхэллээ

Хүй долоон худагт очоод морь гараанаас гарч, барианд орох хүртэл юу хийхээ наадамчин та хараахан шийдээгүй байгаа бол мөн Монгол наадам сонирхохоор ирсэн гадаад найз, жуулчдадаа юу үзүүлэх вэ хэмээн тээнэгэлзэж байгаа бол монгол ахуй, соёлоо нэг дор сурталчилж, өөрийн биеэр оролцож, суралцах боломжтой “Цор ганц” газрыг Соёл урлагийн их сургууль, Монголын Урлагийн зөвлөлийн хамт олон санал болгож байна. Энэ бол уламжлалт “Соёлын наадам” юм. Тэд энэ жил соёлын наадмаа улам өргөжүүлэн  баяжуулжээ.

Соёлын наадам Хүй долоон худагийн “Монгол наадам” цогцолборт 11 дэх жилдээ долдугаар сарын 11,12-нд болж байна. Соёлын өвийг музейд хадгалах бус, харин монголчууд өөрсдөө оролцож, хийж, бүтээлцэж байж үүнийгээ хадгалан үлдэж, өвлүүлэн түгээх билээ. Соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор энэ жилийн “Соёлын Наадам”-ыг Соёл урлагийн их сургууль, Монголын Урлагийн зөвлөл хамтран зохион байгуулж, Рио Тинто компани ивээн тэтгэж, “Монгол наадам” цогцолбор ОНӨТҮГ, Хаан банк, Чингэлтэй дүүргийн ЗДТГ дэмжиж шинэлэг агуулга, сонирхолтой хөтөлбөрүүдээр өргөжүүлэн, наадамчин олонд хүргэхээр хамтран ажиллаж байна.

Та “Соёлын наадам” үзэж, оролцсоноор зурагтаар, тайзан дээрээс, эсвэл үзэсгэлэнгийн танхимд үздэг зүйлсээ бодитоор харж, өөрөө хийж, хамтран оролцож, суралцан ярилцах боломжтой. 

Наадамчин олон “Соёлын наадам”-ыг зорих 21 шалтгаан байна.

Үүнд:

-Өөрийн нэрээ монгол уран бичлэгээр бичүүлж авах боломжтой

-Үндэсний хувцастайгаар зургаа татуулж болно

-Нум сум яаж хийдгийг хараарай

-Дэмбээдэхийг харж, өөрөө ч дэмбээдэх боломжтой

-Эрхий хурууныхаа эрчийг сориорой

-Шагайн харвааны асарт бууж, мордоорой

-Аргал түүж, сур элдэж, ноос савж үзмээр байна уу

-Эсгийгээр хийсэн бүтээлээ найздаа бэлэглэх боломж олдоно

-Кинонд гардаг шиг хөрөг зургаа зуруулах юм уу

-Харааны урлаг /Visual art/ гэж юж болохтой танилцаарай. Огт хөдөлгөөнгүй зурагнууд таны нүдийг хэрхэн хөдөлгөж, төөрөлдүүлж, будлиулах нь сонирхолтой байх болно

-Цорын ганц гар урлалын бүтээгдэхүүнтэй болоорой

-Ардын язгуур урлагийн “амьд” тоглолт таныг алсаас ч дуудна. Та ер нь язгуур урлагийн тоглолт   жилд хэдэн удаа үзэж, сонсдог вэ

-“Морьтны гайхамшиг” үзүүлбэртэй

-Айрагны баяр болно

-Аварга монгол баримлын өртөөгөөр зочлоорой

-Шагайн морио уяж, сойж тогловол ямар вэ

-Хүүхэд бүр зураач байдаг. Таны охин, хүү ч ялгаагүй

-Зугаатай нүүр будалтын хэсэг хүүхдэд тань лав таалагдана

-Хурган чих гэж ямар хөгжим болохыг мэдэх үү, сонсож байсан уу.

-Монгол хүүхэлдэйтэй хамт зургаа татуулах боломж бий

-Хөгжилтэй тоглоом тоглож, тэмцээнд оролцож авхаалж самбаагаа сориорой.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)