Наадмаар өрхийн эмнэлгүүд 10.00-15.00 цаг хүртэл ажиллана

Эрүүл мэндийн яам болон бусад салбар эмнэлгүүд  баяр ёслолын хоногуудад бэлэн байдалд ажиллана. Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу ЭМЯ-нд 24 цагийн жижүүр ажиллана. Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд мөн адил бэлэн байдалд ажиллана. Ялангуяа дүүргүүдийн өрхийн эмнэлгүүд долдугаар сарын 11-16-ны өдрүүдэд 10.00-15.00 цаг хүртэл ажиллана.

Жил бүр баяр ёслолын үеэр  иргэд хоолны хордлогод орох нь ихэсдэг. Тиймээс хоолны хордлогын тоог бууруулах зорилгоор иргэд хүнсээ зөв сонгох, хадгалах, мөн наадмын хуушуур, ундааг баталгаатай газраас авахыг албаныхан зөвлөлөө. Өнгөрсөн жилүүдэд ихэнх хүмүүс баталгаагүй газраас буюу ил задгай газраас хүнсний бүтээгдэхүүн худалдаж авах эсвэл хоол хүнсээ гэртээ буруу хадгалах зэргээс болж хоолны хордлого авсан байсан аж. Мөн хэт халуун тостой хуушуур идсэний дараа хүйтэн ундаа, айраг зэргийг уух нь хүний архаг хууч өвчнийг хөдөлгөдөг. Баярын үеэр мэдээж бие биеэ архиар шахахгүй байх, архигүй, осол гэмтэлгүй наадам болоосой гэж хүсч байна гэж албаныхан онцлов.

Наадмын талбайд яаралтай тусламжийн багууд тусгай тоног төхөөрөмж машинтай бэлэн байдалд ажиллана. Энэ жилийн наадмаар  олон хоног амрахаар байгаа. Тиймээс ямарваа нэгэн байдлаар эрүүл мэндийн эрсдэл гаргахгүй байх талаас нь анхаарахыг санууллаа. Учир нь арван хоногийн өмнө эрүүл мэндийн бүх байгууллагуудад ЭМЯ-ны сайдын уриалга гаргажээ. Энэхүү уриалгад болзошгүй эрсдэлээс хүүхдийг хамгаалах талаар дурджээ Сүүлийн үед эцэг эхийн хайхрамжгүй байдлаас болж хүүхдийн амь нас эрсдэж байгаа учраас эцэг эхчүүд хүүдэд тавих анхаарлаа чангатгах хэрэгтэй анхааруулсан байна. Өнгөрсөн долоо хоногт эцэг эх нь  найз нөхөдтэйгээ хөзөр тоглож байх үеэр хүүхэд нь гол руу ороод эндсэн  харамсалтай тохиолдол гарсан. Иймд  байгууллага, аж ахуйн нэгж, иргэн бүр  нийгмийн хариуцлагаа  ухамсарлан хараа хяналтаа эрс сайжруулан болзошгүй эрсдэлээс хүүхдүүдээ хамгаалан эрүүл аюулгүй орчин бүрдүүлэхийг уриалжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)