“Ийгл” телевизийн түүхийг бичилцсэн хүндтэй хоёр эрхэм

“Ийгл” телевизийн “Зочны цаг” нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт “Ийгл” телевизийн түүхийг бичилцсэн хүндтэй хоёр эрхэм оролцлоо. Манай телевизийн хөтлөгч сэтгүүлч Б.Жаргалмаа өчигдөр хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаасан байгаа. Мөн манай телевизийн хөтлөгч, тоймч Н.Баасандамба өнөөдөр Алтангадас одонгоор энгэрээ мялаасан юм.

-Та хоёртоо баяр хүргэе. Энэ шагналуудыг ярихаасаа өмнө дурсамжаа сэргээе. Б.Жаргалмаа “Харц” нэвтрүүлгийг хөтөлдөг байсан гээд багаасаа телевизийн салбартай холбогдсон байгаа.  

Б.Жаргалмаа: Өнөөдөр өөрийнхөө эфирт суугаад зочин болоод ярина гэдэг бол үнэхээр сонин байдаг юм байна. Сандраад байна. Юуны өмнө эфир үзэж байгаа нийт үзэгчдэдээ баяр наадмын баярын мэнд хүргэе. Та бүхэнтэйгээ наадам бүрээр хамтдаа байдаг нь телевизийн хөтлөгчдийн бахархал байдаг.

Телевизийн салбарт ороод 26 дахь жилдээ ажиллаж байна. Анх 10 дугаар ангиа төгсөөд Ургамал багшийнхаа саналаар Монголын үндэсний телевизэд цэнгээнт нэвтрүүлгийн хөтлөгчөөр шалгуулаад тэнцээд хөтлөгч болж байлаа. Тухайн үед цэнгээнт нэвтрүүлгийн хөтлөгч гэсэн орон тоо байхгүй байсан учраас туслах найруулагчаар ороод хамгийн анхан шатнаас нь телевизийн ажлыг эхэлсэн. Хальсаа барьж гүйгээд найруулагчдаа туслаад юу л хэрэгтэй байна тэр бүхнийг бэлдээд ассент найруулагчдаа яаж туслах уу гээд бүхий л ажлыг хийж эхэлсэн. Тэгээд хоёр жил ажиллаад ассент найруулагч болоод би пульт дээр суудаг эрхтэй болсон. Тэр үеийн мундаг найруулагчид болох Чойжамц, Нацагаа ах, Сосорбарам гуай нартай хамт явуулын станц, 600-гын студи, пульт дээр суугаад  ассент  найруулагчийн ажлыг хийж эхэлсэн. Телевизийн салбартай миний амьдралыг холбосон хүн бол Ургамал багш. Багш маань өнөөдөр байсан бол ямар их баярлаж байгаа бол гэж бодож байлаа. Ургамал багшийнхаа гэр бүл, үр хүүхэд, ээжид нь урт наслахыг ерөөе. Та бүхний хүүгийн надад зааж сургасан бүхэн өнөөдөр амжилттай яваа шүү гэж хэлэхийг хүсэж байна. Үнэхээр би азтай хүн. Телевизийн салбарт орж үзэгчидтэйгээ ойр байснаар өнөөдөр би инээгээд сууж байна. Төр засаг, хамт олон маань намайг үнэлээд өнөөдөр шагнал аваад сууж байгаадаа үнэхээр баяртай байна.

-Н.Баасандамба ахын хувьд анх Ийгл телевизэд орохдоо мастер контрол  дээр буюу эфирийн хяналт дээр ажиллаж байсан. Тэр үеийн дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Н.Баасандамба: О.Ариунтуул маань телевизийн түүх бичилцэж байгаа гээд  айхтар том үг хэллээ. Энэ үгийг сонсоход үнэхээр сүрдэж байна. Яагаад гэхээр бидний өмнө мундаг хүмүүс Ийгл телевизийн шанг татаж тэр хүмүүсийн гаргасан зам мөрөөр бид замнаж байгаа. Яагаад хүмүүсийн нэр хэлэхгүй байна гэхээр би хэн нэгнийг гээчхэж магадгүй гэж эмээж байгаа учраас нэр цохож чадахгүй байна. Маш олон хүн байдаг. Ийглийн анхдагч нар минь уучлаарай гэж хүсье. Та бүхний гаргасан энэ зам мөрөөр би одоо замнаж яваа учраас өдий зэрэгтэй Ийгл  телевизийнхээ эфирт зочин болоод байж ядаад сандраад яаж суух ч учраа олохгүй байна. Би нэг үгийг хэлэх дуртай. Би Ийгл телевизэд дурлаж орсон. Оюутан байхад Ийгл телевиз гарч ирээд барууны сэтгүүл зүйн стандартуудыг эфирт гаргадаг манай бүх багш нар Ийгл телевизийг жишээ болгож ярьдаг. Хичээл бүрд Ийгл телевизийг жишээ болгож ярихаар хүссэн хүсээгүй татагдаад байдаг юм байна. Оюутан байхдаа анх Ийгл телевизэд дадлага хийж байлаа. Төгсөөд манай талийгаач анд алдарт сэтгүүлч М.Батдорж, “MN” агентлагийн “Ярилцъя” хөтөлбөрийн редактор Х.Эрдэнэбулган бид гурав нэг анги байсан учраас гурвуулаа ер нь Ийглд л орно шүү гээд яваад очсон. Ийглд биднийг очиход одоо Монголбанкны хэвлэлийн албанд байгаа Оргил мэдээний албаны дарга нь байсан. Тэрээр нэг л сэтгүүлч авна гэхэд гурвуулаа ярилцсан. Гурвуулаа хоорондоо өрсөлдөх нь ч хаашаа юм. Тэр үед Булгаа маань сургуулиа улаан дипломтой төгссөн учраас сургуулийн захиргаанаас итгэл хүлээлгээд үлдэж багшаар ажиллаач гэдэг урилга өгсөн байсан. Булгаа багш нарынхаа итгэлийг яаж цааш нь түлхэх вэ дээ сургуульдаа багшлаад явья гэдэг сонголтоо хийсэн.  М.Батдорж  агсан бид хоёр тунаж үлдээд чи ямар ч байсан мэдээндээ ор би яаж ийш байгаад орчихвол дотроо сэлгэх арга чарга нь олдоно гээд аминдаа л тэр үед ухаан гаргаж байгаа нь тэр. Яагаад би техникийн албыг түшсэн бэ гэхээр манай ангийн анд Чойжилсүрэн тэр үед мастер контрол дээр байсан. Тэрээр чи ирээд над дээр суралцаад яв. Дотор нь орсон байгаа тохиолдолд хүссэн мэдээний алба руугаа очино шүү дээ гээд нэлээд итгэл найдвар төрүүлсэн. Тэгээд  Чойжоогоо бараадаад гарын шавь нь болоод эфирийн өрөөнд ажиллаж эхэлсэн. Анх эфирийн өрөөнд ороход сансрын хөлөг дотор орж байгаа юм шиг л олон гэрэл, чийдэнтэй , учир зүггүй их олон товчлуурууд, тэр бүх товчлуурууд нь янз бүрээр гэрэлтдэг гээд л үедээ л би энийг нь сурах юм болов уу даа гэж их айж, эмээж байсан ньтод санагдаж байна. Чойжоо, Мөөгий эгч маань байлаа. Тэр сайхан хүмүүсийн ач тусаар Ийглд орж  үлдсэн дээ.

-Б.Жаргалмаа: Баасандамбыг Ийгл ярьсан би бас яаж Ийглд орсноо яримаар байна. 1996 оны хоёрдугаар сард Ийгл телевизэд хөтлөгч авна гээд  шалгаруулалт явагдсан. Тухайн үед би Үндэсний телевизэд нэвтрүүлэгчээр шалгуулах юмсан гэж их боддог байсан. Гэхдээ би ассент найруулагч хийгээд хүүгээ гаргаад төрчихсөн байсан учраас ямар ч байсан очоод шалгуулъя гээд очсон. Тухайн үед би урт үстэй байсан. Тэд энэ бол барууны телевиз, барууны телевизийн төрөл жанрыг монголд суулгах эгж байгаа учраас урт үс бол албан биш байна. Үсээ тайраад ир гээд намайг дагуулж яваад Улаанбаатар зочид буудлын тэнд үсчинд очоод яг л ингэж халимаг болгож тайраад эргээд ирэхэд манай Америк захирлууд уулга алдаад бүгдээрээ “Яг мөн байна” гээд л. Тэгээд 1996 оны дөрөвдүгээр сарын 15-нд Ийгл телевизийн хамгийн анхны Монгол мэдээг эхэлсэн. Тэр үед бас л гоё имидж бүрдүүлж байсан. Соёлын яамны соёлын газрын даргаар ажиллаж байсан загвар өмсөгч Оргил, загвар  өмсөгч  Хосцэцэг  хоёроор анх дөрөвдүгээр сарын 15-ны мэдээг уншуулаад 16-ны өдөр “25 дугаар телевиз”-д сэтгүүлч байсан Баярхүү бид хоёр үндсэн хөтлөгчөөр мэдээ уншиж байсан. Үнэхээр Ийгл телевиз тэр үед шинэ өнгө төрхийг авчирч чадсан. Америкийн CNN Монголд ирлээ гээд. Тухайн үед цөөхөн хэдхэн сонин байсан. Үндэсний телевиз, Улаанбаатар телевиз, Ийгл телевиз байгуулагдаж байгаа нь тэр. Чөлөөт сувгийн анхны ардчилсан телевиз байгуулагдаж байсан. Хүн бүр өөрөөр харсан. Тэр үед суфлёр гэж байгаагүй. Үндэсний телевизийн хөтлөгчид төрийн, албаны хэмжээнд мэдээгээ уншдаг байсан бол нэг жижигхэн охин шулганаад мэдээ уншихаар сонин байсан байх. Би тэр үед 24 настай байсан. Хүмүүс гоё байна гэхийн хажуугаар Жаргалмаа тайван унш, хурдан яриад байна гэдэг. Өнөөдөр ч гэсэн би шулганаад байна гэж загнуулсаар л байгаа.

-Н.Баасандамба: Энэ чинь бидэнд Ийглийн өгсөн хэмнэл байхгүй юу. Байнга ингэж цаг хугацаатай уралдан шуурхай байсаар өөрийн мэдэлгүй л ийм болдог юм байна лээ.

-Гэхдээ Бааска ах харьцангуй тайван, буурьтай ярьдаг шүү?

-Н.Баасандамба: Уг нь дотроо бодог юм. За тайван шүү гэж байгаад байхгүй ээ нэг мэдэхэд л хурдалсан байдаг.

-Ийглтэй холбоотой гээд ярихаар амьдралын тань 20 гаран жил өнгөрсөн байна. Бааска ахын мастер контролоос сэтгүүлч болсон үе сонин байна?

-Б.Жаргалмаа: Тэр үед Бааска Ийглд дурлаад гээд надад дурлаж байсан уу? Тэр үед би чинь мэдээнийхээ гоё нь байлаа шүү дээ?

-Н.Баасандамба: Яаж дурлах вэ дээ. Тэр үед чинь эмээж байлаа шүү дээ. Тохойноос нь дээш харж чадахгүй байлаа.

-Б.Жаргалмаа: Тэр үед Бааскатай хамт ажиллаад тэрээр техникч техник дээр суудаг байсан. Эфир ямар нэгэн байдлаар алдаа гаргах юм бол шууд л загнана. Ер нь монголд хамгийн анх зургаан цаг тасралтгүй мэдээ явуулж байсан телевиз бол Ийгл телевиз байсан. Ийгл телевиз хаагдаад 2005 оны нэгдүгээр сарын 13-нд эфир эхлэхдээ зургаан цагийн мэдээг тасралтгүй шинэ шуурхай шударга гэсэн уриатайгаар эхэлж байсан.

-Н.Баасандамба: Ийгл телевиз 2002 онд тодорхой шалтгааны улмаас хаагдсан. Тэр чинь бас их адал явдалтай. Тооллого явж байна гээд техник хэрэгсэл дээр гурвалжин ногоон зүйл наагаад яваад байсан. Орой нь 12 цагт эфирээ дуусгаад гарах гэтэл явах болоогүй байж байгаарай гээд. Баахан хүмүүс гаднаас орж ирээд ногоон наалт наасныг зөөгөөрэй гээд баахан зөөлөө. Тэгсэн телевиз бараг хоосорч байна. Захирал орж ирээд “За одоо бид тодорхой хугацаанд үйл ажиллагаагаа зогсоох шаардлагатай болж байна. Ямар учраас гэдгээ хэлж болохгүй байна. Гэхдээ Ийгл эргээд нээгдэнэ гэдэгт би итгэлтэй байна” гээд Америк захирал хэлэхэд техникээ шинэчлэх гэж байгаа юм байна гэж бодсон. Бид шөнөжингөө юмаа зөөгөөд үүр цайлгасан. Манайхан өглөө 09.00 цагт юу ч болоогүй ажилдаа иртэл эфир нь хов хоосон байсан. Тухайн үед хөрөнгө оруулагчдын хооронд үл ойлголцол үүсээд техник хэрэгсэл нь Америкийн талдаа байсан. Түрээсийн байр нь Монгол талын хөрөнгө оруулагч дээр байсан юм билээ. Бид гурван сар сул зогссон. Тэгэхдээ бид сардаа хоёр удаа цуглаад цалингаа авдаг байлаа. Гурван сарын сүүлээр Америк захирал цалин өгөөд та нар өөрсдийнхөө зам мөрийг хөөж бай даа ажлын санал ирж байгаа бол битгий алдаарай гэсэн утгатай үг хэлэхэд нь байдал эвгүйтэж бид Ийглээс холдож байгаа юм байна гэдэг сэтгэгдэл төрсөн. Тэр үед хэцүү байсан. Бид гурван сар Ийгл хэзээ нээгдэх бол сайхан байна, амарч байна гэж яваад байсан хүмүүс шүү дээ. Тэр үед олон телевиз нээгдэж таарсан. ТВ 5, SBN нээгдэх гээд манайхныг баг багаар нь хувааж аваад ажлын байр бэлэн байсан. Гэхдээ бид Ийглдээ ажиллах хүсэлтэй байсан. Би яах учраа мэдэхгүй байтал ашгүй манай багш нар орон нутагт телевиз нээгдэх гэж байна чи нэг очооч гээд жил хагас тэнд ажилласан. 2004 оны сүүлээр манай инженерийн албаны дарга байсан Мөөгий эгч яриад Ийгл буцаж цуглаж байна чи ирэх үү гэхэд бараг хамгийн түрүүний шуудангийн унаагаар ирж байсан. 2005 оны нэгдүгээр сарын 15-нд 100 хувь Америкийн хөрөнгө оруулалттай гэхдээ мэдээний суваг болж эфир нээгдэж байсан. Би тэр үед мэдээний сэтгүүлч хийнэ гэдэг мөрөөдөлтэйгөөр мөн ч их гуйлаа. Чи эфирт байсан туршлагатай хүн дараагийн эфирийнхээ бэлдэх хэрэгтэй гээд дараа жилээс нь мэдээний албандаа орсон. Их л амар юм бодоод яваад орсон ёстой бэрх ажил гэдгийг эхний өдрөөсөө л мэдсэн шүү.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Жаргалмаа хурдан ярих гэж байна гэж ёстой л шулганаад эхэлдэг, дунд нь үг хаядаг, буруу хэлдэг. Маш их яарсан, сандарсан байдлаар ийнхүү ярьдаг гэдгээ мэддэг л юм байна. Мэддэг юм бол засч уг нь болно доо. Мөн, телевизийн камер өөр дээр нь туссан байхад л анхаарлаа төвлөрүүлсэн байдалтай байхын оронд студи дотроо нүд нь эргэлдээд ямар нэг юм хянаад, шалгаад байгаа юмуу гэсэн байдалтай нүд нь байнга ийш тийш гүйгээд байдаг. Үүнийгээ болих хэрэгтэй. Бас, ярилцаж байгаа хүндээ асуулт тавихдаа товч тодорхой бус, их тойруу замаар тавьдаг, асуултууд тэр бүр оновчтой бус, мөн нөгөө хүн хариулж дуусаагүй байхад тасалдаг, ярилцаж байгаа хүндээ анхаардаггүй, ухаан санаа нь дараа дараагийн асуулт руугаа явчихдаг юм шиг ийм байдалтай харагддаг. харин энэ цагаан малгайтай залуу бол болж байна аа, өөлөх юм байхгүй. Энэ цагаан малгайт чинь буян Жагаад шанаадуулдаг мөн билүү?

    2 0 Хариу бичих
  2. Eagle TV umnu ni uneheer mergejliin sain tv baisan, odoo neleen muudsan, setguulchidiinh ni beldej baigaa medeenii aguulga, tulga toirch jijgersen. Umnu ni uls orond tulgamdaj baigaa gol asuudliig hunddug baisan bol odoo hen munguu tulj zahialga ugsund ni uilchildeg bolson.

    0 0 Хариу бичих
    • Ийгл сайн сайн. Хаа очиж мэдээ хөтөлдөг, ярилцлага хийдэг залуус бүгд мэрэгжлийн маш өндөр түвшинд ур чадвар эзэмшсэн, туршлага, мэдлэг, арга барил сайтай шилдгийн шилдэгүүд гэхээр хүмүүс шүү. Харин, манай Жаргалмаа ур чадварын хувьд эднээсээ арай доогуур боловч маш олон жил энэ салбарт ажилласан гэсэн дээ эдэндээ нөмөр нөөлөг болоод явдаг байх. Хөдөлмөрийн гавьяаны одонгоор шагнуулах нь зүйн хэрэг.

      1 0