300 гаруй бөх бүртгүүлжээ

Тулгар төр байгуулагдсаны 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчин бөхийн барилдаанд барилдах бөхчүүдийн бүртгэл Спортын төв ордонд болж байна. Бөхчүүд өөрийн биеэр ирж бүртгүүлэх бөгөөд бүртгэл өнөөдөр дуусна. 

Улсын аварга, арслан, харцага зэрэг өндөр цолтой бөхчүүдээс хамгийн түрүүн улсын арслан Э.Оюунболд бүртгэлээ хийлгэжээ. Тэрбээр өчигдөр өглөө бүртгэлээ хийлгэсэн байна. 

Сүүлийн өдрүүдэд Бөхийн холбоо болон допинг хэрэглэсэн бөхчүүдийн маргаантай мэдээлэл гарсаар байгаа. Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг хасах хүсэлтийг дархан аварга Х.Баянмөнх тэргүүтэй Бөхийн холбооныхон гаргасан ч тийм асуудал байхгүй гэдгийг баяр наадмын комиссоос хэллээ. 

Улсын ахлах гарын даа Ё.Амарбаясгалан “Э.Оюунболд арслан хамгийн түрүүн бүртгүүлсэн. Спортын төв ордонд бөхчүүдийг бүртгэж байна. Одоогоор 300 гаруй бөх бүртгэлээ хийлгэжээ. Бүртгэл өнөөдөр орой болтол үргэлжилнэ” гэв. 

Бөхийн холбооны маргаан болон допингтой холбоотойгоор бөхчүүдийн дунд маргаан үүссэн хэвээр байгаа. Тэгвэл Үндэсний бөхийн холбооны дүрмийн дагуу допинг хэрэглэсэн бөхчүүдийг улсын наадамд барилдахгүй болохыг Баяр наадмын комиссоос гаргасан.

Боловсрол, шинжлэх ухаан спортын яам, Биеийн тамир, спортын газар, Монголын допингийн эсрэг үндэсний төвтэй хамтран “Допингийн эсрэг үндэсний хяналт” төслийн хүрээнд бөхчүүдээс тэмцээний үеийн болон гэнэтийн шинжилгээг авч байгаа билээ. Одоогоор 2017 онд авсан шинжилгээгээр таван бөх хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдсон бол он гараад мөн хоёр бөх нэмэгдээд байгаа. Эдгээр бөхүүдийн нэрийг олон нийтэд зарласан бөгөөд бөхийн холбооны дүрмийн дагуу улсын их баяр наадамд барилдахгүй юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. за одоо ч Хэрүүл эхлэнэ дээ мэдээж Бүртгүүлсэн 300н Бөхийг бүгдийн нь Барилдуулахгүй нь ойлгомжтой ингээд Допинг хэрэглэдэг хэрэглэдэггүйгээр нь Баянмөнх Батэрдэнийх Увс Халхаараа гээд 2 хуваагдаад ёстой Улаан хэрүүл Зодоон цохиондоо тулна биз дээ

    0 0 Хариу бичих