Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах чиглэлээр албан даалгавар гаргалаа

Засгийн газрын хуралдаан өчигдөр боллоо. Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт болон хүүхдийг аливаа осол, гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр Засгийн газар Албан даалгавар гаргалаа. Монгол Улсын Шадар сайд, бүх сайд, бүх шатны Засаг дарга, төрийн байгууллагад даалгаж, бүх шатны ИТХ, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын морин спорт уяачдын холбоонд зөвлөж, иргэд, аж ахуйн нэгж байгууллагад хандаж уриалга гаргасан Албан даалгаврын хэрэгжилтийг улирал бүр дүгнэж байхаар болов. 

2018 оны эхний хагас жилийн байдлаар золгүй тохиолдлоор 27 хүүхэд амь насаа алдаж, зам тээврийн ослын улмаас 304  хүүхэд гэмтэж,  4 хүүхэд нас барж, гэр бүлийн хүчирхийллийн улмаас 98 хүүхэд хохирч, 833 хүүхэд гэмт хэрэгт холбогдсон байна.

Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөр/2017-2021/ түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд хүүхдийн эсэн мэнд амьдрах, хөгжих сурч боловсрох хамгаалагдах, нийгмийн амьдралд оролцох үндсэн эрхийг хангах асуудлаар салбар бүрийн үүргийг тусгасан боловч зарим салбар яам, агентлаг, анхан шатанд хэрэгжилт хангалтгүй байна.

Иймд хүүхдийн эрхийг хамгаалах ,хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлыг иргэд, олон нийт, байгууллага, аж ахуйн нэгжид зохион байгуулах, хүүхдийг аливаа осол, гэмтлээс сэргийлэх, аюулгүй ажиллагааны стандарт, шаардлагыг мөрдүүлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг дээр дурдагдсан албан тушаалтнуудад Засгийн газрын албан даалгавраар  үүрэг болголоо.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)