Эдийн засгийн эрх мэдэл Ази руу шилжиж байна

Дэлхийн эдийн засгийн чадамж өмнөд бүс рүү шилжиж байна. Европын холбоо, АНУ зэрэг дэлхийн эдийн засгийг тодорхойлогч орнууд сүүлийн үед эдийн засгаа өсгөх биш, яаж энэ хэмжээнд нь тогтоон барья даа гэж толгойгоо гашилгах болов. Энэтхэг, Хятад улс барсын хүчээр өндийж ирсэн тул баранд залгиулж, луунд ороолгуулахгүйн тулд арсалдан тэмцэлдэх бус, амиа хоохойлохоос өөр арга үлдсэнгүй, тэдэнд. Эдийн засгийн потенциаль бөмбөрцгийн өмнөд хагаст шилжих үйл явц аль хэдийнэ эхэлжээ. Үүнийг технологийн хөгжлөөрөө өрнөдийн зэрэгт хүрэх гэсэн олон жилийн уйгагүй чармайлт нь үр дүнгээ өгч байна гэж ч хэлж болох юм. 

Хөгжлийн нэг хөшүүрэг нь техник технологи, нөгөө хөшүүрэг нь түүхий эд, байгалийн баялаг гэж үзэх юм бол хөгжиж буй гэсэн тодотголтой орнуудад дээрх хоёр хөшүүрэг хоёулаа бүрэлдэж эхэлсэн байна. Харин Европын орнууд, АНУ, Япон зэрэг орнуудад байгалийн баялаг алга. Шинжлэх ухаан технологийн хөгжил глобальчлагдаж, өндөр технологи хөгжиж буй орнуудад эрчимтэй нэвтэрч байгаагаас шалтгаалаад ирээдүйд эдийн засгийн гол хүчин зүйл нь байгалийн баялаг болж буй юм. Өндөр технологидоо дулдуйдан бусдаас түүхий эд авч боловсруулаад буцаан зардаг одоогийн хэв маяг үгүй болсноор байгалийн баялаггүй орнуудын эдийн засаг уналтад орж эхэлжээ. Өнөөдөр Энэтхэг, Вьетнам зэрэг урьд нь төдийлөн анхаарал татаж байгаагүй орнуудын эдийн засаг жилд 10 орчим хувиар өсч байгаа бол газрын тосны асар их нөөцтэй Бразил, нүүрс, үнэт металлын нөөц ихтэй Чили, Канад, Перу зэрэг орнууд хөрөнгийн биржийн гол тоглогчид болж, дэлхий нийтийн хэрэгцээний дийлэнхийг хангах юм. Манай улс ч эдгээр орны тоонд багтана.    


Улмаар мөнгийг эрх мэдэл дагадаг хуулиар ирээдүйд дэлхийн эдийн засагт АНУ, Япон биш Ойрхи Дорнод, Зүүн өмнөд Ази, Өмнөд Америкийн орнууд голлох үүрэгтэй оролцох болно. 
Дэлхийн эдийн засгийн газрын зураг 2050 онд хэрхэн өөрчлөгдөх талаар PwC байгууллага судалгаа хийжээ. Дэлхийн эргүүлэх эдийн засагтай орнуудын жагсаалтад чухал өөрчлөлт гарах он тус бүрээр гаргасан нь судалгааг сонирхолтой болгожээ.  

 2050 он хүртэл дэлхийн эдийн засагт тохиолдох үйл явдлыг PwC байгууллагын хийсэн судалгаагаар тоймлон үзүүлье.      

2024 он. Индонези БНСУ-ыг, Турк Испанийг гүйцэж түрүүлнэ.
2025 он. Герман Бразилд гүйцэгдэнэ. 
2031 он. Мексик Их Британийг гүйцнэ.
2044 он. Индонези Их Британийг гүйцнэ.
2045 он. Энэтхэг АНУ-ыг гүйцэж түрүүлснээр дэлхийн хоёр дахь эдийн засаг болно. Улмаар 2050 онд барианд БНХАУ, Энэтхэг, АНУ, Япон гэсэн дарааллаар орох ажээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)