ТЭМДЭГЛЭЛ: Тайваний анагаахын хөгжлөөс алхам алхмаар суралцъя

Сэрүүн салхи үе үе сэвэлзэж, шаргал наран таатай нь аргагүй ээсэн намрын ид сайхан цагт эх орноосоо гарсан бид чийглэг, бүгчим уур амьсгалтай улсад ирээд есөн сарыг үджээ. Унтаж, зүүрмэглэж, басхүү шинэ газар бүхнийг зам зууртаа үзэж, баясан сэргэж явсаар дөрвөн өдрийн урт аяллын дараа бид Тайваньд хөл тавьсан юм. Бид замын зардлаа хэмнэх үүднээс Улаанбаатар-Эрээн-Бээжин-Хонконг-Тайвань гэсэн маршрутаар унтлагын вагон-автобус-онгоц дамжиж явсан юм.

Нарийн гудамж, хаяа залган баригдсан хуучны байрууд, худалдааны гудамж, давчуу зам, углааш, шоорт, пудболкноос өөр гойд гоёлгүй, төв царайтай хүмүүс. Эхэндээ ер нь л Азийн бусад улсаас ялгарах гойд зүйлгүй шахуу юм бодож, нэг их амаа ангайж, нүдээ бүлтийлгэсэнгүй. Тийм зүйлийг нь ч олж харсангүй. Магад, халуун агаар нэвт төөнөж, хөлс хар аяндаа урсан сүүдэр газар, сэрүүн орчинд л шургаж, түүнд хоргодож явсных биз ээ.

Гэхдээ би буруу бодсон байлаа. Азийн бар орнуудын нэгд багтдаг Тайвань улсаас авах, суралцах зүйл хэчнээн их болохыг алхам бүртээ мэдэрч байна. Дэд бүтэц, хурдны зам, хот доторх метро, ухаалаг систем, мэдээллийн технологи, эмнэлгийн үйлчилгээ, боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжил гэх мэт. Тэрчлэн хүмүүсийнх нь хариуцлагатай, зарчимч байдал. Гудамж талбай бүрт хаа сайгүй хогийн сав байрлуулаагүй ч гудамжинд ил задгай хог хаясан нь үгүй. Тэр ч бүү хэл бусдын эд зүйлийг булаах, хулгайлах, хүний эрхэнд халдах, олон нийтийн газарт маргаан хэл ам хийж, бухимдах зэрэг нийгмийн стресс тун ховор үзэгдэл.

Хэдий хөгжил сайтай ч эх орныг минь яаж орлох билээ. Ямартаа л “Яаж ингэж хөгжсөн юм бэ. Судалж олоод мэдчих юмсан” гэсэн монгол хүний Монголоо хөгжүүлэх сэтгэхүйгээр орсон газар бүрээ сонирхож, хятад хэлтэй бол ч хүмүүсийнх нь “хэл амыг сугалмаар” санагдаж явсан үе цөөнгүй. Гадны жуулчид Монголд очоод “Ямар сайхан байгаль вэ...” хэмээн уулга алдан зураг дарж явахад монгол жуулчид “Энэ замаа яаж барьсан бэ...” хэмээн ам асууж явдаг гэх хошин яриа ч худлаа биш ээ. Сурсан мэдсэнээ эх орондоо хэрэгжүүлж, шинийг хийж бүтээх хүсэл хилийн чанадад ажиллан, амьдарч, суралцаж буй хүн бүрийн сэтгэл, зүрхэнд гэрэлтэж явдаг болов уу.

Саяхан /2018.05.18/ Тайвань дахь Монголын оюутан залуусыг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах үйл ажиллагаа боллоо. Би ч боломж олдсонд олзуурхаж, цагийн ажлаасаа чөлөө авч, замд гарлаа. Үйл ажиллагаа миний амьдардаг хотоос автобус, метро дамжин суугаад ойролцоогоор хоёр цаг явж хүрдэг Юанлинь /Yuanlin/ дүүрэгт болсон юм.  Тэр өдөр гадаа 33 хэмийн халуун байсан ч автозамын түгжрэл хийгээд метро хүлээх асуудал гардаггүй тул ямар ч дарамтгүйгээр товлосон цагт нь Юанлинь дүүргийн Юань Шен /Yuan Sheng/ эмнэлэгт ирлээ.

Эмнэлэгт очиход монгол эмэгтэй, эмнэлгийн ажилтнуудын хамт угтан авч, эмнэлгийн хуудас, хүн бүрийн нэрийг бичсэн мандатыг бидэнд өгч хаашаа явж, ямар шинжилгээ хэрхэн өгөх талаар мэдээлэл өгөв. Тэр өдөр 50 гаруй оюутан эрүүл мэндийн шинжилгээ өгөхөөр иржээ. Ихэвчлэн ойролцоо дүүрэг, хотуудад амьдардаг, ирээд удаагүй залуус байв. Биднийг FOLLOW ME гэсэн бичигтэй самбар барьсан эмнэлгийн тайвань ажилтан дагуулан явж, шинжилгээний өрөөнд хүргэж, үйлчилсэн юм. Эмч нар ч мэнд мэдэн, инээмсэглэн угтаж, цус, шээсний шинжилгээ авч, рентгенээр харж, дараа нь чих, хамар, хоолойн үзлэг хийлээ.

Зарим оюутныг дараагийн шатлалын эмчилгээнд шилжүүлсэн ба эмнэлгийн ажилтнууд тэдний боломжит цаг, өдрийг асуун, эмнэлэгт цаг авч, эмчийн өрөөг зааж өгч байлаа. Бүх мэдээлэл цахимжсан тул энд урт дараалалд зогсох, бухимдаж, маргалдах, будилж төөрөх явдал үнэндээ гарсангүй. Монголдоо төрийн байгууллагаар үйлчлүүлэх, эмнэлэг орж шинжилгээ өгнө гэхээс л толгойтой үс “босдог” байсан би анх удаа эмнэлгийн байгууллагаар маш тайван, хурдан шуурхай үйлчлүүлж буй нь энэ. Мэдээж манай улсад үйлчилгээ нь өндөр зэрэглэлд хөгжсөн сайн эмнэлэг, эмч нар бий. Бүгдийг үгүйсгэх гэсэнгүй. Харамсалтай нь, “бухимдал, дараалал” бүхий нийтлэг дүр зураг л ой тойнд минь үлджээ.  50 гаруй оюутны иж бүрэн шинжилгээ, үзлэг 09.00 цагт эхэлж, 12.00 цаг гэхэд өндөрлөв. Зарим нь цагаасаа хоцорсон хэдий ч үзлэг ердөө дөрвөн цагийн хооронд үргэлжилж, дууссан юм. Дараа нь, оюутнууд танилцан, хөгжөөнт тоглоом тоглож, Тайваньд хэрхэн аж төрж буйгаа хууч хөөрөлдөв.

...Оюутнууд сургуулийн болон Засгийн газрын тэтгэлгээр Тайваньд суралцана. Тэтгэлэг шалгуур өндөртэй буюу бүх дүн нь 85-аас дээш байх ёстой төдийгүй олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцож, сонин, сэтгүүлд эрдэм шинжилгээний ажил хэвлүүлсэн байх шаардлагыг давхар тавьдаг.

Тиймээс зарим оюутнууд дүнгийн голчдоо хүрэхгүй байх, илтгэл уралдаанд оролцож чадахгүйгээс тэтгэлгээ алдах тохиолдол нэлээд гарна. Тэрчлэн сургуулийн тэтгэлэг амьжиргааны зардалд нь хүрэлцэхгүй эс бөгөөс сурахынхаа хажуугаар ажил хийж, мөнгө олох хүсэлтэй оюутнууд зочид буудал, үйлдвэрт голчлон ажиллана. Ер нь л завгүй. Тайваньд суралцаж байгаа миний мэдэх оюутнууд ихэнх нь л ажиллаж, амьдралаа залгуулж байгаа харагддаг. Зарим нь бүр ар гэр рүүгээ мөнгө явуулж тэтгэнэ. Харин арай хөдөлгөөнтэй, сэргэлэн нэг нь монголчуудынхаа дунд бизнес хийчихнэ. Ажилд зуучилна, ачаа тээвэрлэнэ гэх мэт. Энэ тухай дараа өгүүлэх тул энд хүргээд гол сэдэв рүүгээ дахин оръё.

Энэ өдрийн хамгийн их хүлээлт үүсгэсэн зүйл бол яах аргагүй оюутнууд өөрсдөө бэлдэж, хуушуур хайрч идсэн явдал байлаа.  Махаа амталж, шим шүүсийг нь тааруулаад, элдэх нь элдэж, чимхэх нь чимхэж, эрвийх дэрвийхээрээ олон зуун хуушуур хийв. Эмнэлгийн тайвань ажилтнууд биднийг хуушуур хийж байх зуурт тал бүрт гарч зураг хөрөг дарж байснаас үзвэл сонирхлыг нь ихэд татав бололтой.

“Хуушуур ажиллагаа”-ны дараа Тайваний Олон улсын Эмнэлгийн холбоо өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулав.Тэд дэлхийн хэд хэдэн улс орон төдийгүй Монголын эмнэлэг, эмч нартай хамтран ажиллаж, нээлттэй ханддаг тухайгаа онцолсон юм. Дэлхий ертөнц ийнхүү нээлттэй байхад бид суралцах ёстой зүйлээсээ суралцах л ёстой. Хүлээн зөвшөөрнө гэдэг бол хамтдаа хөгжих боломж гэж боддог тул өчүүхэн би үзэг дэвтрээ нийлүүлсэн нь энэ. Нөгөөтэйгүүр энэ бол манай эмч нарт маш том боломж ч байж мэдэх.

Орчуулагч бүсгүй эрүүл мэндийн салбарын гүүр болсон түүх

Тайваний Олон улсын Эмнэлгийн холбоонд ажилладаг хоёр монгол эмэгтэй бий. Тэд дээрх үзлэг, үйл ажиллагааг зохион байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн төдийгүй Монгол, Тайваний эрүүл мэндийн салбар, эмч мэргэжилтнүүдийг холбох гол гүүр болж ажилладаг аж. Тэдний хамтын ажиллагааны түүх дөрвөн жилийн өмнөөс эхэлжээ.

Хятад хэлний орчуулагчаар ажиллаж байсан Г.Болор дөрвөн жилийн өмнө Тайюуаны нисэх онгоцны буудал дээр Тайваний эм зүйч Чен Шенг Мингтэй таарчээ. Тэр үед Чен Шенг Минг Монгол руу эмийн судалгааны ажлаар явж байж. Түүнийг Монголд ажиллах үед эмийн сангууд ямар ч хяналтгүй, дураараа эм олгодогоос гадна эм нь ямар ч баталгаа, стандартгүй байсан тухай тэрээр гайхан өгүүлж байлаа. Эндээс л Монголын эрүүл мэндийн салбарыг өөрчлөхөд хувь нэмэр оруулах санаа төрж, Тайваний томоохон эмнэлгүүдэд санал тавьж эхэлсэн байна. Энэ ажлыг нь Тайваний Олон улсын Эмнэлгийн холбоо дэмжиж, хамтын ажиллагаагаа эхлүүлсэн аж. Үүний зэрэгцээ Чен Монгол Улсын Эрүүл мэндийн яам руу захидал бичиж, эмч мэргэжилтнүүдийг сургах чиглэлээр зарим эмнэлгүүдтэй холбоо тогтоожээ.

Өдгөө Г.Болор, Чен нарын санаачилсан ажил Монголын эрүүл мэндийн салбарт амжилттай хэрэгжиж байна. Тэд Монголоос эмч нарыг урьж, Тайваний эмнэлгүүдтэй холбон дөрвөн ч удаагийн сургалт, арга хэмжээг зохион байгуулжээ. Мөн хүнд өвчтнүүдийг тохирох эмнэлэгтэй нь холбон, орчуулгын үйлчилгээг үнэ төлбөргүй хийж тусалдаг байна.

Г.Болор энэ тухай “Би эмнэлгүүдээс цалинждаг учраас монголчуудаасаа ямар нэгэн хөлс мөнгө авдаггүй. Тэгэх шаардлага надад байхгүй. Нэгэнт Тайваний эмнэлгүүд, эмч нар Монголын ард иргэд, эмч нарт туслахад бэлэн байгаа цагт би ч бас чадах зүйлээрээ туслахад таатай байдаг. Манай улсаас зорьж ирсэн өвчтнүүд болон эмч нар Тайваний Цэргийн Ерөнхий Эмнэлэгт ихэвчлэн ирдэг. Цэргийн Ерөнхий эмнэлэг бол Тайваньдаа сургалтын бааз, эмчилгээ, үйлчилгээ, шинэ технологиороо алдартай. Эмч нарын сургалт үнэгүй явагддаг. Эмч нар болон өвчтнүүд их сэтгэл хангалуун буцдаг. Тэд Монголын төдийгүй өөр олон улсын эмнэлгүүдтэй хамтран ажилладаг. Хамтран ажиллах хугацаандаа тайвань эмч нар үнэхээр хүний төлөө ажилладаг юм байна гэдгийг мэдэрсэн” гэж ярив. Эмч хүн бүр л мэдээж өвчтнөө эдгээх, эрүүл болгохын төлөө ажилладаг. Гэвч сайн багажгүй “махан гар”-аараа техник, технологи хурдацтай хөгжиж буй энэ үед бид юу хийж чадах билээ. Тиймээс л дэлхий дахины эрүүл мэндийн салбарын хөгжлийг судалж, шинэ нээлт, туршлагаас цаг алдалгүй суралцан, инновацийг нутагшуулах ажилд анхаарлаа хандуулах учиртай.

Оюутнуудын үзлэгт хамрагддаг өдөртэй давхцан Монголын Гэмтэл согог, судлалын үндэсний төв, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн эмч, удирдлагууд Тайваний Ахмад дайчдын эмнэлэг, Тайпей хотын Цэргийн Ерөнхий эмнэлэг, Юанлинь дүүргийн /Yuanlin/Yuan rung, Yuan Sheng/ эмнэлгүүдээр орж, туршлага судлахын сацуу цахим мэдээллийн сангийн программтай танилцсан байна. Тэд өөрсдөө Тайваний Олон улсын Эмнэлгийн холбоонд хүсэлт гаргаж, ийнхүү туршлага судлаад буцжээ.

Ухаалаг үйлчилгээ ба эмнэлгийн цахим технологи

Манай улсын эмнэлгүүд цахим мэдээллийн сантай болох төсөлд хамрагдаж, эхнээсээ цахимжсан. Энэхүү цахим мэдээллийн санг хэрхэн хөгжүүлсэн тухай Юань Рөн /Yuan Rung/ эмнэлгийн дарга Ко Шин Чанаас асуухад тэрээр “Тайвань улс бол дэлхийд жишиг болсон мэдээллийн технологийн суурь улс. Энэ бааз сууриа ашиглаж мэдээллийн санг нэвтрүүлсэн учраас цаг хугацаа нэг их шаардаагүй” гэж хариулсан юм. Цахим мэдээллийн сантай болсноор тэд урт дараалал, эмчийн ачаалал болоод эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ, өвчтний түүхийн мэдээлэл зэрэг бүхий л асуудлаа цогцоор нь шийдэж чаджээ.

Басхүү эрүүл мэндийн даатгалын ухаалаг карт ашигладаг тул оношийн дагуу эмчид үзүүлж, цахим системд уншуулахад л хэдэн төгрөгийн эм, хаанаас авах, хэрхэн хөнгөлөлт эдлэх эсэх нь тодорхой гарч ирдэг байна. Хөнгөн эмчилгээтэй бол үзүүлэх дугаар авахдаа л үнэ төлдөг ажээ. Мөн эрүүл мэндийн даатгалын сангаас үнэ төлбөргүй эсвэл хөнгөлөлттэй үйлчлэх эсэхийг цахим мэдээллийн санд үндэслэн шийддэг ажээ. Ер нь өндөр хөгжилтэй улс орон бүр л ийм байдаг биз ээ.

Эмнэлгийн давхар бүрт шар буйдан дээр үйлчлүүлэгч, өвчтнүүд тухлан сууж, зурагт үзнэ. Цахим самбарт өвчтний дугаар, дарааллыг дуудаж, дуудсан цонхонд очин мэргэжилтнээс зөвлөгөө авч, хаашаа хэн дээр очихоо төвөггүй мэдчихнэ. Үйлчүүлэгчид тун тайван, нөхөрсөг байгаагаас үзвэл тэд эмнэлгийн үйлчилгээнд сэтгэл хангалуун гэдэг нь илт.  Өөр нэг зүйл гэвэл, Тайваний Олон улсын Эмнэлгийн холбоонд харъяалалтай эмнэлгийн ажилтнууд шар хувцсаар жигдэрчээ. Энэ нь үйлчлүүлэгчдэд халуун дулаан уур амьсгал мэдрүүлэхийн зэрэгцээ тэднийг үр хүүхэд шиг нь асарч, халамжлах санааг илэрхийлдэг байна. Ийм санааг илтгэж шар өнгийг сонгосон гэдгээ Ко дарга тайлбарлалаа. Энэ мэт үйлчилгээний соёлоос суралцах зүйл их.

Мөн тус улсын эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд нөлөөлсөн гол хүчин зүйл нь эмчийн үнэлгээ гэнэ. Өнөөдөр Тайваньд эмчийн мэргэжил нэгдүгээрт эрэмбэлэгддэг төдийгүй эмч болсон хүн насан туршдаа баталгаатай, бахархалтай амьдарч чаддаг байна. “Эрүүл мэнд гол салбар гэдгийг төр засаг гойд анхаарч, эмчээ үнэлж цалинг нь жирийн ажилтны дунджаас тав дахин илүү тогтоож өгсөн нь хөгжлийн гол түлхүүр байсан” гэдгийг 29 жил ажилласан Ко Шин Чанг эмч онцолж байв.

Манай улсад яригдаж байгаа шиг асуудлууд Тайваньд 23 жилийн өмнө сөхөгдөж байжээ. Тухайн үед Тайваний Засгийн газар Эрүүл мэндийн яам, Нийгмийн Эрүүл мэндийн яамаараа дамжуулж бүх нийтэд эрүүл мэндийн боловсрол олгоход анхаарахын зэрэгцээ зөвхөн эрүүл мэндийн даатгалын санд 6.5 хувийг нь зориулан төсөвлөж, хуульчилсан байна. Харин өдгөө бүх иргэдийн 99 хувь нь эрүүл мэндийн даатгалд хамрагдаж, эмнэлгийн үйлчилгээг хүртээмжтэй авч чаддаг болжээ.

Мэдээж, технологийн дэвшлийг бид хүссэн ч, эс хүссэн ч нийгмийн шаардлага, цаг үеийн эрэлтээр нутагшуулж л таарна. Энэ бол цаг хугацааны асуудал. Гэхдээ яг хэзээ? Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэх цаг эрүүл мэндийн салбарт ус агаар шиг л хэрэгтэй байна. Манайд олон мундаг IT инженер бий. Дорвитой ажил хэрэг болгож, цахим төслөө далайцтай хөдөлгөөд, мэдээллээ бүрэн цахимжуулчихвал эрүүл мэндийн салбарын томоохон асуудал шийдэгдэх нь дамжиггүй.

Тухтай орчин, цахим технологи, ухаалаг үйлчилгээ, эмчийн цалин, хангамж энэ бүхэн өөрийн гэсэн өртөг шаардана. Тэр өртөг нь магадгүй хийх хүслийг нь гацаагаад дөнгөлчихсөн байж мэдэх. Гэхдээ яагаад хүнтэй, иргэнтэй, ялангуяа хүнд өвчтөнтэй харьцдаг эрүүл мэндийн салбар улсын төсвийн гадна “гуйланчлан” үлддэг юм бэ. Ийм бодол үе үе төрж, цагаан атаархал төрж байхад насаараа ажиллаж буй эмч нар маань тэмцэлд босохоос ч өөр яалтай.

Эмнэлэгт зочилсон, үйлчлүүлсэн сэтгэгдлээс өчүүхэн хэсгийг нь хуваалцахад ийм байна. Дараагийн удаа Тайваний эмнэлгүүдийн дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, инновацийн хөгжлийн талаар сонирхолтой мэдээлэл хүргэх болно.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. Sain baina uu Bolor gej huntei herhen holbogdoh ve?

    0 0 Хариу бичих
  2. Holbogdoh dugaar bn uu

    0 0 Хариу бичих
  3. Сайн байна уу? Монгол оюутнууд Тайбэй анагаах ухааний их сургуульд тэтгэлэгээр хэрхэн хамрагдах вэ?.Мэдээлэл өгөөч.

    7 0 Хариу бичих
  4. Тайваны иргэд хэр хэмжээний мөнгө эрүүл мэндийн даатгалдаа төлдөг юм бол мэдэх боломжтой юу?

    0 0 Хариу бичих
    • улирал тутамд 4000NT төлдөг байхаа NT монгол төгрөгөөр 80тай тэнцдэг. Тэгээд хөнгөлөлт нь бараг 90 хувь

      0 0