“Сити” их сургууль хөдөлмөрийн яармаг зохион байгууллаа

Европын холбооны “ERASMUS+” хөтөлбөрийн “HUB4GROWTH”  буюу их сургууль бизнесийн байгууллагын хамтын ажиллагааг идэвхжүүлэх төслийн хүрээнд “Их сургуулийн оюутан, төгсөгчдийн ажил эрхлэлт ба ажил мэргэжлийн чиг баримжаа олгох  “Практик арга” сэдэвт хөдөлмөрийн яармагийг “Сити” их сургууль зохион байгуулж байна. “Сити” их сургууль энэхүү төслийг 2016 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа юм. Энэ төсөл оюутан, төгсөгчдөд ажилд ороход, эсвэл өөрийн бизнесээ эхлэхэд дэмжих чиглэлээр аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах, ажил горилогчдод тавигддаг шаардлагатай мэдлэг, чадвар болон дадлын талаар нягт хамтран ажиллаж, санал бодлоо солилцох, хүлээн авсан шаардлагуудыг төгсөгчдөд эзэмшүүлэх зорилготой.

Хөдөлмөрийн яармагаар уригдан ирсэн аж ахуйн нэгжүүд, компаниуд оюутан, төгсөгчидтэй уулзаж, ажлын байрны боломжуудын талаар мэдээлэл өгсөн юм. Мөн өөрсдийн хэвлэмэл мэдээлэл, товхимол тараан өөрсдийн үйл ажиллагааг сурталчлан танилцууллаа.

Төслийн хүрээнд “Сити” их сургууль дээр сургууль, аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааны төв байгуулагдсан бөгөөд төрийн болон хувийн аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтын ажиллагаа тогтоодог гүүр болж байгааг сургуулийнхан онцоллоо. Энэ төвийн зорилго нь оюутан, төгсөгчдөдөө ажлын байранд горилохоос эхлээд хөдөлмөрлөх эсвэл өөрийн бизнес эрхлэх ур чадвар, мэдлэг, дадлага суулгах, дэмжих, өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн зах зээл дээр өөрийн байр суурьтай болоход нь туслах явдал юм. Тиймдээ ч төсөл хэрэгжиж эхэлснээс хойш чамгүй үр дүн өгөөд байгааг төслийн багийнхан дуулгасан юм.

- Төгсөгчид ажлын байр, хөдөлмөрийн зах зээл дээр бүрэн бэлтгэгдэх вэ-

Төслийг хариуцан ажиллаж байгаа “Сити”  их сургуулийн Гадаад харилцааны албаны дарга Ц.Ганбатаас зарим зүйлсийг тодрууллаа

-“HUB4GROWTH”  төслийн талаар сонирхуулахгүй юу?

“Өнөөдрийн манай үйл ажиллагаа “HUB4GROWTH”  гэх төслөөр хэрэгжиж байна. Энэ төсөл бол “ERASMUS+” гэх Европын холбооноос санхүүждэг хөтөлбөрийн хүрээнд хэрэгждэг. Энэ төслийн зорилго бол манай сургуулийн оюутнууд болоод төгсөгчдөд ажлын байр, хөдөлмөрийн зах зээл дээр бүрэн бэлтгэгдэх нөхцөлийг хэрхэн бий болгох вэ гэдэг дээр хамтарч ажиллаж байгаа. Европын дөрвөн улсаас, Азийн дөрвөн улсаас их дээд сургуулиуд нийлж хэрэгжүүлдэг төсөл. Энэ төслийн хүрээнд бид оюутнууд ажлын байранд яаж хүсэлтээ гаргах уу, яаж ярилцлага өгөх үү, ямар ур чадварыг хангасан байх ёстой вэ гэдэг дээр тусалж дэмжлэг үзүүлэх  юм. Монгол Улсад энэхүү төслийг “Сити” их сургууль, Анагаах ухааны их сургууль хамтарч хэрэгжүүлдэг. Энэ төсөл 2016 оноос эхэлж хэрэгжсэн. Онцлог нь улс улсад  ээлжилж зохион байгуулдаг хурлаараа яг ямар асуудлууд тулгамдаж байна, үүнийг яаж шийдэх үү, нийтлэг зүйл, онцлог юу байна гэдэг дээр хамтарч ажилладаг.

-Сити их сургууль төсөл хэрэгжүүлснээр ямар үр дүнд хүрч байгаа вэ?

-Бизнесийн байгууллагуудтай хамтын ажиллагааны хүрээгээ тэлсэн. Ингэснээр манай төгсөгчдийг ажилд авах бизнесийн байгууллагуудын тоо нэмэгдсэн. Тэр хэмжээгээрээ шаардлагад нийцсэн, чанартай оюутныг бид бэлдэж байгаа.

-Танай сургуулийн төгсөгчдийн хэчнээн хувь нь ажлын байраар хангагдаж чаддаг вэ?

-Төгссөн оюутнуудын ажил эрхлэлт бол сайн. Манай сургуультай хамтарч ажилладаг байгууллагууд оюутнуудыг маань их сонирхон ажлын байрны захиалгаа өгдөг.

-Олон улсын төсөлд орж байгаагийн давуу тал нь юу вэ?

-Францын их сургуультай хамтарч 100 хувийн тэтгэлгээр оюутан солилцоог хэрэгжүүлдэг.  Манай сургуулийг дэмжин олон улсын байгууллагаас санхүүжилт өгч байна. Мөн хамтын ажиллагааны хүрээнд сургуулийн хоёр багш дадлагаар Франц руу явах гэж байна. Япон Солонгос руу оюутан солилцоогоор явуулдаг гээд олон давуу талууд бий.

-Их сургуулиа төгсөн ажлын байранд очиж байгаа боловсон хүчин хөрвөх, ачаалал даах, цаг барих гэсэн үндсэн чадваруудтай байх ёстой-

Их Британий  “Лондон  Метрополитан” их сургуулийн профессор, төслийн кординатор,  Жон Габриэлтэй цөөн хором ярилцлаа.

-Өнөөдөр зохион байгуулж байгаа хөдөлмөрийн яармагийн талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Энэ бол маш чухал үйл ажиллагаа. Европын орнууд болон Англид хөдөлмөрийн зах зээлийн эрэлт харилцан адилгүй байдаг. Вьетнам, Камбож, Монгол зэрэг орнуудад ажлын байрыг яаж олгох тал дээр ажиглалт, судалгааг хийж ажиллаж байгаа. Эдгээр орнуудад ажлын байрнаасаа шалтгаалаад тоо нь харилцан адилгүй байдаг.

-Монголд төгсөж гарсан оюутнууд ажлын байранд гарахад дутагдалтай болон давуу тал нь юу байгаа бол?

-Судалгааны явцад ганцхан оронд чиглэсэн гэхгүйгээр олон оронд түгээмэл байдаг зүйлийг онцолмоор байна. Би энд тийм ч олон оюутнуудтай уулзаж судалгаа хийгээгүй болохоор ганц Монголд гэж авч үзэлгүйгээр  нийтэд ажиглагдсан зүйлийг хэлье. Их, дээд сургууль төгсөж байгаа оюутан ажлын байртай болоход нэн тэргүүнд тавигдах шаардлага бол нэгдүгээрт уян хатан байдал, аливаа юманд дасан зохицох буюу хөрвөх чадвар. Хоёрдугаарт ачаалал даах чадвар. Гуравдугаарт цаг барих гэсэн үндсэн чадвартай байх ёстой. Ямар ч мэргэжлээр төгсөөд гарсан цаашдаа компанидаа ороод ахиж дэвших боломжийг энэ чадварууд л олгодог.

Профессор Жон Габриэлтэй өөрөө нийгмийн ухааны салбарт багшилдаг бөгөөд оюутнуудыг сайн дурын ажил, нийгэмд чиглэсэн арга хэмжээнд идэвхтэй оролцох хэрэгтэйг мөн санууллаа.

 “Сити” их сургуулийн Эрх зүйн ангийн нэгдүгээр курсийн  оюутан Н.Тэмүүлэнтэй ярилцлаа.

-Төсөл хэрэгжсэнээр оюутнуудад ямар давуу тал, боломжууд нээгдэж байгаа вэ?

-Энэ төсөл хэрэгжсэнээр оюутнуудад маш их давуу тал үүсэж байгаа. Миний хувьд нэгдүгээр курсийн оюутан болохоор энэ жилдээ төрийн онол, бүх суурь мэдлэгээ эзэмшиж,  харин хоёрдугаар курсээсээ шууд Францад очиж сурна.  Франц болон Монгол Улсын хууль хоорондоо төстэй байдаг учир олон улсын хуулийг Монголтойгоо харьцуулах боломж бүрдэнэ. Ингэснээр надад олон улсын эрх зүйч болоход илүү дөхөм санагдсан. Манайд эрх зүйчид олон байдаг ч гадаад хэлтэй олон улсын эрх зүйч ховор. Тийм ч учраас энэ боломжийг ашиглаад олон улсын эрх зүйч болсноор Монголдоо хэрэгтэй өндөр мэдлэгтэй боловсон хүчин болно гэдэгт итгэлтэй байгаа.

-Төгсөж байгаа оюутан ажилд орохын тулд хэрхэн “CV”-гээ хэрхэн бөглөх, ажил олгогчтойгоо яаж харьцах, хэрхэн мэргэжлээсээ гадна биеэ даах, хөрвөх чадвартай болох вэ гээд олон асуудалтай тулгардаг байх?

-Оюутнууд дөрөв жил сурсан ч бусадтай харилцах чадвар, багаар ажиллах чадвар муу байдаг. Ажлын байран дээр гараад дээд албан тушаалын хүнтэйгээ болон олон нийттэй хэрхэн харьцаж байна, багаар ажиллах чадвартай юу, цаг баримталж чаддаг уу гэхчилэн хувь хүний хөгжил тал дээр илүү их авч үздэг. Энэ төслийн давуу тал гэвэл багш нар болон олон хүүхдүүдтэй харьцах чадварыг нэгдүгээр курсээсээ олж авдаг. Мөн манай сургууль дээр Монголд үйл ажиллагаа явуулж байгаа томоохон байгууллага, аж ахуйн нэгжүүдийн албан тушаалтнууд хоёр долоо хоног тутам ирж ярилцлага өрнүүлдэг болохоор тэднээс их зүйлийг сурч, мэдэж авч байгаа. Энэхүү төсөлд хамрагдсанаар их сургуулиа төгсөхдөө өөрийнхөө тодорхойлолтыг яаж гарган, ажлын байрны ярилцлагад орж, баг хамт олонтойгоо харилцах вэ гэдэгт санаа зовохгүй болж байгаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. thdee ene jilin hutulburt zuvhun Citi deed surguulin bagsh oyutnuud hamragdah estoi gdg n uchir dtagdaltai bn, ygd uur surguuliin humuusig hamruulj bolku gj!

    0 0 Хариу бичих
  2. bayr hurgey

    0 0 Хариу бичих
  3. Wow mundag bainaa

    0 0 Хариу бичих