АНУ-ын Хилийн ажилчид хууль бусаар хил нэвтэрсэн эмэгтэйд гаргасан зүй бус үйлдийн талаар CNN мэдээлсэн нь шуугиан тариад байна. Цагаач эмэгтэй хүүхдээ хөхүүлж байхад нь Хилийн албаны ажилтнууд хүүхдийг хүчээр булаан авсан бөгөөд эмэгтэйг эсэргүүцэхэд гавлан баривчилсан байна. Энэ үйлдлийг цагаач эмэгтэйн өмгөөлөгч хэвлэлийнхэнд мэдэгджээ. Энэ долоо хоногт АНУ-ын хилээр хууль бусаар нэвтэрсэн цагаачид, тэдний хүүхдүүдийн эрхийг зөрчиж буй Америкийн хилийн албаны ажилчдын зүй бус үйлдэл дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байгаа юм.

Америкийн зохиолч, хүний эрхийн төлөө тэмцэгч Каз Вэйда өөрийн твиттер хуудаснаа баривчлагдсан цагаач эмэгтэй болон хүүхдэд нь зүй бусаар хандсан Хилийн албаны ажилтнуудын талаар жиргэж олны анхааралд оруулжээ. Каз Вэйда “Хүүхэд бүр эхийнхээ сүүгээр тэжээгддэггүй ч бас бүгд шилтэй сүүгээр угжуулдаггүй. Хөхүүл хүүхдүүдийг эхээс нь хүчээр салгачихаад тэднийг юугаар хооллох гэсэн юм бол. Хөхний сүү орлуулагч бүтээгдэхүүн хүүхдэд хангалттай уураг, шим тэжээл өгч чадахгүй шүү дээ” хэмээн жиргэжээ. Мөн цааш нь “Хоёрдугаарт, хөхөөр хооллохыг гэнэт зогсоох үед ээжийн биед юу тохиолддог тухай ярих хэрэгтэй. Энэ нь эхийн сүүний сувгийг хааж, улмаар буглаа үүсгэж болзошгүй байдалд хүргэдэг. Энэ нь ихэвчлэн антибиотикын эмчилгээтэй хавдарт өвчин үүсэх шалтгаан болдог. Бид хүүхэд, эхчүүдийн амь насанд аюул учруулж байна” гэжээ.

Ерөнхийлөгч Трампын захиргаа “Майхант хотхон” буюу цагаачдыг түр байрлуулах жижиг хотхон байгуулж буй тухай "McClatchy" сайтын мэдээнээс ердөө ганцхан хоногийн дараа гэр бүлээсээ тусгаарлагдсан хэдэн мянган цагаач хүүхдийг Хилийн албаныхан баривчилсан мэдээ цацагдсан.

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын газрын нарийн бичгийн дарга Кристен Ниелсон цагаачидтай тэмцэх “Zero Tolerance” бодлогын хүрээнд 500 гаруй цагаач хүүхэд эцэг эхээсээ тусгаарлагдан хоригдож буй талаар мэдэгдэв. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Засгийн газраас хууль бусаар хил нэвтэрсэн цагаач иргэдийн хүүхдүүдийг эцэг эхээс нь тусгаарласан тухайгаа мэдэгдэхдээ тэд бүгд нялх хүүхэд биш гэж мэдэгдсэн. Гэхдээ нялх буюу хөхүүл, нярай хүүхдүүдийг ч эцэг эхээс нь салгаж тусад нь байлгаж буй тохиолдол байгааг нуугаагүй юм.

Дэлхийн өнцөг булан бүрт буй хүний эрхийн төлөө тэмцэгчид, ийм төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд АНУ-ын Хилийн албаны ажилчид, “Zero Tolerance” бодлогo нь хүний эрхийг, нэн ялангуяа хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж байгааг анхааруулсаар байгаа билээ.