АНУ БНСУ-тай хийдэг цэргийн сургуулилалтаа зогсооно

Доналд Трамп, Ким Жон Ун нар уулзалтын үр дүнд Умард Солонгосыг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулахын тулд хамтран ажиллахаар тохиролцсон. Гэвч баримт бичигт гарын үсэг зурсан ч чухам хэзээ, ямар байдлаар цөмийн зэвсгээсээ татгалзах тухай нарийн заалтуудыг баримт бичигт тусгаж өгөөгүй нь алдаатай зүйл болсон гэж үзэж байна. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео уулзалтын дараа БНСУ-д айлчлах үеэрээ хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Тэрээр “Умард Солонгосыг 2.5 жилийн дараа буюу 2020 оны сүүл гэхэд цөмийн зэвсгээсээ бүрэн ангижирсан байна гэдэгт найдаж байна” хэмээн ярьжээ. Мөн Умард Солонгосыг цөмийн зэвсэггүй улс болтол АНУ-аас тус улсад тавьсан хоригуудыг цуцлахгүй, хэвээр үлдээх болно гэдгийг мэдэгдсэн байна.

Өөр нэгэн анхаарал татаж байгаа зүйл бол Доналд Трамп Сингапураас Вашингтон руу буцсаныхаа дараа “Умард Солонгос цөмийн зэвсгийн аюулгүй болсон” гэж зарласан явдал юм.

Албан ажлаа твиттер хуудсаараа явуулдгаараа алдартай тэрээр “Намайг анх Ерөнхийлөгчийн албыг хашиж эхэлсэнтэй харьцуулахад өнөөдөр нөхцөл байдал огт өөр болжээ. Бид Умардын цөмийн зэвсгээс айх аюулгүй боллоо. Ким Жон Ун цөмийн зэвсгийн туршилтын талбайгаа устгасан. Үлдсэн цөмийн зэвсгүүдээ удахгүй устгана гэж амласан. Түүнтэй хийсэн уулзалт маш сонирхолтой, маш эерэг үр дүнтэй боллоо. Умардын ирээдүй гэгээлэг харагдаж байна!” гэж твиттертээ бичжээ.

Мөн тэрээр уулзалтын төгсгөлд БНСУ-тай хийдэг уламжлалт цэргийн сургуулилалтыг зогсоож буйгаа мэдэгдсэн нь холбоотон улсуудад гэнэтийн мэдээ боллоо.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)