“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын V бага хурал болж байна

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын тухай “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын V бага хурал өнөөдөр нээлтээ хийлээ. Уг хуралд АНУ, БНХАУ, БНЭУ, БНСУ, БНАСАУ, БНФУ, ОХУ, ХБНГУ, Япон зэрэг улс орны мэргэжилтэн, судлаачид болон НҮБ, Олон улсын Улаан загалмайн нийгэмлэг, Европын холбоо, Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага АПЕК)зэрэг олон улсын байгууллагын 150 гаруй төлөөлөгч оролцож байна.

Бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, хамтын ажиллагаа, итгэлцлийг бататгах зорилгоор "Улаанбаатарын яриа хэлэлцээ" олон улсын бага хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар тав дахь удаагаа зохион байгуулж байгаа нь энэ юм. Энэ удаагийн хурал нь АНУ болон Хойд Солонгосын төрийн тэргүүн нарын уулзалтын дараа болж буйгаараа онцлог. Уулзалтын үеэр аюулгүй байдлаас гадна бүс нутгийн эдийн засаг, хүмүүнлэг, байгаль экологийн хамтын ажиллагааны асуудлыг ярилцахаар төлөвлөжээ. Түүнчлэн Японы хэвлэлүүдэд мэдээлснээр тус улсын төлөөлөгчид Хойд Солонгосын талтай хоёр талын яриа хэлэлцээг хурлын үеэр зохион байгуулахаар төлөвлөсөн аж.  Энэ удаагийн хуралдаанаар 2025 он хүртэлх бүс нутгийн аюулгүй байдлын орчны тухай төсөөлөл, хэтийн төлөв, сорилт ба боломжийг тодорхойлох, эрчим хүч, байгаль орчин, хүмүүнлэгийн салбарын өнөөгийн байдал, хамтын ажиллагааны боломжийн талаар хэлэлцэж байна.

Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатар “Зүүн Хойд Азийн асуудлаархи "Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлыг нээж хэлсэн  үгэндээ "Зүүн Хойд Азид Солонгосын хойгийн асуудлаар зургаан талт хэлэлцээ зогссон байх үед “Улаанбаатарын яриа” хурлыг санаачилж, 2014 онд эхлүүлж, өнөөдөр тав дахь удаагаа болж байна. Энэ бол Монгол Улс өөрийн бүс нутагт аюулгүй байдлыг хангахад дипломат ажиллагааны хувь нэмрээ оруулж буй нэг хэлбэр юм. Энэ бүс нутагт энх тайвныг цогцлооход ямар асуудалд анхаарах хэрэгтэй вэ гэдгийг хэлэлцдэг. Хоёр хоногийн өмнө АНУ-ын ерөнхийлөгч Хойд Солонгостой гар барин уулзалтын дараа уг хурал болж, Пхеньяны төлөөлөгчдийг оролцож буйгаа ихээхэн ач холбогдолтой. Дэлхийн II дайны дараа өрнөсөн “хүйтэн дайн” 1990-ээд онд олон улсад зогссон боловч Зүүн Хойд Азид өнөөг хүртэл үргэлжилсээр байна. Гэхдээ “хүйтэн дайн”-ыг төгсгөх яриа хэлэлцээ эхэлж байна гэж харж байна” хэмээн онцолжээ. Энэхүү олон улсын бага хурал хоёр өдөр үргэлжилж маргааш өндөрлөх юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)