Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Д.Гантулга гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцлээ. Улмаар нууц санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцсон 60 гишүүний 75 хувь нь түүнийг чөлөөлөхийг дэмжлээ. Тэрээр төрийн далбаандаа мөргөж, УИХ-ын даргатай гар бариад чуулганы танхимыг орхин гарлаа.

Санал хураалт явуулахын өмнө хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, саналаа хэлсэн юм.

Ж.Батзандан: -Д.Гантулга гэдэг залуугийн алдаан дээр дөрөөлж эрх баригч намд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа 30-аас доош настай залуусыг УИХ-д нэр дэвшүүлэхийг хориглох гэж байна. Д.Гантулга алдсан байж болно. Гэхдээ түүний алдаан дээр дөрөөлж залуучуудыг улс төрөөс шахахыг эсэргүүцэж байна. Жанжин Д.Сүхбаатар 21 насандаа хувьсгалыг удирдсан бол С.Зориг 27 насандаа ардчилсан хувьсгалыг тэргүүлэн оролцсон юм.

Д.Лүндээжанцан: -Үндсэн хуулийн төслийг ард нийтээр хэлэлцүүлэх үед УИХ-ын гишүүдийн насны босгыг нэмэгдүүлэх санал их гарсан. Бүр 35, 40 болгох санал гарч байсан юм. Тиймээс ажлын хэсэг ярилцаж байгаад УИХ-д насны доод босгыг 30 нас болгон төсөлдөө тусгасан. Түүнээс биш залуучуудынхаа улс төрд орох хүсэл зорилгыг хааж боосон зүйл байхгүй. Энэ бол олон нийтийн санал. Гэхдээ эцсийн шийдвэр биш шүү дээ. Үндсэн хуулийн төслийг хэлэлцэхдээ үүнийг яаж ч өөрчилж болно.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)