Өнөөдөр болох үйл явдал

09.00 цагт "Шүүхийн захиргааны хөгжлийн чиг хандлага: чиг үүрэг ба загвар” сэдэвт онол-практикийн олон улсын бага хурал Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт эхэлнэ. 
Уг хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож шүүх эрх мэдлийн талаарх байр сууриа анх удаа илэрхийлнэ.

09.00 цагт Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгааны тайлан танилцуулна. Монгол дахь НҮБ-ын Хүн амын сан, Үндэсний статистикийн хороо хамтран 2017 онд жендэрт суурилсан хүчирхийллийн тархалтын судалгааг улс орон даяар анх удаа зохион байгуулсан. Судалгаагаар Монголд эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийн хэлбэр, тархалт, шалтгаан, үр дагаврыг тодорхойлж, Тогтвортой хөгжлийн зорилтууд, тэр дундаа жендэрийн тэгш байдлыг хангах 5 дугаар зорилтын шалгуур үзүүлэлт, үр дүнг тооцох, олон улсын түвшинд харьцуулагдахуйц чанарын болон тоон мэдээлэл цуглуулах юм. Мөн монгол дахь жендэрт суурилсан хүчирхийллийн талаар тоон болон чанарын цогц мэдээлэлтэй болж, үйлчилгээг сайжруулж, нийгэм дэх хандлага, байдлыг өөрчлөх ухуулга нөлөөлөл хийхэд судалгааны дүнг ашиглах, бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч болон хэрэглэгч нарт танилцуулах, цаашид хамтран ажиллах, бодлогын зөвлөмж боловсруулах зорилготой юм.

09.00 цагт Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын тухай “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын V бага хурал (Ulaanbaatar Dialogue on Northeast Asian Security) өнөөдөр ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд эхэлнэ. Уг хуралд АНУ, БНХАУ, БНЭУ, БНСУ, БНАСАУ, БНФУ, ОХУ, ХБНГУ, Япон Улсын мэргэжилтэн, судлаачид болон НҮБ, Олон улсын Улаан загалмайн нийгэмлэг, Европын холбоо, Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа (АПЕК) зэрэг олон улсын байгууллагын 150 гаруй төлөөлөгч оролцоно. 

10:00 цагт "Үндсэн хууль ба Боловсролын эрс шинэчлэл"  сэдэвт хэлэлцүүлэг болно.

11:00 цагт Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн талбайд тус дүүргийн жишиг нэгдсэн эмнэлгийн барилга, угсралт бүтээн байгуулалтын нээлт болно. 

11.00 цагт “Хааны эрэлд-2018” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн нээлтийн ажиллагаа Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд болно. 

13:00-17:00 цагт Монгол Улсын хэмжээнд Үндэсний статистикийн хорооны 2017 оны тоо баримтаар 103630 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас 11000 харааны бэрхшээлтэй иргэн, 8500 гаруй сонсголын бэрхшээлтэй, 4200 гаруй хэл ярианы бэрхшээлтэй иргэд байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 24 орчим хувийг эзэлж буй тэдгээр хүмүүсийн мэдээлэл хүртэх эрх нь хязгаарлагдмал, хангалтгүй байдалд байгаа юм.

ХНХЯ нь Япон улсын ЖАЙКА байгууллагатай хамтран 2016-2020 оны хооронд “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих" төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд уг төслөөс энэ удаад Японы мэргэжилтэн Кавамори багш болон ASTEM ХХК-ий мэргэжилтэнг урин, дохионы орчуулга, үсгэн тайлбар, дуут тайлбарыг монголд нэвтрүүлэхийн тулд хэрхэн арга хэмжээ авах талаар, орчин цагийн технологийг бодитоор туршин үзүүлэх байдлаар семинар зохион байгуулах гэж байна.

14:00 цагт Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлтэй холбоотойгоор хуульчид Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд хэлэлцүүлэг зохион байгуулна. Тус төсөлд Монгол Улсын Засгийн газрын шийдвэр, үйл ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлд хамааруулахгүй байх өөрчлөлт оруулахаар тусгажээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)