Йемений засгийн газрын цэргүүд босогчдын эсрэг дайралт эхлүүллээ

Саудын Арабаар дэмжүүлсэн Йемений Засгийн газрын цэргүүд босогчдын хяналтад буй Худайда боомтыг эзэлж авах дайралтыг өнөөдөр эхлүүлжээ. Энэхүү боомт нь босогчдын хяналтад байгаа хот, суурин газрын иргэдэд тусламж нэвтрүүлэх ганц орц учир боомтын төлөө сөргөлдөгч талууд ширүүн дайтах төлөвтэй байна. Тус улсад дэгдээд байгаа дотоодын дайнаас болж найман сая орчим хүн өлсгөлөнд нэрвэгдэх аюулд ороод байгаа аж.  

“Al Arabiya” сувгийн мэдээлснээр, энэ удаагийн ажиллагаа нь Засгийн газрын хуурай замын цэргээс гадна Саудын Араб тэргүүтэй эвслийн нисэх хүчин, Тэнгисийн цэрэг, олон үндэстний армиар дэмжүүлсэн, урьд өмнөх мөргөлдөөнүүдээс эрс өргөн хүрээтэй явагдаж байгаа ажээ. Нисэх хүч болон тэнгисийн цэргийн хүч босогчдын байрлаж байгаа бүх газруудад цохилт өгч байгаа аж.    

Эрх баригчид босогчдын Худайда боомтоор дамжуулан Иран руу зэвсэг дамжуулж байгаа гэж буруутгадаг. Харин Иран үүнийг эрс үгүйсгэдэг юм. НҮБ-аас хүн ам шигүү суурьшсан хот суурин газруудад байлдааны ажиллагаа явуулахгүй байхыг сөргөлдөгч талуудаас шаардаж байгаа бөгөөд тус бүс нутагт байгаа 600 орчим мянган хүн дайны золиос болох эрсдэл үүсээд байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)