Трамп-Кимийн уулзалт дэлхийн бусад улс оронд ямар нөлөө үзүүлэх вэ?

Энэ удаагийн уулзалт зөвхөн АНУ, БНАСАУ-ын тухай хэрэг биш, бүс нутаг, цаашлаад дэлхий нийтийн аюулгүй байдалд нөлөөлөхүйц явдал гэдгийг шинжээчид онцолж байна.

Уулзалтын үр дүнд хүрсэн онцлох тохиролцоонууд юу байв?

  • Умард Солонгосыг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулахын тулд хамтран ажиллахаар тохиролцсон.
  • Хоёр улсын иргэдийн энх тайван амьдрал, хөгжил цэцэглэлтийн төлөө АНУ-БНАСАУ шинэ харилцааг эхлүүлнэ.
  • Солонгосын хойгт энх тайван байдлыг тогтоохын төлөө хамтран ажиллана.
  • Талууд дайны үеийн олзлогдогсод болон сураггүй алга бологсдын шарилыг солилцоно.
  • АНУ БНАСАУ-ын аюулгүй байдлыг ханган, батлан даахаар тохиролцсоны үндсэн дээр баримт бичигт гарын үсэг зурав.
  • АНУ-ын зүгээс жил бүр хийдэг БНСУ-тай хамтарсан цэргийн сургуулилтаа зогсоох бодолтойгоо илэрхийлэв.
  • Доналд Трамп Ким Жон Унтай уулзсан ч АНУ-ын зүгээс БНАСАУ-д тавьсан хоригийг цуцлалгүй хэвээр үргэлжлүүлсээр байх болно гэдгээ мэдэгдсэн.
  • Талууд өнгөрсөн хугацаанд болсон дайсагнасан, таагүй харилцаагаа мартаж, харилцааны шинэ түүхийг эхлүүлэхээр тохиролцов.
  • Баримт бичигт тусгасан заалтуудыг ажил хэрэг болгохоор талууд яаралтай хамтран ажиллахаар боллоо.
  • Доналд Трамп Ким Жон Унтай дахин уулзах болно гэдгээ илэрхийллээ.

Үүнээс гадна бусад улс орон, тэр дундаа Азийн зарим улс орнуудад энэ удаагийн уулзалт онцгой ач холбогдол үзүүлснийг ажиглагчид онцолж байна. Тухайлбал:

БНСУ:

Солонгосын дайнаас хойш 70 жилийн турш хуваагдан, албан ёсоор одоог хүртэл БНАСАУ-тай дайны байдалтай байгаа БНСУ-ын хувьд энэ удаагийн уулзалтанд АНУ-аас гадна хамгийн их ач холбогдол өгч, хүлээж байсан улс. Уулзалт болохын өмнөх хоногт БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин нойргүй хонож маргааш нь уулзалтыг кабинетаараа шууд хүлээн авч ихэд анхаарал хандуулсан. Үүгээр зогсохгүй олон жилийн турш дайсагнасан хоёр тал бидний нүдний өмнө уулзах гэж байгаад итгэхэд бэрх байна хэмээн хүртэл ярилцлага өгсөн. БНСУ-ын хувьд Трамп-Кимийн уулзалтанд зуучлагчаар оролцож, энэ уулзалтыг бодит болгоход гол үүрэг гүйцэтгэсэн.

Харин уулзалт өндөрлөсний дараа буюу мягмар гарагийн орой Мун Жэ Ин Ерөнхийлөгч Доналд Трамптай утсаар ярьж, уулзалтын үр дүнгийн талаар хэлэлцсэн байна.

Утсаар ярих үеэр Мун Жэ Ин Ерөнхийлөгч энэ удаагийн уулзалт нь Солонгосын хойгийн төдийгүй бүс нутгийн, дэлхий нийтийн энх тайван байдлын суурийг тавьж өгсөн ач холбогдолтой зүйл боллоо гэж хэлсэн байна.

Мөн цаашид талууд илүү нягт хамтран ажиллахаар тохиролцсон талаар Хөх ордон мэдээлсэн.

БНХАУ:

Хятад улсыг энэ уулзалтын бас нэгэн ялагч гэж үзэж байна.

Тус улсын Гадаад хэргийн сайд Ван И “ Энэ уулзалт нь шинэ харилцааны түүхэн эхлэл, агуу их ач холбогдолтой₮ гэж онцоолсон.

Бээжингийн хувьд АНУ-ын Умард Солонгост үзүүлэх шахалтад голлох үүрэг гүйцэтгэснээр Умард Солонгосыг эдийн засгийн хувьд дипломат байдлаар шахаанд оруулж чадсан гэж үзэж байгаа. Хятад улс өнөөдөр Пеньяны гадаад худалдааны 90 хувийг дангаараа бүрдүүлж байна.

Трамп өчигдөр Умард Солонгост тавьсан хориг хэвээр үргэлжлэх болно гэдгийг мэдэгдсэн. Гэхдээ Хятад улсын хувьд хэвээр үлдээх үү үгүй юу гэдэг тодорхойгүй хэвээр байна.

Ван И: “Хятад улсын хувьд хориг тавихыг гол зорилгоо болгохгүй байх зарчим барьдаг. НҮБ-ын Аюулгүйн зөвлөөс тавьсан тогтоолыг дэмжиж, хэрэгжүүлэх үүрэг хүлээсний дагуу Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах зорилгоор энэ хоригийг дэмжсэн”

Япон:

1970, 1980 аад онд Умард Солонгосд хулгайлагдсан Япон иргэдийн талаар Доналд Трамп Ким Жон Унтай уулзах үеэрээ хөндөн авч хэлэлцсэнд Шинзо Абэ талархлаа илэрхийлсэн юм. Энэ асуудлыг уулзалтаар хөндөж, нааштай хариу сонсох нь Японы хувьд хүлээж байсан хамгийн чухал асуудал байсан юм.

Шинзо Абэ Умард Солонгостой хэвийн харилцахын тулд юун түрүүнд хулгайлагдсан иргэдийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэсэн зарчим баримталж байгаагаа удаа дараа илэрхийлсэн.

Тэрээр Умард Солонгос хэрэв зөв замаар явбал маш их нөөц боломжтой, тэдэнд гэрэлт ирээдүй байгаа хэмээн илэрхийлсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)