АНУ Тайваньд ЭСЯ-аа нээлээ

АНУ Тайванийн аралд де факто Элчин сайдын яамаа өчигдөр нээлээ. Уг явдлыг БНХАУ-ын зүгээс эсэргүүцэж, АНУ-ыг “Нэг Хятад” бодлогыг баримталсангүй хэмээн буруутгасан байна.

БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ген Шуан “АНУ дипломат төлөөлөгчдөө Тайвань руу илгээж байгаа нь “Нэг-Хятад” бодлогыг зөрчсөн үйлдэл болж байна. Энэ явдал БНХАУ-ын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон төдийгүй АНУ-БНХАУ-ын харилцаанд сөргөөр нөлөөлж буй хэрэг. Бид АНУ-ыг БНХАУ-д өгсөн амлалтаа биелүүлж, хоёр улсын харилцаанд сэв суулгах энэ алдаагаа залруулж, Тайванийн амар амгалан байдлыг хэвээр хадгалахыг сануулж байна” гэжээ.

Мягмар гарагт болсон уг ЭСЯ-ны нээлтэд АНУ-ын Боловсрол, Соёлын хэрэг хариуцсан Төрийн нарийн бичгийн даргын туслах Мэри Ройс, Тайванийн Ерөнхийлөгч Цай Ин Вэн болон бусад албаны төлөөлөгчид оролцжээ. Уг де факто ЭСЯ-ын газрыг “Тайвань дахь АНУ-ын институт” гэж нэрийдсэн байна.

Нээлтийн үеэр АНУ-ын төлөөлөгч “Уг барилга Тайванийн арал дээрх хамгийн бат бөх, аюулгүй байгууламж болж байна. Маш хүчтэй, утга агуулгыг илэрхийлэх энэ газар барилгыг нь босгоход ашигласан төмөр бетон, шилнээс ч илүү хүчтэй, утга учиртай. АНУ-Тайванийн 21 дүгээр зууны бат бөх харилцааны илэрхийлэл юм” гэж хэлжээ. 10 жилийн турш барьсан уг барилгыг дэлбэрэлтэд тэсвэртэй материалаар босгосон юм. Таван давхар уг барилгыг босгоход нийт  250 сая ам.доллар зарцуулжээ.

Дэлхийн бусад улс орнуудын нэгэн адилаар АНУ “Нэг-Хятад” бодлогыг дагаж, Тайванийг эх газрын Хятадын нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрдөг. Гэсэн ч Бээжинтэй дипломат харилцаагаа хэвийн үргэлжлүүлэхийн зэрэгцээ Тайваньтай ч мөн харилцаагаа хөгжүүлэх сонирхолтой хэвээр байгаа юм. Нэн ялангуяа Доналд Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш АНУ-Тайванийн албан бус харилцаа эрчимжсээр байна.

Тайванийн Ерөнхийлөгч Цай Ин Вэн ЭСЯ-ны нээлтийн үеэр “Чөлөөт, ардчилсан зарчмын дагуу харилцан ашиг сонирхлын үндсэн дээр бид өөрсдийн үнэ цэнэ, эрх ашгийг хамгаалсан үйлдэл хийх эрхтэй. Манай хоёр улсын харилцаа хүчирхэгжиж буй энэ цагт зарим улс орон нөлөөлж чадахгүй” гэж хэлжээ.

АНУ эх газрын Хятадтай харилцаагаа хэвийн хадгалах ч Тайваний өөрийгөө хамгаалах чадварыг нэмэгдүүлж, БНХАУ-ын цэргийн хүчээс хамгаалахад тусална гэдгээ байнга илэрхийлсээр ирсэн. Үүнийгээ ч харуулж өнгөрсөн жил Тайваньд 1.4 тэрбум ам.долларын зэвсэг нийлүүлэх гэрээ байгуулж байсан билээ.

Тайванийн арал нь Хятадын иргэний дайны дараа буюу 1950 оноос тусгаар тогтнолоо зарласан. Гэсэн ч Бээжин өнөөг хүртэл тус арлыг өөрийн газар нутаг гэж үздэг юм. АНУ-ын хувьд 1979 оноос эхлэн Нэг Хятад бодлогыг хүлээн зөвшөөрч, Тайваньтай дипломат харилцаа тогтоохоос татгалзсан. Гэвч түүнээс хойш Бээжингийн эсэргүүцлийг үл хайхран Тайваньд зэвсэг нийлүүлэх болсон юм.

“Де факто ЭСЯ” хэмээн нэрийдэхийн учир

Олон улсын эрх зүйн ойлголтоор тухайн улсыг бүрэн бус хүлээн зөвшөөрөхийг ийн нэрлэдэг. Албан ёсоор дипломат харилцаа тогтоогоогүй ч хоёр улсын хооронд консулын болон худалдаа, эдийн засгийн харилцаа тогтоож болно. Үүнийг дипломат харилцаанд тооцдоггүй юм. Энэ хүлээн зөвшөөрөлт нь тухайн улсад бүрэн итгэл хүлээлгэхгүй байгаагийн илрэл болно. Гэхдээ цаашид бүрэн хэмжээнд хүлээн зөвшөөрөхийн эхлэл байж болно гэж үздэг байна. Монгол Улс 1911-1945 он хүртэл де факто хэлбэрээр оршин оршин тогтнож байсан гэж үздэг. Тухайн үед манай улсыг ОХУ л де-факто хэлбэрээр зөвшөөрч байжээ. Тайванийг БНХАУ-ын нэг хэсэг гэж үздэг учраас Тайвань-Монгол болон АНУ-Тайванийн харилцааг де факто харилцаа хэмээн үзэх юм. Гэсэн ч 2016 онд сонгогдсон Тайванийн Ерөнхийлөгч Цай Ин Вэн “Нэг Хятад” бодлогыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ байнга илэрхийлсээр байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)