Т.Доржханд: Засгийн газар бусад улс орны бодлого шингэсэн зээлээс татгалзах хэрэгтэй

Нэр бүхий эдийн засагчид Монгол Улсын өрийн асуудлаар судалгаа хийж "Монгол Улсын өрийн саарал ном”-ыг гаргаснаа танилцууллаа. Энэхүү номыг гавьяат эдийн засагч Б.Осоргарав, эдийн засгийн ухааны доктор Ч.Хашчулуун, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн Санхүүгийн тэнхимийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн багш доктор, профессор Л.Оюун болон А.Ганзориг, Т.Доржханд, Ч.Отгончулуу, Д.Байлыхүү, Б.Лакшми зэрэг эдийн засагчид хамтран гаргасан байна. “Монгол Улсын өрийн саарал ном” нь “Сэтгэл зовоосон их өр”, “Эрсдэл дагуулсан өр зээлийн гадаад харилцаа”, “Баялгаа зөв ашигласан сайхан жишээ”, “Төсвийн зардал, алдагдлаа бууруулахад дэм болох улс төрийн тогтолцооны талаар” гэсэн дөрвөн үндсэн бүлгээс бүрджээ. Гавьяат эдийн засагч Б.Осоргарав номоо танилцуулахдаа “Монгол Улсын гадаад өрийн хэмжээ 27.4 тэрбум ам.долларт хүрсэн тухай сонсоод сэтгэл өвдсөн. Тиймээс эдийн засагчидтай уулзаж санал солилцоод энэхүү номыг гаргахаар болсон юм” гэсэн бол эдийн засагч Ж.Дэлгэрсайхан "Өрийн удирдлагын бодлого, стратеги, хэрэгжилт бол зайлшгүй анхаарах асуудал байна. Өрийн удирдлагыг бид зөвхөн өрийн зардлыг яаж багасгаж, яаж урт хугацаатай болгох вэ, санхүүжилтийг хэрхэн бууруулах вэ гэдгийг л хардаг. Гэтэл нөгөө талд төсвийн орлогыг яаж нэмэгдүүлэх, ирээдүйд өрийн дарамтыг багасгаж, эдийн засгийн бүтцийг яаж өөрчилж, хөрөнгө оруулалтад анхаарах вэ гэдэгт бага анхаардаг нь ажиглагдсан. Үнэхээр санаа зовоох асуудал болоод байна” гэлээ. Мөн МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн багш доктор, профессор Л.Оюун "Өрийг өрөөр дарах нь сайн хувилбар биш. Хэдийгээр өндөр зээлээ бага хүүтэй зээлээр сольж байгаа ч энэ бол гарц биш. Засгийн газар ч үүнийг сайн мэдэж байгаа. Харамсалтай нь өөр арга хувилбар сонгохын төлөө мэрийхгүй байна" гэв. 

Манай улс нэлээд хэдэн орноос хөнгөлөлттэй зээл авахаар төлөвлөж байгаа. Энэ талаар эдийн засагч Т.Доржханд хэлэхдээ "Манай  улс хөнгөлөлттэй зээлээс буцахаа болилоо. Уг нь ийм зээлийг улс орнуудаас бус олон улсын байгууллагуудаас авах хэрэгтэй. Тэгэхгүй бол зээл олгож байгаа улс орнууд зээлэндээ заавал бодлогоо шингээсэн байдаг. Зөвхөн өөрийнхөө улсын аж ахуйн нэгжээр ажил гүйцэтгүүлэх, өөрийнхөө үйлдвэрлэсэн бараа материалыг нийлүүлэх гэх мэтээр тодорхой нөхцөлтэйгөөр зээл олгодог. Дээрээс нь нийлүүлж байгаа бараа материал нь зах зээлийн үнээс хэд хэдэн өндөр үнэтэй байх тохиолдол ч бий. Тиймээс Засгийн газар бусад улс орны бодлого шингэсэн зээлээс аль болох татгалзах хэрэгтэй" гэлээ. 

"Монгол Улсын өрийн саарал ном”-ыг санаачлан гаргасан эдийн засагчид номондоо Монгол Улс цаашид өрийн хэмжээгээ бууруулахын тулд богино, дунд, урт хугацаанд ямар бодлого хэрэгжүүлэх шаардлагтайг дараахь байдлаар зөвлөмж болгон оруулжээ.

Богино хугацаанд:

  • Төсвийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын  асуудлуудыг иж бүрнээр шинэчлэх. Мэргэжлийн хараат бус эдийн засагчдаас бүрдсэн, хангалттай эрх мэдэл бүхий Төсвийн зөвлөлийг 2018 онд багтаан байгуулах,
  • Өрийн удирдлага, төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг иж бүрнээр шинэчлэх,
  • Гадаадаас зээл авах, өрийн удирдлагын хүрээнд ханшны хэлбэлзлээс хамгаалсан санхүүгийн арга хэрэгслүүдийг ашиглах,
  • 2020 он гэхэд сонгуулийн  тогтолцооны гажуудлыг яаралтай засч жижиглэсэн мажоритар тойрог биш, томсгосон хувь тэнцүүлсэн тогтолцоог сонгох замаар улсын хөгжлийн бодлого боловсруулж, хэрэгжүүлдэг парламент болон Засгийн газартай болох,
  • Төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй аливаа концессийн  гэрээ хэлцлүүдийг хязгаарлах,
  • Өндөр хүүтэй арилжааны нөхцөлтэй аливаа зээлээс татгалзах,
  • Хөнгөлттэй нөхцөлтэй хэдий ч зөвхөн зээлдүүлэгч улсын бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, ажиллах хүчнийг хүлээж авах хатуу нөхцөлтэй аливаа бодлого шингэсэн зээлээс татгалзах,
  • Төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор өндөр хүүтэй дотоодын бондыг гаргаж зөвхөн арилцааны банкуудад худалддаг байдлыг яаралтай зогсоох. Ингэхдээ, иргэд болоод аливаа аж ахуйн нэгж, байгууллагууд, Засгийн газрын бондыг худалдаж авах бололцоог бүрдүүлэх, банкуудын эх үүсвэрийг бизнесийн салбарт ашиглах шугамыг нээх,
  • Засгийн газар болон Төв банк баталгаа гарган хувийн хэвшилд зээл зуулчилдаг байдлыг хуульчлан зогсоох.

Дунд болон урт хугацаанд:

  • Засгийн газрын өрийн хэмжээг цаашид өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн түвшинг ДНБ-ий 40 хувиас хэтрүүлэхгүй байх,
  • Зөвхөн дотогшоо биш, харин гадагшаа экспортод чиглэсэн хөрөнгө оруулалтыг дэмжсэнээр валютын ханшны хэлбэлзэл, хөрөнгө оруулалтын урсгалын огцом хэлбэлзэл, төлбөрийн тэнцлийн алдагдлыг макро эдийн засгийн төвшинд удирдах,
  • Гадаад өрөөр санхүүжүүлэн байж төсвийг тэлэх замаар эдийн засгийг өсгөх гэж оролдох нь макро эдийн засгийн тогтворгүй байдлыг өсгөдөг эрсдэлтэй. Иймд хувийн хөрөнгө оруулалтаар тэжээгдсэн эдийн засгийн өсөлтийг дэмжих,
  • Түүхий эдийн үнийн өсөлтөд хоосон найдаж төсвийн тэлэх бодлого боловсруулах нь төсвийн алдагдалд хүргэдэг. Их алдагдал нь өрийн хавханд орох хамгийн гол шалтгаануудын нэг болдог. Иймд алдагдалгүй төсөв баталдаг жишигт шилжих.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)