Өмч хувьчлал ялсан намын бялуу хуваах хэрэгсэл биш

-Хувьчлалаас хэн ашиг хүртэх вэ?-

“МИАТ”-ийн 49 хувь

Төрийн банк, Монголын хөрөнгийн бирж 100 хувь

“Монгол шуудан” 49 хувь

“Монголын цахилгаан холбоо” 49 хүртэл хувийг стратегийн хөрөнгө оруулагчид болон олон нийтэд санал болгох

ХАА-н бирж, Мэдээлэл холбооны сүлжээ 49 хувийг хувьчлах асуудал анхаарал татаж байна. Төрийн өмчийн 27 компанийг хувьчлахаас 20 нь орон нутагт байдаг авто зам засвар арчлалтын компаниуд /АЗЗА/ юм.

Өмч хувьчлалийн давалгаа өрнөж эхэллээ. Үе үеийн парламент төрийн өмчийг хувьчилна, үр ашиггүй ажиллаж байна гэж ярьсаар ирсэн. Хувьчлалаас алдсан, оносон зүйл ч бий. МАН засаглаж буй энэ он жилүүдэд төрийн өмчийн 27 аж ахуйн нэгжийг хувьчлахаар тогтоолын төсөл боловсруулаад байна. Засгийн газраас оруулж ирсэн энэ жагсаалттай танилцсан түшээд “Үр ашигтай ажиллаж байхад яагаад хувьчлах гээд байгаа юм. Сонгуулийн санхүүжилтийг эрх барьж байгаа нам нь өмч хувьчлалаас гаргадаг. Ийм ялзарсан бодлоготой явж ирлээ. Өнгөрсөн 27 жилийн хувьчлалаас ард түмэн юу хожив гэдгийг дүгнэх цаг болсон. Цаашдаа Монголын төр өмчтэй байх уу үгүй юу гэх бодлогоо тодорхой болгомоор байна” хэмээн шүүмжлэлтэй байр суурийг илэрхийлж байсан.

Энэ хоёр жилд хувьчлах 27 аж ахуйн нэгжээс 7200 ажилтан ажилгүйчүүдийн эгнээнд шилжихээр байна. Өмч хувьчлалын давалгаа өрнөж байсан ардчиллын дараах он жилүүдэд манай улс 2000 орчим аж ахуйн нэгжээ хувьчлаад 300 хүрэхгүй үгүйтэй тэрбум төгрөг олж байжээ. Үүнийг дагаад хэдэн мянган хүн ажилгүй болсон. Эндээс л Монголын өнөөдрийн ажилгүйдэл ядуурлын үндэс эхтэй гэдгийг Л.Энх-Амгалан гишүүн хэлж байв.

1991-1995 онд 835

1996-2000 онд 922

2001-2004 онд 83

2005-2008 онд 34

2010-2012 онд 30

2015-2016 онд 25 аж ахуйн нэгж, үл хөдлөх хөрөнгө гээд өнгөрсөн 28 жилийн хугацаанд нийтдээ 1929 аж ахуйн нэгж, үл хөдлөх хөрөнгийг хувьчилжээ. Үүнээс тухай тухайн цаг үеийн ханшаар тооцсноор 229 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн дүн мэдээ байна.

2017 оны эцсээр Төрийн банкны өөрийн хөрөнгө 190 орчим тэрбум төгрөг бөгөөд хувьчлахтай холбоотой шийдвэр гарсан үед хөрөнгийн үнэлгээний тусгай баг ажиллана гэдгийг ажлын хэсгийн хэлсэн. Харин энэ тооцоог буруу хийсэн байна, ингэж хууль зөрчиж болохгүй төрийн өмчийг үнэгүйдүүлж хэн нэгэнд зориулсан шийдвэр гаргаж болохгүй гэдгийг Т.Аюурсайхан гишүүн хэлж байлаа. Мөн тэрээр “Т.Аюурсайхан “Компаниудын үр ашиг өсөн нэмэгдэж байгаа. Гэтэл яагаад хувьчлах гээд байгаа юм бэ. Ашигтай ажиллаж байхад нь яагаад бага мөнгөөр хувьчлах гээд байгаа юм. Өмч хувьчлалыг 4-5 минутад хэлэлцэх боломжгүй. Монгол Улсын төр банктай байх ёстой” гэлээ.

Энэ асуудал Хөрөнгийн биржийн хувьчлал дээр ч гарч байх. 2012-2016 оны үед засаглаж байсан хоёр Засгийн газар Хөрөнгийн биржийг олон улсын жишигт нийцүүлэхээр Лондонгийн Хөрөнгийн биржтэй хамтарч ажилласан. Уг ажлын хүрээнд 27 орчим тэрбум төгрөг зарцуулжээ. Энэ ажлын үр дүн гарч амжаагүй байхад Хөрөнгийн биржийг 100 хувь хувьчлахаар төсөлд тусгаж. Үндсэндээ 27 тэрбум төгрөгийг “салхинд хийсгэжээ” гэж харагдахаар байна. Татвар төлөгчдийн мөнгө гэж улиглахаа болъё, энэ одоо. Төр өөрийн өмчдөө хүнийрхүү сэтгэлээр хандаж, үнэгүйдүүлж хэн нэгэнд зориулсан шийдвэр гаргаж  ард түмнээ хайр найргүйгээр ядуурал руу нэг талаараа түлхэж байна. Ажилгүй, орлогогүй болсон хүн яах вэ, бид ажилтай, орлоготой Монгол хүнийг нэмэгдүүлнэ гэдэг ч харалган шийдвэрийнхээ үрээр үүнийхээ эсрэг зогссоор байна. Иргэндээ очих тэр баялгийн тэгш хуваарилалт хаана огтлолцож байна вэ. Өмч хувьчлал эрх баригч намын бялуу хуваах хэрэгсэл биш.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)