“Хуралдаа суудаггүй гишүүдийг эгүүлэн татна”

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Д.Гантулга гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцсэний дараа УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ.

Уг хуулийн төслийг 65-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа санаачилж, УИХ-д өргөн мэдүүлсэн. Хуулийн төсөлд хуралдаа ирдэггүй, хүний өмнөөс кноп дардаг гишүүдэд хариуцлага тооцохоор заажээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн О.Баасанхүү гишүүн “Хэчнээн сайхан зүйл ярьсан ч дэмжихгүй тохиолдол байсаар байна. Энэ тохиолдолд ажил хаямаар байгаа юм. Үүнийг зохицуулсан зохицуулалт бий юү” гэхэд төсөл санаачлагч Д.Хаянхярваа гишүүн “УИХ-ын дэгийн тухай хуулиар хариуцлагыг өндөржүүлэх, хүний өмнөөс кноп дардаг, хуралдаа суудаггүй гишүүдэд хариуцлага тооцох юм. Нийт чуулганы хуралдаан гуравны нэгээс доошгүй хугацаанд хуралд суугаагүй бол хариуцлага тооцно. Хэлэлцүүлгийн шатанд  өөрчлөлт хийх боломж нээлттэй бий” гэлээ.

Гишүүд ийн асуулт тодруулга авсны дараа хуулийн төслийг хэлэлцэхийг олонхийн саналаар дэмжсэн юм.

Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)