Яг одоо буюу энэхүү нийтлэлийг бичиж суугаа 2018 оны зургадугаар сарын 01-ний өдрийн байдлаар Засгийн газрын 29 тусгай сан үйл ажиллагаа явуулж байна. Яг өнөөдрийн байдлаар гэдгийг зориуд тодотгож байгаа юм шүү. Яагаад гэвэл, Засгийн газрын тусгай сангууд татан буугдах, нэмж байгуулагдах, эргэн сэргээгдэх нь ёстой л алга урвуулахын дайтай амархан ажил байдаг аж.

2006 оны зургадугаар сарын 29-нд батлагдсан Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийг шүүн үзвээс үүнийг төвөггүй мэдэж болно. Уг хуульд батлагдсанаас нь хойшхи 12 жилийн хугацаанд нийт 26 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Хууль тогтоогчид жилд 2-3 удаа Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд гар хүрч байсан гэсэн үг. Энэ бүхний ул мөр нь тухайн зүйл, заалтыг өөрчилсөн, нэмсэн, хүчингүй болгосон гэх мэт 236 тайлбар, зүүлт болж хуульд тэмдэглэгдсэн байна. Тиймээс уг хуулийг хууль, эрх зүйн мэдээллийн цахим сангаас татан харах юм бол дунд сургуулийн муу сурлагатны дэвтэр улаан эрээн болсон байдаг шиг л цэнхэр эрээн юм харагдана. 236 нэмэлт, өөрчлөлт тус бүрийн цаана бүхэл бүтэн тусгай сангийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, санхүүжилттэй холбоотой асар том, өргөн хүрээтэй утга, агуулга бий.

Хууль анх батлагдахад Засгийн газрын 22 тусгай сан байсан бол нэмж байгуулсан, татан буулгасантайгаа нийлээд 40 тусгай сан өнгөрсөн 12 жилд үйл ажиллагаа явуулжээ. Тухайлбал, 2015 онд Засгийн газрын тусгай сангийн тоо 15, 2016 онд 18 байсан бол 2017 онд 21 тусгай сайн байжээ. Эдгээр тусгай сангууд тус бүрдээ үүрэгтэй, өөр өөрийн онцлогтой. Гэтэл жил бүр хэд хэдээр нь татан буулгаж, бас шинээр болон сэргээн байгуулж байдгийг нь бодохоор нэг их ач холбогдолгүй ч юм шиг. Эсвэл энэ өөрчлөлт, хөдөлгөөний дунд эрх баригчид төрийн мөнгийг тусгай сангаар дамжуулан нааш цааш гувчуулж зувчуулан ашиг олж суудаг юм болов уу ч гэж хардмаар. Дарга, удирдлагууд нь хөрөнгө мөнгө завшсан хэргээр ял сонсч, үйл ажиллагаа нь татан буугдсан “Цэвэр агаар” сангийн жишээ бий.

Аудитын шалгалт бүрээр л Засгийн газрын тусгай сангийн хөрөнгийг зориулалтын бус зүйлд ашигласан байна гэдэг дүгнэлт гарч, ийм шалтгаанаар зарим санг татан буулгахад хүрч байсан нь дээрх хардалтыг улам бататгана. Эдгээр тусгай санд төвлөрүүлдэг нийт хөрөнгө улсын төсвийн дөрөвний нэгийг эзэлдэг гэхээр чамгүй их мөнгө эргэлддэг гэсэн үг. 2017 онд 21 тусгай сан үйл ажиллагаа явуулсан бөгөөд эдгээр санд улсын төсвөөс 2.4 тэрбум төгрөг төсөвлөсөн байжээ. Харин 2015 онд тусгай сангуудад 2.2 тэрбум төгрөг төсөвлөн зарцуулсан гэдгийг тухайн үеийн Үндэсний аудитын газрын дарга А.Зангад мэдэгдэж байв.

Засгийн газрын тусгай сангуудад жил бүр хяналт шалгалт хийж байсан боловч мөрөөр нь хийсэн ажил дуулддаггүй. Тухайлбал, Үндэсний аудитын газраас Засгийн газрын тусгай сангуудын 2016 оны үйл ажиллагаанд шалгалт хийснээ 2017 оны хоёрдугаар сарын эхээр УИХ-д танилцуулж л байсан. 2016 онд үйл ажиллагаа явуулж байсан 18 сангийн 15-д нь аудит хийхэд хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, хөрөнгийг зарцуулах бодлого, үйл ажиллагаанд тавих дотоод хяналтын үйл ажиллагааг зохион байгуулаагүй, зарим сан хууль зөрчин ажлын алба байгуулсан зэрэг нийтлэг зөрчил илэрч байв. Энэ бол арваад жилийн өмнө л гарч байсан зөрчил, дутагдал хэвээрээ л байсан гэсэн үг.

2011 онд Засгийн газрын тусгай сангуудад хийсэн шалгалтаар сангийн хөрөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулах, сангаас олгосон зээлийн эргэн төлөлтийг төрийн санд байгаа сангийн дансанд төвлөрүүлэхгүйгээр арилжааны банкинд байгаа дансандаа төвлөрүүлж шууд зээл олгох, сангаас хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний эцсийн үр дүнгийн үзүүлэлтийг бүрэн гаргадаггүй зэрэг дутагдал илэрч байжээ. Тиймээс “Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн хүрээнд байгаа сангуудыг цөөрүүлэх, үйл ажиллагааг нь оновчтой болгох, орлогын бүрдүүлэлт, зарцуулалтыг бүртгэх, төлөвлөх, гүйцэтгэлийг зохих журмын дагуу хянах нэгдсэн тогтолцоотой болох талаар анхаарч эрх зүйн орчинг боловсронгуй болгох ажлыг 2011 онд багтаан хэрэгжүүлнэ” хэмээн долоон жилийн өмнө хууль тогтоогчид амалж байсан нь цагаан дээр хараар бичигдэж үлдсэн байна.

Харамсалтай нь үүнийгээ ажил хэрэг болгоогүй. Тийм учраас жилийн өмнө Засгийн газрын тусгай сангуудад хийсэн шалгалтын дүнг хэлэлцэхэд УИХ-ын гишүүд өнөө л “зарчимч” шүүмжлэлээ давтаж, хэрэгжүүлдэггүй амлалтаа улигласаар сууж байв. 2017 оны хоёрдугаар сарын 02-ны өдрийн Байнгын хорооны хуралдаан дээр ийм яриа болжээ.

Засгийн газрын тусгай сангууд сангийн орлогын эх үүсвэрээ бүрдүүлээгүй, дотоод хяналтгүй, сангийн хөрөнгийг хуулийн дагуу зарцуулдаггүй ийм сангуудын үйл ажиллагааг цэгцлэх ёстой.

Энэ асуудлаар удаа дараа аудит хийсэн ч үр дүн харагдахгүй байгаа учир байнгын хорооноос тогтоол гаргах хэрэгтэй.

Үндэсний аудитын газар, Төсвийн байнгын хороо хамтран Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагаанд сахилга батыг хангуулах, хариуцлага тооцохоос эхлээд асуудлыг өргөн далайцтайгаар харсан, үр дүн гарах тогтоол гаргах нь зүйтэй.

Тусгай сангийн өр төлбөр, авлагыг барагдуулах чиглэлээр Сангийн яам идэвх санаачлагатай ажиллах хэрэгтэй.

Сангийн яамнаас тухайн салбарын яамтайгаа давхардан үйл ажиллагаа явуулдаг тусгай сангуудыг цэгцлэх шаардлагатай.

Гишүүдийг ийн ярьж суух үед буюу жил гаруйн өмнөх аудитын дүнгээр Засгийн газрын тусгай сангуудын нийт өр төлбөрийн хэмжээ 713.4 тэрбум төгрөгт хүрчихээд байв. Эндээс харахад тусгай нэртэй сангуудын дийлэнх нь тусгүй үйл ажиллагаатай байгаа ажээ.

Тусгай санг салбартай нь шууд холбоё

Ийм түс тас санал санаачилга гаргачих гишүүн, сайд одоохондоо алга. Харин аливаа салбарын мэргэжилтнүүд, судлаачид бол ярьж, бичсээр байдаг. Тэнэг хүн ч ойлгохоор санаа л даа уг нь. Нэг гоё сан байгуулаад мөнгө төвлөрүүлнэ. Тэгснээ өнөө мөнгөө улсын нэгдсэн төсөв хэмээх том тогоо руу нийлүүлээд бантан шиг хутгачихна. Өнөө сандаа буцаагаад өвдөл цөвдөл төдий юм хуваарилна. Түүгээр нь ажил хийх ч хэцүү, хийхгүй байх ч хэцүү. Ёстой л нэг “нэр хэмээнэ” гэгч болоод өнгөрдөг ажээ. Тусгай сан нэрнээс нь ч бодсон тусгай сангууд тусдаа л байх ёстой. Гэтэл тусгай хэрэгцээнд ашиглана гэж ойлгоод эрх баригчид төвлөрсөн хөрөнгийг нь өөр зориулалтаар ашиглах, эсвэл улсын төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулчихаад байгаа нь харамсалтай.  Манай улс ОУВС-гийн өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрт хамрагдахад тус сангаас Засгийн газрын тусгай санд хуримтлагдсан хөрөнгийг төсвийн алдагдлыг нөхөхөд ашиглахыг зөвлөсөн нь эрх баригчдын “хулгай”-г албан ёсны болгож орхижээ. Тиймээс тусгай санг салбартай нь шууд холбоё гэдэг санаа улам хүчгүйдээд байгаа юм.

Засгийн газрын тодорхой чиг үүрэг, зорилтыг санхүүжүүлэх зорилгоор улсын нэгдсэн төсвөөс төвлөрүүлсэн хөрөнгө, түүнчлэн уг арга хэмжээнд зориулан олгосон хандив, буцалтгүй тусламжийн орлогыг Засгийн газрын тусгай сан гэнэ.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.1 дэх заалт

Хуулийн заалт ямар нэг хоёрдмол санаа, салаа утгагүйгээр тусгай сан бол Засгийн газрын тодорхой чиг үүрэг, зорилтыг санхүүжүүлнэ гэдгийг хэлж байна. Түүнээс биш төсвийн алдагдлыг нөхөж, төрийн өндөр албан тушаалтнууд, дарга нарын тансаглалд зарцуулах тухай үг, үсэг байхгүй. Жишээ нь, жилд 700 тэрбум төгрөгийн хөрөнгө татан төвлөрүүлдэг мөртлөө түүнийгээ улсын төсөвт тушаан, эргүүлээд 5-6 тэрбум төгрөгийн хусам хүртдэг нэг өрөвдөлтэй тусгай сан бий. Уг нь маш чухал үйл ажиллагаа явуулдаг, хувь хүмүүст, нийгэмд, улс оронд хамгийн хэрэгтэй сан. Энэ бол гурван жилийн өмнө татан буугдаад ноднин жил эргэн байгуулагдсан Эрүүл мэндийг дэмжих сан.

Уг сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэдэг шалтгаанаар татан буулгасан ч зайлшгүй хэрэгтэйг нь ойлгоод 2017 оны гуравдугаар сард дахин байгуулж дүрмийг нь баталсан юм. Эрүүл мэндийг дэмжих сан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасны дагуу улсын төсвийн хөрөнгө, гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс өгсөн буцалтгүй тусламж, хандив, гадаад улс, олон улсын байгууллагаас Засгийн газрын шугамаар олгосон зээл болон архи, согтууруулах ундааны онцгой албан татварын 1 хувь, эмийн импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын 2 хувь, тамхины онцгой татварын 2 хувийн хөрөнгөөс тус тус бүрддэг. Эдгээр эх үүсвэрээс бүрдсэн хөрөнгийг эрүүл мэндийн сургалт, сурталчилгаа, эрүүл мэндийн нөлөөлөл, судалгаа болон урьдчилан сэргийлэх ажилд л зарцуулах ёстой.

Аливаа өвчин эмгэгийг туссан хойно нь асар их зардлаар эмчлэх бус түүнээс урьдчилан сэргийлэх нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал. Монгол Улс халдварт бус өвчний тархалтаараа дэлхийд хоёрдугаарт бичигдэж байгаа нь энэ чиглэлд төр, засгийн бодлого, үйл ажиллагаа дутагдаж байгаагийн илрэл. Хэрвээ Эрүүл мэндийг дэмжих сангаа зорилго, чиглэлийнх нь дагуу бүрэн дүүрэн ажиллуулбал дээр өгүүлсэн сэтгэл эмзэглэм статистик буурах бүрэн боломжтой. Эрүүл мэндийг дэмжих сангийн гол төсвийг архи, тамхи, эмийн онцгой албан татвараас бүрдүүлдэг. Тиймээс онцгой албан татварыг эрүүл мэндийн салбартайгаа шууд уячих юм бол үр дүн сайтай байдаг аж. Дэлхийн олон улс оронд татварын энэ тогтолцоог earmarked хэмээн нэрлэдэг. Тайванийн эрүүл мэндийн салбар дэлхийд тэргүүлж байгаагийн нууц энэ тогтолцоонд бий. Австрали, Филиппин гээд ийм тогтолцоог нэвтрүүлснээр хүн амынхаа эрүүл мэндийг бүрэн хамгаалж чадсан улс орнууд олон.

Манай улсын хэмжээнд нэг жилд архины онцгой албан татвараас 400 тэрбум, тамхины онцгой албан татвараас 250 тэрбум төгрөг төвлөрүүлдэг байна. Нийт 750 тэрбумыг архи, тамхи импортлогч аж ахуйн нэгжүүд бусдын эрүүл мэндэд хор хөнөөлтэй бүтээгдэхүүн худалдан борлуулж байгаагийнхаа төлөө улсад татвар хэлбэрээр төлж байгаа гэсэн үг. Эрүүл мэндийн салбарын жилийн нийт төсөв 680 тэрбум төгрөг гээд бодохоор энэ бол их мөнгө. Гэтэл тэр мөнгийг нь нэгдсэн төсөвт татаж аваад хэн нэгэн даргын унааны шатахуун, утасны ярианы төлбөр сэлтэд зориулчихаж байгаа нь дэндүү гомдмоор. Гэтэл архи, тамхи зэрэг хорт зуршлын улмаас халдварт бус өвчин тусч эрүүл мэндээрээ хохирч байгаа иргэдийн тоо өссөөр, өсвөр, залуу үеийнхэн эдгээр хорт зуршлын шууд болон дам хэрэглэгч болсоор байгаад тавих хязгаар, хориг даанч үгүй. Олон улсын жишгээр тухайн салбартай нь шууд холбоогүй цагт засаг солигдох болгонд эрх баригчдын шүлс тусгай сангууд руу үсчсээр байх бизээ.