УИХ-ын гишүүн Д.Мурат, Д.Гантулга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай прокурорын саналыг парламент хүлээн авахаас татгалзлаа. Ингэснээр “Одоо энэ хоёр хүний асуудал яах вэ” гэдэг асуулт гарч ирж байна. Үүний хариултыг Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан УИХ-ын чуулганы танхимд хэлчихээд гарлаа.

Тэрээр О.Баасанхүү гишүүний асуултад хариулахдаа “Эндээс ямар ч шийдвэр гарсан гэсэн прокурорын байгууллага энэ хүмүүсийн гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдүүлнэ гэсэн бодолтой байгаа. Ингэж шийдүүлэхдээ УИХ-ын тухай хуулийн 34.7-д зааснаар албадан саатуулж цагдан хорихгүй, гэр орон, албан тасалгаанд нь нэгжлэг хийхгүйгээр бусад бүх хуульд заасан арга хэмжээг авч гэм буруутай эсэх асуудлыг нь шүүхээр шийдүүлнэ. Ингэх тохиолдолд бас нэг асуудал бий. Юу вэ гэвэл, бүрэн эрхийг нь  түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзэж байгаа гишүүд шүүх, прокурор дээр ирэхгүй бол албадан ирүүлэх тухай шүүхийн шийдвэр гарч магадгүй. Албадан ирүүлэх тухай шүүхийн шийдвэр гарна гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл, гишүүний халдашгүй байдал руу халдана гэсэн үг. Энэ хоёр гишүүн хэрэв прокурор, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд хүрч ирээд саадгүйгээр асуудлаа шийдүүлээд явбал буцаад миний зүгээс болон шүүхийн зүгээс түдгэлзүүлэх асуудал тавихгүй байх гэж бодож байна. Харин ямар нэгэн саад учруулаад эхэлбэл тэр дор нь асуудлыг дахин оруулж ирээд УИХ-аар хэлэлцүүлнэ” гэсэн юм.