Д.Муратын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхээр Байнгын хорооны гишүүдийн санал тэнцлээ

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Муратын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай прокурорын саналыг хэлэлцлээ. Д.Мурат гишүүн "Миний хувьд дуудсан цагт очиж мэдүүлэг өгч байсан. Би гэмт хэрэг хийгээгүй гэдэг нь тодорхой, нотлох баримт ч байхгүй, хэлмэгдэж байна. Та бүхэн зөвөөр асуудлыг шийдэж өгөөсэй гэж хүсэж байна. Мөн харамсч байна.Өнгөрсөн хугацаанд намайг зөндөө гүтгэлээ. Намайг гишүүний бүрэн эрхээс түдгэлзүүлэх ч шаардлага байхгүй. Би дуудсан цагт нь очиж мэдүүлэг өгч хуулийн байгууллагаа хүндэлсэн. Хэдий намайг олон түмэн сонгосон ч гэсэн жирийн иргэнтэй л би адилхан. Хуулийн байгууллагын шалгалтад нэг ч удаа саад хийлгүйгээр дуудсан цаг хугацаанд нь очиж байсан" гэлээ.

Халдашгүй байдлын дэд хорооны таван гишүүн 100 хувийн саналаар түүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэхийг дэмжсэн юм. Харин Хууль зүйн байнгын хорооны 14 гишүүний санал тэнцлээ. Улмаар дахин санал хураалт явуулахгүйгээр энэ чигээр нь чуулганы нэгдсэн хуралдаанд оруулан хэлэлцүүлэхээр болов. Санал хураалтыг нууцаар явуулсан юм.

Хууль зүйн байнгын хороо одоо УИХ-ын  гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай прокурорын саналыг хэлэлцэж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)