100 айлын барилгын материалын захыг есдүгээр сарын 1-ээс өмнө нүүлгэнэ

100 айлын төвлөрсөн барилгын материалын зах, худалдааны төвийн асуудлыг 2018-2020 онд гурван үе шаттайгаар шийдвэрлэж байгаа. Одоогоор нэгдүгээр үе шат хэрэгжиж дууссан байна. Харин хоёрдугаар үе шатанд худалдаа эрхлэгч, үйлдвэрүүдийг ирэх есдүгээр сарын 1-н гэхэд Налайх дүүрэг рүү нүүлгэхээр төлөвлөжээ. Тодруулбал, 100 айлын төвлөрсөн барилгын материалын зах, худалдааны төвийг нүүлгэх нэгдүгээр үе шатанд тухайн орчинд гадаа худалдаа эрхэлдэг иргэдийн үйл ажиллагааг зогсоож, УБЕГ-ын үйл ажиллагааг дүүргүүд рүү шилжүүлсэн байна. Ингэснээр замын хөдөлгөөний ачаалал тодорхой хэмжээгээр буурч, эмнэлэг сургуулийн орц, гарц чөлөөтэй болсныг албаныхан онцоллоо.

Хоёрдугаар үе шатны хүрээнд Налайх дүүрэг хүртэлх дэд бүтэц, зам, тохижилтын ажлыг энэ зунд багтаан гүйцэтгэж, ирэх  9-р сарын 1 гэхэд дуусгасан байхаар зорьж байна.  Гэвч худалдаа эрхлэгчид одоог хүртэл нүүх асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа хэллээ. Тэдний нэг худалдаа эрхлэгч Г.Дорж 100 айлд 18 жил барилгын жижиглэнгийн худалдаа эрхэлж, үйл ажиллагаагаа явуулахын тулд 80 сая төгрөгийн зээл авсан гэв. Харин Налайх дүүрэг рүү нүүвэл түүний бизнес дараах байдлаар өөрчлөгдөнө гэж үзэж байна. Тэрээр “Ямар ч хүн нэг литр будаг авахын тулд Налайх руу явахгүй. Бүх дэлгүүрүүд барилгын материал зарж байгаа. Дэлгүүрүүдийг нүүлгэхэд худалдаа эрхлэгчид бүгд өр зээлтэй, орон гэрээ барьцаанд тавин зээл авсан байгаа учраас гудамжинд гарна. Бид энд зориулалтын дагуу эмх цэгцтэй харуул хамгаалалттай, зогсоолтой учраас ямар ч түгжрэл үүсгэдэггүй” гэв.

Харин энэ асуудалд НИТХ худалдаа эрхлэгчдийн эрх ашиг зөрчигдөхгүй гэдэг хариулт өгч байна.

-Түрээс төлөхгүйгээр газраа эзэмшиж, түрээсгүй үйл ажиллагаа явуулах боломжтой-

НИТХ-ын дарга С.Амарсайхан “Эдгээр худалдаа эрхлэгчид одоо түрээс төлөөд ажиллаж байгаа. Тэгвэл түрээс төлөхгүйгээр газраа эзэмшээд, өмчлөөд тэндээ түрээсгүйгээр үйл ажиллагаа эрхлэх боломжийг Улаанбаатар хотын зүгээс шийдвэрлэж өгч байгаа. Үүнтэй холбоотой дэд бүтцийн асуудлыг нь шийдвэрлэж өгч байна. Тэндээ очоод лангуугаа ажиллуулах уу, үйлдвэр үйлчилгээгээ томхон талбайд явуулах уу гэдэг тухайн хүмүүсийн өөрсдийнх нь асуудал” хэмээлээ.       

100 айлыг нүүлгэх ажлын 3-р үе шатанд шаардлага хангахгүй хуучны барилгуудыг нураан ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгажуулж, шинээр орчин үеийн худалдаа үйлчилгээний төв, дахин төлөвлөлтийн дагуу орон сууцны хороолол барьж байгуулах юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)