Хүнсний талон хүндээ хүрдэг үү

Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн эмзэг бүлгийн өрхөд
олгодог хүнсний талон хүнс тэжээлийн дэмжлэг
үзүүлэх үүргээ биелүүлж чадаж байгаа болов уу.

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хооронд байгуулсан “Хүнс тэжээл, нийгмийн халамжийн хөтөлбөр” буцалтгүй тусламжийн хэлэлцээр, Засгийн газрын 2008 оны 25 дугаар тогтоолоор баталсан “Нийгмийн эмзэг бүлэгт хоол, тэжээлийн дэмжлэг үзүүлэх дэд хөтөлбөр”-ийн дагуу “Хүнсний талон олгох журам”-ыг баталсан байдаг. Өрхөд сард олгох хүнсний талоны үнийн дүнг 0-16 хүртэлх насны гишүүнд 5000 төгрөг байсныг 8000 төгрөг, 16-гаас дээш насны гишүүнд 10000 төгрөг байсныг 13000 төгрөг болгон нэмэгдүүлэн тогтоожээ. Нэн ядуу, эмзэг бүлгийн гэх тодотголтой, өрхийн амьжиргааны төвшин тогтоох судалгаагаар 310-аас доош үнэлгээтэй гарсан өрх хүнсний талон авдаг.

Нийгмийн халамж дундаас хамгийн оновчтой нь гэгддэг хүнсний талон авдаг иргэдийн тоо жилээс жилд өссөөр байгаа аж. 

Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн эмзэг бүлгийн өрхөд олгодог хүнсний талон хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үүргээ биелүүлж чадаж байгаа болов уу.

Импортын хүнс, тансаг хэрэглээнд тооцогдох хүнс авах эрхгүй

Хүнсний гол нэрийн 10 бүлгийн тодорхой заагдсан бүтээгдэхүүнээс кг, ширхэг, боодлын үнэ хамаарахгүйгээр сонгож болох ч импортын болон тансаг хэрэглээний хэмээгдэх бүтээгдэхүүн сонгохыг хоригложээ. 

Хүнсний талоноор хүссэн бүтээгдэхүүнээ авна гэсэн үг бишээ. Хүнсний гол нэрийн 10 бүлгийн тодорхой заагдсан бүтээгдэхүүнээс кг, ширхэг, боодлын үнэ хамаарахгүйгээр сонгож болох ч импортын болон тансаг хэрэглээний хэмээгдэх бүтээгдэхүүн сонгохыг хоригложээ. Тухайлбал мах, дайвар бүтээгдэхүүний хувьд гэхэд хиам болон лаазалсан, дахин боловсруулсан махан бүтээгдэхүүн авах эрхгүй. Энэ нь тансаг хэрэглээ хэмээн ялгахаас илүүгээр эрүүл мэндэд сайнгүй, өдөрт авах илчлэг болон өрхийн хүнсний хэрэглээг хангахуйц хэмжээний биш гэж үзсэнтэй холбоотой. Мөн архи, тамхи олгохгүй. Иргэд хүнсний дэмжлэг үзүүлэх хөтөлбөр гэдгийн учрыг бүрэн таниагүйдээ ч юмуу архи, тамхи, хүнсний бус ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн авах хүсэлтэй байдаг аж.

“Манай дэлгүүр хүнсний талоноор үйлчилсэн эхний жилээ 800 гаруй мянган төгрөгийн торгууль төлөх болсон. Яав ийв гэтэл харин хүнсний тор, хүүхдийнх нь авсан бохийг талонд багтааж олгосон гэсэн тайлбар хүлээж авсан. Эрхийн бичгээр олгогдох бүтээгдэхүүний жагсаалтад багтаагүй хүнсээр үйлчилсэн гэж үзэн торгуулсан нь тэр юм билээ. Одоо бол бид журмаа яг таг дагаж байгаа” хэмээн “Алтан дөл” хүнсний дэлгүүрийн эзэн Ц.Отгонбор тайлбарлав. Дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт хүнсний талоноор үйлчилж буй дэлгүүрийн сарын тайланг, иргэдийн авсан барааны хэвлэгдсэн талонтой хавсарган авч, хянаж шалгадаг байна. Улмаар жагсаалтад багтаагүй бүтээгдэхүүн олгосон бол дээр дурдсанчлан торгууль ногдуулахаас эхлээд хүнсний талоноор үйлчлэх эрхийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авдаг байна. 

“Алтан дөл” дэлгүүр хүнсний эрхийн бичгээр үйлчлэх тендэрт оролцож эрх авснаас хойш энэ онд хоёр дахь жилтэйгээ золгож байгаа аж. Сүхбаатар дүүргийн XII хорооны хүнсний талонтой иргэдэд л зөвхөн үйлчилдэг тус дэлгүүрт цагаан будаа 3-5 төрлөөр, үйлдвэрлэсэн улс, чанараасаа шалтгаалан 1 кг нь 2500-3500 төгрөгийн үнэтэй зарагддаг. Мах, дайвар бүтээгдэхүүн гэхэд адуу, үхэр, хонь, гахай, тахианы мах ястай ясгүйгээрээ гээд бүх төрлөөр байна. “Бид жагсаалтад багтсан бүтээгдэхүүнээс хүссэнээрээ сонгох эрхийг үйлчлүүлэгчиддээ олгодог. Үхрийн мах авах хүн ер нь ховор доо. Нэг килограммын үнэ нь өндөр болохоор талоных нь үнийн дийлэнхийг авчих гээд байдаг юм. Хүмүүс элдэв л юм гуйдаг. Гэхдээ бид дүрэм, журмаа бодоод өгдөггүй. Өнөөдөр нэг гуйлтыг нь биелүүлэхэд маргааш хоёр зүйл гуйна, тэгээд цаашлаад нэмээд л байх янзтай байдаг” хэмээн “Алтан дөл” дэлгүүрийн эзэгтэй Б.Наранцэцэг хэлэв. “Бусад дэлгүүр яадгийг мэдэхгүй бид чинь өмнө торгуулсан гашуун туршлагатай болохоор архи дарсыг хүнсний талоноор өгдөггүй” хэмээн онцлохоо ч эзэгтэй мартсангүй. 

Хүнсний талоноор архи, тамхи авдаг гэх иргэдийн хардлагын талаар Сүхбаатар дүүргийн XII хорооны урамшуулалт эргүүл Л.С-ээс тодруулахад “Хүнсний талоноор үйлчилдэг зарим дэлгүүрүүд талоных нь үлдсэн 9000-10000 мянган төгрөгт архи дарс өгөөд талх, гурил авсан шигээр талон гаргаж өгдөг. Ийм дэлгүүрүүд мэр сар байх шиг байна лээ. Яг үйлдэл дээр нь барьсан зүйл одоогоор байхгүй. Нөгөө талаар халамжийн үйлчилгээ авч байгаа иргэд хүнснийхээ талоны эрхийг нэмэгдүүлэх хүсэлтэй байдгаас ч юм уу, архи тамхи өгөөгүй дэлгүүрийг таньдаг дэлгүүрээрээ солих сонирхлоороо ч юмуу худал ховлож, хэрүүл хийх явдал ч гардаг” хэмээн хардаж буйгаа ч хуваалцсан юм.

Нийгмийн халамжаас хамгийн үр дүнтэй нь гэгдэж буй, зарим өрхийн өл залгаж буй гол найдвар болдог хүнсний талоныг өөрт ашигтайгаар эргүүлдэг дэлгүүрүүд байхыг үгүйсгэх аргагүй. Хүнсний талоноор уян хатан үйлчилдэг хэмээн нэг үйлчлүүлэгчийнх нь зааж өгсөн Сүхбаатар дүүргийн XII хорооны “Х” гэх нэртэй дэлгүүрт очин тодруулга авахаар яваагаа учирлахад дэлгүүрийн кассыг ажиллуулж суусан дунд насны эмэгтэй “Зураг авахуулж, тайлбар өгөхгүй” хэмээн бухимдангуй хэлсэн юм. 

“Х” дэлгүүр нь хүнсний эрхийн бичгээр олгохыг хориглосон шаржигнуур тахиа, зарим төрлийн импортын бүтээгдэхүүн олгодог гэдгийг үйлчлүүлэгчид нь хэлж байлаа. “Миний хувьд “Х” дэлгүүрээр хүнсний талоноор үйлчлүүлэхэд амар байсан. Зарим барааг жагсаалтад байгаа бараагаар сольж бичүүлээд авч болдог байсан. Тэгсэн энэ хавар хорооны халамжаас дэлгүүр сольж байгаа гэсэн. Хүнсний талоноор үйлчилдэг дэлгүүрийг сонгон шалгаруулахдаа иргэдийн саналыг асууна гэсэн ч дүүргийн халамжийн хэлтэс тендэр явуулахад тэнцсэн гээд иргэдийн саналыг аваагүй” хэмээн ярих эмэгтэй Ц.Т хүнсний эрхийн бичгийг авдаг болоод нэг жил болж буй гэнэ.

Уг нь амь амьжиргаанд дэмтэй, нүдээ олсон хөтөлбөр болж байгаа. Долоон ам бүлтэй манайх сард нэг удаа хүнсээ бөөнд нь авдаг. Хүнсний дэмжлэг үзүүлж чаддаг хэмээн ярьсан юм. Сард 7 ам бүлийн нийт 89000 төгрөгөөр сард хэрэглэх ургамлын тос, гурил, будаа, махаа аваад цалингаараа бусдыг нь зохицуулдаг болсон гэх Ц.Т-ийнх хувьд хүнсний талоны хөтөлбөрийн хувьд дэлгүүрийн тендэрт л эргэлздэг гэдгээ хэлэв

 

Хүнсний талон авдаг иргэд ипотект хамрагдах боломжгүй

Сүхбаатар аймгийн ХХҮГ-ын Хөдөлмөрийн хэлтсийн дарга Я.Отгон “Хүнсний эрхийн бичигт хамрагдах өрхийн насанд хүрсэн иргэд заавал ХХҮГ-т ажилгүй гэдгээ бүртгүүлсэн байх ёстой гэсэн шинэ журам батлагдсаны дагуу зорилтот бүлгийн өрхийн ажилгүй иргэд хүнсний эрхээ авахын тулд бүртгүүлдэг болсон. Өмнө нь ийм бүртгэл хийдэггүй байсан. Үүнтэй холбоотойгоор ажилгүй иргэдийн тоо өссөн. Аймгийн хэмжээнд ажилгүй иргэдийн тоо өмнөх оноос 80 орчим хүнээр өссөн үзүүлэлттэй байгаа” хэмээн “Монцамэ” агентлагийн сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа дурджээ. Хүнсний талон нэрээр танигдсан хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрт хамрагдаж буй иргэд гэдэг нь хүн амын хамгийн бага хэрэглээтэй хэсэг учир орон сууцны ипотекийн зээлд ч хамрагдах боломжгүй байдаг аж. 

Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээг явуулж эхэлснээр насанд хүрсэн нэг хүний хоол хүнсээр өдөрт авах 2500 ккал-ын илчлэгийг хэвийн хэмжээнд авах нөхцөл хангагдаж байгаа бөгөөд хамгийн бага хэрэглээтэй хүн амын хувьд өдөртөө 1800 килкалориос доогуур илчлэг авдаг байна. 

“Алтан дөл” дэлгүүрийн эзэн Ц.Отгонбор

Өмнө жилээ бодвол илүү олон хүн хамрагдаж байна. Манай дэлгүүр гэхэд зөвхөн Сүхбаатар дүүргийн XII хорооны иргэдэд үйлчилдэг. Тэгэхэд өнгөрсөн онд 1-10 дугаар хорооны дунд 60-70 өрх хүнсний талоноор үйлчилж байсан бол энэ онд ганцхан хорооны 140 гаруй өрхөд үйлчилж байна. Хороо бүрт өрхийн тоо асар их нэмэгдсэн байгаа юм. Эндээс би нийгмийн халамж жаахан хавтгайраад байна уу даа гэж дүгнээд байна.

Харин дэлгүүрийн эзэгтэй “Нийгмийн халамж хавтгайрсан гэж би бодохгүй байна. Хүнсний талон зорилтот хүндээ хүрч байх шиг харагддаг. Хүнсний талон барьж ирсэн хүмүүс ядруу л харагддаг. Гэхдээ хүнсний талоноор үйлчлүүлж байгаа юм чинь аль болох хямдаас нь олон кг-аар авах болов уу гэж бодож байсан. Тэгтэл хүмүүс талоноор авч байгаа ч гэлээ өндөр үнэтэй биш ч аль гайгүй чанартайгаас нь сонгодог, хүүхдүүддээ хэрэгтэй гээд сүүн бүтээгдэхүүн, тараг сонгож авч байгаа нь эрүүл мэнддээ анхаардаг болжээ гэж дүгнэхээр харагддаг шүү” хэмээлээ.

Хардлага, шүүмжлэл, зөв зүйл хэмээх магтаал гурвын дунд 8 жил гаруй хэрэгжиж буй хүнсний талоныг нийгмийн халамжийн зөв хөтөлбөр гэдэгтэй маргах аргагүй.

Хоёрхон долоо хоногийн өмнө сүр дуулиантай болсон Эдийн засгийн форумын үеэр яригдсан нэг зүйл нь ажилгүйдэл, ядуурлын шалтгааныг халамжийн бодлоготой холбон тайлбарлаж байлаа. Ямар ч улсын хувьд халамжийн бодлого хэрэгжүүлж эмзэг давхаргын иргэдээ авч явдаг. Харин халамжилж буй нь энэ гээд хавтгайруулан бэлэн мөнгө олгох нь ажил эрхлэлтэд сөргөөр нөлөөлдөг гэдгийг эдийн засагчид анхааруулсаар байгаа. Тиймээс ч бодит судалгаанд тулгуурласан, зорилтот бүлгээ зөв тодорхойлсон халамжийн үйлчилгээг бэлэн мөнгөөр бус зорилгоо биелүүлж чадах, хүнсний дэмжлэг үзүүлэх хөтөлбөртэй ижил төрлөөр явуулах цаг болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. яг өгөх ёстой хүндээ очдоггүй юм блээ хорооныхон нь дарга цэрэггүй хувааж лав авдаг юмблээ

    0 0 Хариу бичих
  2. Хүрдэггүй. Чингэлтэй дүүргийн ам бүл 3 . Босч чаддаггүй Саажилттай хүүхэд, 84 настай харвасан хэвтрийн ээжтэйгээ байдаг өрх толгойлсон эмэгтэйг боломжийн амьдралтай гээд оруулаагүй мөртлөө насанд хүрсэн эрүүл саруул хүүхдүүдтэйгээ байдаг өрхийг ядуу гээд оруулсан байсан даа

    0 0 Хариу бичих
  3. ажил хийлгэх. ажлын байраар хангах хэрэгтэй

    0 0 Хариу бичих