Монголоор дамжуулан 1900 км урт өндөр хүчдэлийн шугам барих төслийг танилцуулжээ

ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсын тэргүүн Шолбан Валерьевич Кара-Оол манай оронд албан ёсны айлчлал хийгээд буцлаа. Айлчлалын үеэр Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга түүнийг хүлээн авч уулзжээ. Уулзалтад ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсын Түлш, эрчим хүчний сайд Р.В.Кажин-Оол, Эрчим хүчний яамнаас төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан нар оролцсон байна.

ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсын тэргүүн Ш.В.Кара-Оол Евро-Азийн эрчим хүчний гүүр барих олон улсын төслийн хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэрээр ОХУ-ын Тува болон Буриад руу 500 кВт-ын 1900 км урттай өндөр хүчдлийн цахилгаан дамжуулах шугам барих төслийг танилцуулжээ. Энэхүү төслийн судалгааны ажил болон техник, эдийн засгийн үндэслэл дээр хоёр улсын судалгааны багуудыг ажиллуулахад санал нэгджээ. Мөн Монгол Улсад шинээр баригдах усан цахилгаан станц болон дулааны цахилгаан станцын төслүүдтэй уялдуулах зэрэг боломжуудыг судлах, эрчим хүчний гүүрийг БНХАУ болон Зүүн-Хойд Азийн улс орнуудыг холбосон тогтмол гүйдлийн өндөр хүчдэлийн транзит цахилгаан дамжуулах шугам болгож өргөжүүлэх, цахилгаан шугам барих төслийг хэрэгжүүлэхийн өмнө Эгийн голын усан цахилгаан станцын төслийг эхлүүлэх асуудлыг шийдэх ёстойг Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга онцолжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)