Улсын төсвийн татварын нийт орлого 23 хувиар өсчээ

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2018 оны эхний 4 сард 2.5 их наяд төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2.4 их наяд төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 98.2 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ашиг өмнөх оны мөн үеэс 204.0 тэрбум төгрөгөөр өсөхөд орлогын өсөлт зарлагын өсөлтөөс 10.2 пунктээр илүү байгаа нь нөлөөлсөн байна.

Татварын нийт орлого 2.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 423.5 (23.5%) тэрбум төгрөгөөр өсөхөд хөрөнгийн албан татвар 1.6 (4.4%) тэрбум төгрөг, тусгай зориулалтын орлого 0.3 (8.7%) тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч нийгмийн даатгалын орлого 53.8 (13.8%) тэрбум төгрөг, онцгой албан татварын орлого 73.2 (53.4%) тэрбум төгрөг, орлогын албан татвар 85.8 (17.4%) тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 121.7 (28.9%) тэрбум төгрөг, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 37.7 (19.5%) тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 53.4 (43.2%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Улсын нэгдсэн төсвийн орлогын 79.8 хувийг татварын орлого, 9.7 хувийг татварын бус орлого, 7.7 хувийг ирээдүйн өв сангийн орлого, 2.7 хувийг тогтворжуулалтын сангийн орлого эзэлж байна.

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2018 оны эхний 4 сард 2.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 194.2 (8.8%) тэрбум төгрөгөөр өсөхөд эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл 5.7 (27.0%) тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч хөрөнгийн зардал 105.7 (2.3 дахин) тэрбум төгрөг, урсгал зардал 94.2 (4.5%) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна. 

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт дүнд урсгал зардал 91.5 хувь, хөрөнгийн зардал 7.9 хувь, эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл 0.6 хувийг эзэлж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)