Сайд нар танхимын зарчмаа зөрчиж санал гаргав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Үндсэн чиглэл гэдэг бол "Дараа жилийнхээ төсвийг энэ хүрээнд, ийм чиглэлийн дагуу батална" гэсэн баримт бичиг. Гэвч УИХ хэтэрхий нарийвчлан хэлэлцэж байна. Учир нь, төсөв хэлэлцэж байгаа мэт гишүүн бүр санал гаргаж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төсөл хөтөлбөрүүдээ мөнгөн дүнтэйгээр нь багтаахыг хичээжээ. Бүр Засгийн газрын гишүүд нь танхимын зарчмаа зөрчиж санал оруулж ирсэн тохиолдол ч гарчээ.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан "Засгийн газраас оруулж ирсэн үндсэн чиглэлийн төсөл дээр Засгийн газрын гишүүд санал гаргаад элдэв янзын юм нэмээд байх юм. Танхимын зарчим гэж байна уу, ер нь" гэв. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Засгийн газрын гишүүдийн саналыг эргүүлэн татаж байна" гэж хэлсэн ч УИХ-ын дарга "Санал гаргасан хүн хэлэлцүүлгийн аль ч шатанд саналаа эргүүлэн татаж болно. Өмнөөс нь ингэж татахаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль зөрчигдөнө" гэв. Улмаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар "Сингапур улсад томилолттой явж байгаа Ц.Цогзолмаа сайдтай утсаар ярилаа. Гаргасан саналуудаа эргүүлэн татаж байгаагаа мэдэгдлээ" гэв.

Гэвч удалгүй Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мөн л гаргасан саналаа дэмжүүлэх хүсэлтэй байгаагаа хэллээ. Түүний дараа үг хэлсэн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа "УИХ хэзээ үндсэн чиглэл хэлэлцэхдээ ингэж нарийн тооцоололтой төсөл хөтөлбөрүүдийг тусгадаг болчихов оо. Үүнийг чинь төсөв хэлэлцэхдээ л яриад шийдчихэж болно шүү дээ. Засгийн үүнийгээ танхимаараа ярилцаад нэг ойлголттой орж ирэх ёстой. Гэтэл УИХ дээр оруулж ирснийхээ дараа нэмж санал гаргаад байх юм. Үндсэн чиглэлийг ингэж хэлэлцэж болохгүй. Бүр болохгүй бол төслөө эргүүлэн тат Ч.Хүрэлбаатар сайдаа" гэсэн юм.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. наад МАН-ынхан чинь Төсөв хэлэлцэх нэрийдлээр хоорондоо дайтаад байна шүү дээ,

    0 0 Хариу бичих