Сэтгүүлч, яруу найрагч Д.Дамдинжавын “Гол тоглогч” номын хурим боллоо

Сэтгүүлч, яруу найрагч Дамдинсүрэнгийн Дамдинжавын “Гол тоглогч” номын хурим өчигдөр “Интерном” номын их дэлгүүрийн төв салбарт боллоо. Номын нээлтэд МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр, МУБИС-ийн Нийгэм Хүмүүнлэгийн ухааны сургуулийн захирал Ж.Батбаатар, “Зиндаа” сэтгүүлийн ерөнхий редактор, “Гол тоглогч” номын редактор Ц.Оюунчимэг болон зохиогчийн гэр бүлийнхэн, бага ангийн багш, багын найзууд, хамт ажиллаж байсан үе үеийн сэтгүүлч анд нөхөд нь хүрэлцэн очсон байв. Д.Дамдинжав оюутан ахуй цагдаа  "Бусдын сүм дэх миний эрх чөлөө" анхныхаа номыг өлгийдөн авч байсан бол удаах "Зүрхний хэл" яруу найргийн номоороо "Алтан өд" утга зохиолын дээд шагналд нэр дэвшиж байв. Гол тоглогч нь Д.Дамдинжавын гурав дахь ном юм.   

Гол тоглогч” ном нь сэтгүүлзүйн нэгэн төрөл болох памфлетаас бүрдсэнээрээ онцлог бөгөөд орчин үеийн Монголын улс төр, спорт, уран зохиол, сэтгүүлзүй  гээд салбар салбарынхаа нүүр царай, өнгө төрх нь болсон 13 эрхмийг зохиогч сэтгүүлч мэргэжлийнхээ ёс зүйн боломж, өөрийн авьяас чадвартаа дулдуйдан хэрхэн сонирхолтойгоор хөрөглөснийг олж унших боломжтой

Энэ удаа нээлтээ хийж буй “Гол тоглогч” ном нь сэтгүүлзүйн нэгэн төрөл болох памфлетаас бүрдсэнээрээ онцлог бөгөөд орчин үеийн Монголын улс төр, спорт, уран зохиол, сэтгүүлзүй  гээд салбар салбарынхаа нүүр царай, өнгө төрх нь болсон 13 эрхмийг зохиогч сэтгүүлч мэргэжлийнхээ ёс зүйн боломж, өөрийн авьяас чадвартаа дулдуйдан сонирхолтойгоор хөрөглөснийг олж унших боломжтой юм.

МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр: Д.Дамдинжавын найз, бас уншигч фэн нь

Эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа ч оргоод гараад ирлээ. Ийм сэтгэл хөдөлгөсөн, сайн сайхан үйл явдалд оролцохгүй байж чадсангүй. Д.Дамдинжав бид хоёр найзлаад 10 гаруй жил болчихжээ. Сүүлд “Зиндаа” сэтгүүлд хамт ажилласнаасаа хойш найзынхаа бичлэгийн ур чадвар, сэтгэлгээний цар хүрээ, нарийн мэдрэмжийг улам ихээр мэдэрсэн гэж хэлж болно. Д.Дамдинжавын номын нэр “Гол тоглогч”. Орсон баатрууд нь салбар бүртээ л яах аргагүй гол тоглогчид. Гэхдээ, энэ номын бүтээснээрээ, Д.Дамдинжав маань өөрөө бас Монголын сэтгүүл зүйд “Гол тоглогч” байх эрхтэй гэдгээ батлан харуулж байгаа гэж бодож байна. Би Д.Дамдинжавынхаа найзаас гадна бичсэн нийлэлүүдийг нь хамгийн анхны уншигчдын нэг, фэн нь.  

Яруу найрагч Д.Ган-Очир: Уран бүтээлч хүн уншигчдадаа, өөртөө, бүтээлдээ хэрхэн хүндэтгэлтэй ханддагийг тэр харуулсан

Олон жилийн өмнө Дорнод аймаг руу, нутаг руугаа явахдаа зам нийлж анх Дамдинжавтайгаа танилцаж байлаа. Тэр үед төгсөх курсын оюутан гэсэн мөртлөө маш зузаан том, ном гаргаж ирж, нутгийн найрагч Хүдэрчулуун бид хоёрыг алмайруулж байж билээ. Нутагтаа очсон хойноо Гурванзагал суманд яруу найргийн наадамд шүүгчээр суутал нөгөө замын унаанд танилцсан хүү маань шүлгээ уншсаар түрүүлчихдэг юм байна. Ингэж анх танилцаж байлаа. Манай Гурванзагал сумын уугуул байсан нь бид хоёрыг илүү дотно танилцахад нөлөөлсөн. Хожим “Зүрхний хэл” номыг нь уншаад үнэлэх сэтгэл минь улам л нэмэгдсэн. Тэр ном бол уран бүтээлч хүн номдоо хэрхэн хандах ёстойг харуулсан үлгэр жишээ байсан. Зөвхөн зураг хавтаснаас нь л сэтгэл, хүндлэл нэвт харагдахаас гадна тэр дотор бичигдсэн мөртүүд нь гайхалтай. Тэр үед би Д.Дамдинжавыг үнэхээр бурхнаас заяасан авьяастай найрагч юм байна гэдгийг мэдэрсэн. Нутгийн дүүдээ эрүүл энх, цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье. .    

Сэтгүүлч М.Батмөнх: Анхны өдөр тутмын сэтгүүлийг өлгийдөхөд нь шавиараа бахархаж байлаа

“Өнөөдрийн Монгол” сонинд хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байхад Хүмүүнлэгийн ухааны их сургуулиас хэдэн шижигнэсэн хүүхэд ирж ажилласны нэг нь Д.Дамдинжав байгаа юм. Тийм болохоор намайг “Нарийн” гэж дууддаг.

Д.Дамдинжав маань Монголд анх удаа “Энэ таны сонголт” гэдэг нэртэй өдөр тутмын сэтгүүлийг өлгийдөн авч гаргаж байлаа. Тэр үед “Хэтэрхий эрт ийм том зүйл рүү ороод ирээ мохоочих вий дээ” гэж санаа зовж байснаа нуугаад яах вэ. Гэвч шавь маань чадсан. Уншигчдын гар дээр өдөр тутам сэтгүүлийн шинэхэн дугаар тавих тэр нүсэр ажлыг үеийн найз нөхөд, сэтгүүлчидтайгээ хамтраад багагүй хугацаанд нугалж явсан юм шүү. Д.Дамдинжав чадварлаг сэтгүүлчээс гадна шинийг сэтгэдэг, мэргэжлийн хувьд ч хувь хүнийхээ хувьд зоригтой, хийсэн ажилтай хүн гэдгийг тодотгохын тулд үүнийг ярьж байгаа юм. Д.Дамдинжавтаа цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье.    

“Гол тоглогч” ном “Интерном” номын их дэлгүүрийн бүх салбараар худалдаалагдаж байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Амжилт хүсье

    0 0 Хариу бичих