ШХАБ-ын аюулгүйн нарийн бичгийн дарга нарын хурал болно

БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо өчигдөр ШХАБ-ын эмэгтэйчүүдийн анхдугаар форум нээгджээ. Энэ удаагийн форум “Эмэгтэйчүүдийн хүчийг төвлөрүүлж, хамтын хөгжлийг ахиулъя” гэсэн уриан дор болж байгаа аж. ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орон, эмэгтэйчүүдийн байгууллагын 200 гаруй төлөөлөгч уг форумд оролцож, эмэгтэйчүүд ба шинэчлэл хөгжил, эмэгтэйчүүд ба үзэсгэлэнт дэлхий, эмэгтэйчүүд ба харилцан ашигтай хамтын ажиллагаа зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж байгаа гэнэ. ШХАБ-ын эмэгтэйчүүдийн анхдугаар форум өнөөдөр өндөрлөх юм. 

Түүнчлэн ШХАБ-ын гишүүн орнуудын аюулгүйн хурлын нарийн бичгийн дарга нарын XIII хурал энэ сарын 21-22-нд Бээжинд зохиогдох юм байна. Энэ хурал нь ШХАБ гишүүн орноо өргөтгөсний дараа анх удаа болж буй гишүүн орнуудын аюулгүйн нарийн бичгийн дарга нарын хурал юм байна.

Хурлаар ирэх сард болох Чиндаогийн чуулга уулзалтад улс төр, аюулгүйн  бэлтгэлийг хангах зорилготой ажээ. ШХАБ-ын гишүүн орнуудын аюулгүйн асуудлыг хариуцсан өндөр албан тушаалтнууд, ШХАБ-ын холбогдох албаны хүмүүс хуралд оролцон, ШХАБ-ын бүс нутгийн аюулгүй байдал, тус байгууллагын аюулгүйн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл зэрэг асуудлаар санал бодлоо солилцох юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)