Ипотекийн зээлийн урьдчилгааг бууруулахыг Засгийн газар дэмжээгүй байна

Барилга хот байгуулалтын яам, Сангийн яамтай хамтран ипотекийн зээлийн хүү, урьдчилгааг бууруулах ажлын хэсэг байгуулаад байсан. Тэгвэл ажлын хэсгийнхэн шинэ журам боловсруулж Засгийн газрын хуралдаанаар оруулсан ч дэмжигдээгүй байна. Тодруулбал, ОУВС-тай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд төсвийн мөнгөний орлого, зарлага хянагдсан байх ёстой учраас шинэ журам хэрэгжих боломжгүй гэж үзжээ.

Тиймээс ажлын хэсэг ипотекийн зээлийн өөр хувилбарыг судалж байгаа аж.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд 130 мянган өрх ипотекийн зээлд хамрагдаж, орон сууцтай болжээ. 2018 онд ипотекийн зээлд улсаас 120 тэрбум төгрөг, банкны эргэн төлөлтөөр 220 тэрбум төгрөг, ипотекийн эргэн төлөлтөөр 220  тэрбум, банкууд өөрсдөө мөнгө гаргахад 10 мянга гаруй айлыг орон сууцтай болгоно гэж тооцоод байгаа аж. Өнгөрсөн онд 10400 айл өрх, ипотекийн зээлд хамрагдаж байсан. Өмнө нь Засгийн газар бонд гаргаж, арилжааны банкинд байсан мөнгийг татах замаар олгож байсан бол 2017 оноос эхлэн Засгийн газар бонд гаргахаа больсон. Тэгэхээр арилжааны банкуудад мөнгө байгаа учраас ипотекийн зээлд гаргах боломжтой гэж салбарын яам үзэж байгаа юм байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)