С.Бямбацогт: 50 гишүүн хуралдаад 26-гийнх нь саналаар Засгийн газраа огцруулаад байж болохгүй

-Хуралдаа суухгүй гишүүдийг эгүүлэн татах зохицуулалт орсон-

УИХ-ын гишүүн С.Бямбацогтоор ахлуулсан ажлын хэсэг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж дуусчээ. Өнгөрсөн хугацаанд уг хуульд манай парламент зургаан удаа өөрчлөлт оруулж байсан байна. Үндсэндээ үе үеийн парламент өөрсдийн эрх ашигт тааруулж, хуульд “гар хүрч” байсан аж. Одоогийн өөрчлөх хуулийн төсөл Монгол Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагааг боловсронгуй болгох, тасралтгүй, түргэн шуурхай, үр дүнтэй явуулах, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг илүү тодруулж утга агуулгыг шинэчлэхэд чиглэгджээ.

Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос хуульд ямар зүйл заалт оруулж байгаа талаар тодрууллаа.

-Дэгэнд ордоггүй дураараа аашилдаг гишүүдийг дэглэх хуулийн төсөл танай ажлын хэсэг боловсруулжээ. Одоо мөрдөгдөж байгаа хуулиас чанга төсөл гэж ойлгоод байгаа. Хуулийн голлох заалтуудаас та дурдвал?

-УИХ-ын гишүүн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллахаар ард түмнээс сонгогддог. Гэтэл сонгогдсон хойноо хуралдаандаа суухгүй, хуралдааны дэгийг зөрчиж, ёсзүйгүй аашилж байна гэх шүүмжлэл нийгэмд гарсан. Тиймээс УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо эдгээр асуудалд дүгнэлт хийж, УИХ-ын тухай болон Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар боллоо. Ингэхдээ УИХ-ын гишүүний ёсзүй, сахилга бат, хариуцлагын асуудлыг тодорхой болгож, өргөсөн тангарагаа зөрчсөн бол хүлээх хариуцлагыг тогтоон, ажлаа чанартай шуурхай явуулахаар зохицуулалт тусгаж байгаа. 

-Хуулиа зөрчсөн гишүүдэд тооцох хариуцлага юу байх вэ?

-Байнгын хороо, чуулганы хуралдаандаа суудаггүй гишүүнийг эгүүлэн татаж, бүрэн эрхийг нь дуусгавар болгох, илт санаатайгаар хүн доромжилж, дэг зөрчвөл хуралдаанаас хөөж гаргах зэргээр хариуцлагагүй, ёсзүйгүй гишүүдийг дэгэнд оруулна. Хуулийн мухардалд ордог асуудлыг мөн зохицуулж байгаа. Цэц шийдвэр гаргаж, хуулийн заалтыг түдгэлзүүлсэн, шийдвэр цуцалсан бол 24 цагийн дотор УИХ-д ирүүлэх, УИХ Цэцийн шийдвэрийг хүлээн авсан бол 10 хоногийн дотор холбогдох хуульд өөрчлөлт оруулдаг болохоор тусгасан.

2012-2016 оны парламентыг авч үзвэл эхний гурван чуулганд гишүүд 9800 орчим цаг тасалсан байдаг. 2016 оноос бүрэлдсэн чуулган эхний гурван чуулганд 1000 орчим  цагийн таслалттай гарсан. Өмнөх параментыг бодвол энэ чуулган 10 дахин бага таслалттай байгаа. Гэхдээ шүүмжлэл, хандлага их байна. Тиймээс илүү идэвх, хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор чуулганы хуралдаанд суусан цагийнхаа 1/3 -ээс хэтэрсэн таслалттай бол гишүүнийг эгүүлэн татах зохицуулалт орж байна.

Байнгын хороо, чуулганы хуралдаандаа суудаггүй гишүүнийг эгүүлэн татаж, бүрэн эрхийг нь дуусгавар болгох, илт санаатайгаар хүн доромжилж, дэг зөрчвөл хуралдаанаас хөөж гаргах зэргээр хариуцлагагүй, ёсзүйгүй гишүүдийг дэгэнд оруулна. 

-Гишүүд картаа бие биедээ дамжуулж ирцэд бүртгүүлэх явдал гардаг. Үүнийг хэрхэн зохицуулах юм бол?

-Гишүүд өөрийн биеэр ирж хурууны хээгээр ирцээ бүртгүүлдэг болно. Мөн санал өгөх, үг хэлэхдээ хурууны хээгээрээ өгдөг болох заалт оруулж байгаа. Ингэснээр хүний өмнөөс кноп дардаг “төгөлдөр хуур” тоглодгийг болиулах юм.

-Чуулганы хуралдаанд оролцож мэдээлэл өгч байгаа ажлын хэсгийнхэн үнэн зөв мэдээлэл өгөх ёстой гэсэн байсан. Энэ ямар учиртай юм бэ?

-УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаанд оролцож байгаа хүмүүс үнэн зөв, бодитой мэдээллийг өгдөг байх ёстой. Хуралдаандаа хүндэтгэлтэй хандахгүй, худлаа ярьж, бодит бус мэдээлэл өгч төрийг хуурдаг албан тушаалтнууд байх ёсгүй. Санаатайгаар худал мэдээлэл өгсөн бол огцруулах, төрийн албанаас халах үндэс болно гэж хуульчлахаар тусгасан.

-Засгийн газрыг огцруулах босгыг өндөрсгөхөөр хуулийн төсөлд тусгасан байсан. Тогтвортой байдлыг хангах асуудлыг хуульчилж өгч байна гэж ойлгож болох уу?

-1992 хойших долоон удаагийн парламент 14 Засгийн газар огцруулсан байна. 1992-2000 онд Засгийн газрын ажиллах дундаж хугацаа 19 сар, 2000-2018 онд 28 сар байжээ. Засаглалын энэ тогтворгүй байдал УИХ, Засгийн газрын нэр хүндийг унагах, итгэх итгэлийг бууруулах гээд олон сөрөг талтай. Шинэчлэлийн гэх тодотголтой Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад хуралдаанд оролцсон 66 гишүүний буюу 36-гийн саналаар буюу нийт 76 гишүүний 50 хүрэхгүй хувийн саналаар огцруулж байсан. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг 72 гишүүний 41 буюу 50-аас дээш хувиар огцруулсан. Энэ байдлаар тухайн хуралдаанд оролцсон гишүүдийн бус нийт 76 гишүүний 50-иас дээш хувь буюу 39-өөс дээш гишүүний саналаар огцруулдаг болохоор тусгасан. Ингэснээр Засгийн газрыг тогтвортой ажиллах боломжийг бүрдүүлнэ. Эс бөгөөд 50 гишүүн хуралдаад 26-гийнх нь саналаар Засгийн газраа огцруулаад байж болохгүй. Мэдээж Үндсэн хуульд Засгийн газрыг тогтвортой ажиллуулах, засаглалыг сайжруулах талаар зохицуулалт орно.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. Tarah heregtei

    0 0 Хариу бичих
  2. Гишүүдийг хариуцлагыг чангатгах нь зөв, даварсан бачканууд шүү гишүүд

    0 0 Хариу бичих
  3. Бямбацогтоо нэг Хүний илүү Санал Ардчилсан зарчимаар л Ялж, Асуудал шийдэгдэж л байна ш дээ, Энийг л хүлээн зөвшөөрөхгүй юм бол Парламент гэж байхын хэрэг байна уу,

    0 0 Хариу бичих
  4. Бямбацогтоо чамд бид өргүй шүү аятайхан байгаарай битгий худлаа попдоод бай!!!!

    0 0 Хариу бичих
  5. тэгвэл Санал хурааж Олонхийн саналаар гэж яриад хэрэггүй шүү дээ, олонхийн Дэмжлэг авсан л бол тэрүүгээр нь шийдэх хэрэгтэй ш дээ, тэгээд л нэг их Хуулиа дээдэлдэг Гишүүд шиг Хууль зөрчилөө гэж ярихыг яанаа, Бямбацогт одоо тэгж Хууль зөрчилөө гэж ярихаа болио, Хамгийн их Хууль зөрчиж, Эрхээ хэтэрүүлдэг Нөхдүүд чинь Та нар өөрсдөө шүү дээ,

    1 0 Хариу бичих
  6. Энэ их хурал дэгэнд орох уу.Энд тэндхийн эрээвэр хураавар золбин юмнуудыг нэг дор цуглуулчихсан юм шиг л байдаг.Дэгэнд орж амжаагүй байхад 2020 оны сонгууль болно доо

    0 0 Хариу бичих