З.Нарантуяа: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа амилна, амилахдаа...

“Үндэстний ТОЙМ” сэтгүүлийн энэ удаагийн Онцлох зочноор УИХ-ын гишүүн Загдхүүгийн Нарантуяа уригдлаа. 

Шууд л асууя. Сонгуулийн үеэр одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгад АН-аас Монголын ард түмний өрийг дарах албан даалгавар өгч байсан. Буруу санаагүй бол та ч бас тэнд байсан. Ер нь Ерөнхийлөгчөөс энэ талаар нь шахаж, шаардаж байна уу?

Би тэгэхэд байсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө АН түүнд ямар даалгавар өгснөө ч мартаагүй. Монгол Улсын бараг бүх иргэн өрийн дарамтад орчихсон байгаа учраас баялгаа зөв удирдаж, иргэддээ хүртээх замаар өрх бүрийг тогтвортой орлогын эх үүсвэртэй болгох тал дээр та ажиллаарай гэсэн. Хүн бүр хэрэглээгээ хангах гэж авч байгаа цалин, тэтгэвэрээ барьцаалж, урьдчилан зээл авсаар зээлээс зээлийн хооронд амьдарч, хуримтлал үүсгэж чадахгүй байгааг бүгд л гайхаж, шагширч байгаа. Бодитой хэрэгжсэн юм алга. Тиймээс эхний удаад 10 жилийн өмнө иргэддээ эзэмшүүлсэн 1072 хувьцаандаа ногдох ашгийг нь л хуваарилаад өгчихөд 100-300 мянган төгрөгийн тогтвортой орлого одоогийн орлого дээр нь нэмэгдэх бодит тооцоо хийж үзээд энэ даалгаврыг өгсөн. Тэр дагуу Ерөнхийлөгч ажиллаж байна. “Эрдэнэс Тавантолгой” нийтийн өмчийн компанийн тухай хуулийн төслийг боловсруулж, өргөн барихад бэлтгэж байна. 

“Эрдэнэс Тавантолгой” нийтийн өмчийн компанийн тухай хуулийн төслийг боловсруулж, өргөн барихад бэлтгэж байна

Хууль батлагдвал яг юу өөрчлөгдөх юм?

Энэ хууль батлагдвал одоо иргэдийн эзэмшиж байгаа 1072 дээр төрийн эзэмшиж байгаа хувьцааг нэмж хуваарилах юм. Хэдийг нь нэмэхийг УИХ шийднэ. Одоогийн байдлаар төрийн эзэмшлийг тэг буюу зөвхөн алтан хувьцаа болгож, бүх энгийн хувьцааг иргэдэд 100 хувь эзэмшүүлье гэсэн концепциэр төсөл хийгдэж байна. Хоёрдугаарт, “Эрдэнэс Тавантолгой” 2010 онд Хятадын “Чалько” компаниас Засгийн газрын авсан зээлийг төлж дуусаад энэ жилээс ашигтай ажиллаж эхэлсэн учраас ногдол ашгийг заавал хуваарилах үүргийг компанид үүрэг болгож, хэрхэн яаж тооцож, хуваарилахыг хуульд зааж өгч байгаа. Энэ жил л гэхэд 461 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Компанийн урьд өмнө үүсгэсэн өр, төлбөр, алдагдалыг хаагаад иргэдэд хуваарилахад 40-хөн тэрбум төгрөг үлдсэн учраас энэ жил хуваарилахгүй гэж 4-р сарын 27-нд хуралдсан Хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэлээ. Энэ бол 51 хувийг эзэмшиж байгаа төрийн шийдвэр. 1072 хувьцаа эзэмшигч энэ хуралд оролцоогүй, хараат бус гишүүд нь ч хүчтэй дуугарч, ногдол ашгаа хуваарилуулж чадсангүй. Тиймээс хуулиар л үүрэгдэхгүй бол төр эзэн нь байгаа цагт иргэдэд өгөх тал дээр хэзээ ч шуурхай хөдлөхгүй нь гэдэг нь энэ мэтчилэн бүтэхгүй байгаа нь харагдаж байгаа. Удирдлагыг нэг нам, улстөрч дагасан тэдний хамаатан садан, ойр тойрныхноос томилж байгаа буруу жишгийг энэ хуулиар зогсоох юм. Зөв удирдлага, менежментийг төлөвшүүлж байж, хариуцлагатай, ашигтай компани болно. Иргэдийн хувьд ногдол ашгаараа өрөө төлнө үү, өрхийнхөө хуримтлалыг үүсгэнэ үү гэдэг хувийнх нь сонголтын асуудал байх болно.

1072 хувьцааг мөнгөжүүлнэ, удахгүй ногдол ашиг тараана гээд бараг 10 жил болсон. Ногдол ашиг авсан, зарж мөнгө болгосон хүн тун цөөхөн. 2010, 2011 онд ахмадууд “21 мянга” хэлбэрээр, оюутнууд сургалтын төлбөр маягаар, бас цөөн хүн 2016 оны сонгуулийн өмнө 300 мянган төгрөгөөр авсан. Бусад хүн бол хувьцаатай гэх нэртэй ч үнэндээ хүртэж байгаа ашиг, өгөөж гэх юм алга. Хууль батлаад өөрчлөгдөх үү?

Тийм ээ. Хүний хөгжил сангийн тухай хууль гаргаж, олон төрлийн мөнгө тарааж, түүндээ хувьцааг суутгасан. Одоо 2 сая 500 мянган хүн л хувьцаатайгаа үлдсэн. Компанийг бие даасан байдлаар аж ахуй бизнесийн байгууллагынх нь зарчмаар ажиллуулахгүй, улс төрийн намууд сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэх мөнгө босгоход ашиглаад орхиод байсантай холбоотой. УИХ, Засгийн газрын олон тогтоол, шийдвэр байгаа ч хэрэгжүүлэхгүй байна. Тиймээс л энэ хуулийг гаргах гээд байгаа юм. Хуулиар үүрэг болгох гэж. Төрийн нийтийн өмчийн хууль байдаггүйгээс баялгаа хэрхэн эзэмшүүлэх нөхцөлийг хуульчлаагүй орхисноос лиценз эзэмшиж байгаа хүн өмчлөгч болчихоод байна. Цаашдаа хууль эрх зүйн хувьд хэд хэдэн үе шаттайгаар энэ бүхнийг өөрчлөх шаардлага зүй ёсоор гарч ирж байна.

1072 хувьцааг амь оруулах талаар маш олон санаачилга гадуур эрчимтэй явж байна ш дээ. Энэ талаар юу хэлэх вэ?

Тийм байна. Уул уурхайн сайд гадаадын хөрөнгийн бирж дээр IPO гаргана гэсэн байр суурь илэрхийлсэн. Зарим хүн эхлээд дотоодын хөрөнгийн бирж дээр иргэдийн 1072 ширхэг хувьцааг чөлөөтэй арилжаалах нөхцөлийг бий болгож, компанийг нээлттэй хувьцаат компани болгоё гэсэн хувилбар ч бас яригдаж байна. Аль ч тохиолдолд нь биржийн бүртгэлд бүртгэгдэх нөхцөл, шаардлагаа эхлээд биелүүлэх ёстой. Одоогийнх шиг үйл ажиллагааны тайлан нь ил тод биш, удирдлага нь улс төрийн томилгоогоор шийдэгддэг, хувьцаа эзэмшигч нар нь хуралдаа ч суух эрхгүй компанийг хаана ч бүртгэхгүй. Журам нь тийм. Тиймээс эхлээд компаниа зөв гольдролд нь оруулж, олон улсын төвшинд үнэлдэг шалгуурт нь нийцүүлэх хэрэгтэй. Үүнийгээ хийж чадалгүй л 10-аад жил боллоо. “Эрдэнэс Монгол” ХХК мөн ялгаагүй. Хувьцааг амилуулна гэдгийг зөвхөн нэг удаа байгаа хувьцаагаа зараад үнэ хүргэхэд бус хувьцааг эзэмшсэнээр тогтвортой удаан хугацаанд байнга орлого олох боломжтой байх нь өгөөжийн хувьд илүү ч байж мэднэ. “Эрдэнэс Тавантолгой”-н энгийн хувьцаа, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн давуу эрхийн хувьцааг нийт иргэдэд эзэмшүүлсэн зорилго ч тийм байсан. Дотоодын бирж дээр гаргахын тухайд онолын хувьд, хууль тогтоомжийн хувьд боломжтой. Фэйсбүүкийн санал асуулгын дүнг харахад яг өнөөдөр нээлттэй арилжаанд оруулахад хувьцаагаа арилжина гэсэн хүсэлтэй маш олон хүн байгаа нь харагдаж байна. Эдгээр хүмүүст хандаж хэлэхэд хоёр зүйлийг ойлгох хэрэгтэй. Хувьцаа гэдэг бол өмчлөх, эзэмших эрхийг илэрхийлсэн үнэт цаас. Энгийнээр тайлбарлавал, тухайн компанийн хөрөнгийг өмчлөх, эзэмших эрх, түүндээ ногдох ашгийг тогтвортойгоор хүртэх хууль зүйн баталгаа л даа. Хэрвээ зарвал энэ эрхээ цуг алдана. Эргээд худалдаж авч ч болно л доо. Зарах, худалдан авах үнийн зөрүүгээр ашиг хийж чадаж байвал болох л зүйл. Гэвч иргэн бүр ингэж чадах уу? Ийм хэмжээнд манай иргэдийн хувьцааны боловсрол хүрсэн билүү? Нийт иргэдийн 0.1 хувь л хувьцааны арилжаанд оролцдог гэсэн тооцоо байгаа. Иймээс иргэдийнхээ санхүүгийн мэдлэг боловсролд илүү их анхаарах асуудал тавигддаг. Үндэсний хэмжээний хөтөлбөр батлагдсан ч хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа арга хэмжээ хүн бүртээ хүрч очоогүй л байна.

Хувьцааг амилуулна гэдгийг зөвхөн нэг удаа байгаа хувьцаагаа зараад үнэ хүргэхэд бус хувьцааг эзэмшсэнээр тогтвортой удаан хугацаанд байнга орлого олох боломжтой байх нь өгөөжийн хувьд илүү ч байж мэднэ

Иргэдэд үйлчилдэг Үнэт цаасны компаниудаа мөн чадавхижуулах бодлогыг дорвитой явуулахгүйгээр ялангуяа орон нутгийн иргэдэд үйлчилдэг үнэт цаасны компаниуд хангалттай үйл ажиллагаа явуулж чадахгүй байна. Тиймээс нийт иргэдэд хүртээмжтэй хуваарилалт болж чадахааргүй нөхцөл байдал байна. 933 төгрөгийн үнэ бүхий нэгж хувьцааны үнэ 10 мянган төгрөг хүрнэ гэж хийсвэрлэж тооцох нь учир дутагдалтай. Үнийг зах зээл тодорхойлно. Тиймээс энэ компанийн үнэ цэнийг нэмэгдүүлэхийн тулд тодорхой хугацаанд бие даасан хууль гаргаж, тусгайлан зохицуулахаас өөр аргагүй. Энэ тохиолдолд энэ жилийн 461 тэрбум төгрөгийн ашиг хэд дахин өсөх боломж байна. “Эрдэнэс Тавантолгой” компани бол асар их нөөцтэй, бүх иргэддээ өгөөжийг нь хүртээх боломжтой, ажиллагааны зардал багатайгаар олборлолт явуулаад байх боломжтой. Компанийг дэд бүтцийг сайжруулж, зам, станц байгуулж, олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх, мөн борлуулах үнийг нэмэгдүүлэхийн тулд угааж баяжуулах үйлдвэрийн хэрэгцээ байгаа ч зөвхөн энэ зорилгоор хөрөнгө татах гэж иргэдийг хувьцаагаа зарахад хүргэх нь буруу. Үндсэн хуульд заасан баялгаа эзэмших эрхийг нь хадгалаад санхүүгийн өөр хэрэгслүүдийг ашиглаж, хөрөнгө оруулалт татах боломж байна шүү дээ. Хөрөнгийн удирдлагын мэргэжлийн хүмүүсийг томилоод хараат бусаар ажиллуулахад л үүнийг хийчихнэ. Төр үүнийг хийж чадахгүй нь гэдгээ 10 гаруй жилийн хугацаанд харуулсан.

Иймээс яг одоо компанийг нээлттэй компани болгож, Хонгконгийн хөрөнгийн бирж дээр гаргана гэсэн Уул уурхайн сайдын яриа бол олон жилийн хоосон ярианы үргэлжлэл. Бид бодит бэлтгэлээ хийхгүйгээр хоосон яриа их ярьдагаас болоод хөрөнгө оруулагчид, гадаад улсууд төр Засгийн үгэнд итгэхээ болиод байна. Дотоодын хөрөнгийн биржэд шууд нээлттэй хувьцаат компаниар бүртгэж, хоёрдогч арилжааг эхлүүлэх ч цаг нь болоогүй гэж би хувьдаа харж байгаа.

Тодруулбал,

Өнөөдрийн байдлаар хөрөнгийн бирж дээр 313 хувьцаат компанийн 29 тэрбум ширхэг хувьцаа бүртгэлтэй. Үүнээс нээлттэй хувьцаат компанийн хувьцаа нь 8.6 тэрбум орчим. 6 компани хаалттай буюу хувьцаагаа нийтэд зардаггүй. 29 тэрбум ширхэг хувьцааны 12-13 хувь нь арилжаалагдаж, бусад нь гэр бүлийн, ганц хоёрхон хүн, найз нөхдийн мэдлийн хувьцаа болчихсон. Нийт хувьцааны 93.8 хувь нь нийт иргэдийн 0.1 хувьд нь хадгалагдаж байна. Яагаад энэ олон компани хөрөнгө санхүү хэрэгтэй байтал хувьцаагаа төвлөрүүлээд суугаад байгаа юм. Үүнийг задлах ямар бодлого хэрэгжүүлэх вэ? Хувьцаа, үнэт цаас гаргах мэдлэг, туслах мэргэжлийн байгууллагууд нь алга байна шүү дээ. Байгаа хэдийг нь томорч, чадавхижихад нь дэмжих хэрэгтэй. Нээлттэй байхын давуу тал их ч мэдээллээ нуух, тайлан балансаа буруу гаргах, олон нийтийн хараа хяналтаас ангид байх гэсэн бодлоосоо салж чадаагүй байна.

Хөрөнгийн бирж дээр хувьцааг амилуулна гэж сэтгэлийн хөөрлөөр ярих хэрэггүй. Хувьцааны арилжаанаас ашиг олно гэж тооцсон үнэт цаасны компаниудыг буруутгахгүй. Гэвч эцсийн эцэст төр шийдэх асуудал. Баялгийн хувьд төрийн бодлого нь баялгийн тэгш, хүртээмжтэй хуваарилалт байх ёстой. Баялгаа зөв удирдсан улс орнуудын туршлага ч ийм л байна. 

Уул уурхайн орд эзэмшигч компанийн хувьд “Эрдэнэс Тавантолгой”-н иргэдийн эзэмшиж байгаа хувь (1072 ширхэг хувьцаа)-ийг нээлттэй арилжаалж эхэллээ ч төрийн мэдлийн бусад хувьцаа нь эргэлтэд орохгүй, төрд төвлөрсөн байдлаараа үлдвэл зарчмын хувьд төвлөрсөн компаниудаас юугаараа ялгарах юм? Төрийн болон төрийн өмчийн оролцоотой 53 хувьцаат компани бирж дээр нээлттэй бүртгэлтэй байна. Ногдол ашиг хуваарилж байгаа нь жижиг Тавантолгой л байна. Шахаас, ашиггүй ажиллагаанаас үр дүн гарч, ногдол ашиг хэзээ ч хуваарилагддаггүйг үүнээс харж болно. Төр ихэнхийг нь эзэмшиж байхад хувийн хөрөнгө оруулагч нь ойртдоггүй. Төртэй байнга зөрчилдөх сонирхол бизнесүүдэд байдаггүй. Хувийн хөрөнгө оруулагч нарт бизнесийн чөлөөт зарчим, ашиг л хэрэгтэй.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д хөрөнгө оруулагчийг сонгох асуудлаар Засгийн газар, УИХ-ын 76 гишүүд хэрэлдсээр 2 жил өнгөрлөө. Энэ Засгийн газрын хугацаанд хийгдэж чадах болов уу?

Хөрөнгө оруулагч нэрийн дор энэ компанийн удирдах эрхийг авах гэж л “зодолдож” ирлээ шүү дээ. Эрх барьж байгаа улс төрийн хүчний мөнхийн хүсэл баялгийн эзэн суух гэсэн хүсэл байсан нь одоо олон зүйлээр илэрч байна. Үүнийг л хуулиар алга болгож, ард иргэд дотор нь орж, мэдээлэлд нь ойр байж, хяналт тавьдаг болгох гэж хуулийн төсөл хийгээд байгаа юм. Мөнхийн зодооны зовлонгоос ингэхгүйгээр салж чадахгүй ээ. 

Та Завханаас сонгогдсон УИХ-ын гишүүн. Тойргийнхоо иргэдэд ногдол ашиг хэзээ хүртэнэ гээд хугацаа хэлэх боломжтой юу?

“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа амилна. Амилах амилахдаа ард түмнээ тогтмол орлоготой, жил бүр ногдол ашиг хуваарилдаг ийм компани болгохын тулд ажиллаж байна. 

Энэ хуулийг баталснаар “Эрдэнэс Тавантолгой” компани ногдол ашгийг заавал хуваарилах үүрэг хүлээнэ. Төр роялти зэрэг татвар, хураамжаараа авахыгаа авсны дараа үлдэх цэвэр ашгаас л ашиг хуваарилна. Тарааж өгч байхаар сургууль цэцэрлэг барьсан нь дээр гэдэг. Татвар хураамжаар төсөвт төлж байгаа тэр хэсэг цэцэрлэг, сургууль болоход ашиглагдана. Харин ногдол ашиг энэ бүх төлбөр, татвар, хураамжийг төлсний дараа үлдэх хэсгээс хуваарилагддаг.  Энэ жил хуульгүй учраас ногдол ашиг хуваарилсангүй. Ирэх жилээс бол хуваарилж эхэлнэ. Харин энэ үед нь бүх хүн ногдол ашиг ямар дансаар авахаа бүртгүүлэх ёстой. Тиймээс ч Санхүүгийн зохицуулах хороо, төр үнэт цаасны компаниудаа бэлдэх хэрэгтэй байна. Орон нутагт энэ чиглэлийн компани маш цөөхөн. Бүр үнэт цаасны компанигүй ч аймаг байна. Базаад хэлбэл, “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа амилна. Амилах амилахдаа ард түмнээ тогтмол орлоготой, жил бүр ногдол ашиг хуваарилдаг ийм компани болгохын тулд ажиллаж байна. 

Хоёулаа сэдвээ жаахан өөрчилье. Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн ажлын хэсгийг Та ахалж байгаа. Өөр дээрээ “гал дуудсан” энэ төслийн зорилго нь юу юм бэ. “Bank of China”-г л Монголд оруулж ирэхэд зориулсан хууль гэж ойлгоод байгаа шүү дээ?

Нийгмээрээ нэг айдастай болчихоод байна л даа. Гаднын банк орж ирээд бүх аж ахуйн нэгжид хямд зээл өгөөд манай бүх объект “Bank of China”-гийн мэдэлд оччихно гэсэн айдас. Энэ бол маш буруу бөгөөд өрөөсгөл ойлголт. “Bank of China”-г оруулж ирэх гэж ажлын хэсэгт орсон гэж хардах хэрэггүй. Мэргэжлийн нүдээр харахад “Хөрөнгө оруулалтын банкны хууль” гэхээргүй төсөл байсан учраас сайжруулж өгөх гэж л ажлын хэсэгт орсон. Хөрөнгө оруулалтын банкны өргөн баригдсан хууль нэлээд буруу концепцтой орж ирсэн. “100 тэрбумаас дээш зээл олгоно, дандаа том компаниудтай ажиллана, 500 тэрбумаас доошгүй өөрийн хөрөнгөтэй, том төслүүд хэрэгжүүлэх банкийг Хөрөнгө оруулалтын банк гэнэ” гэсэн томъёлолтой байсан. Мэргэжлийн хүний хувьд өргөн баригдсан төслийн сайжруулж, хөрөнгө оруулалтын банкных нь үйл ажиллагаа, онцлог зохицуулалтыг хийх гэж л шахуу ажиллалаа. Анхны төсөлд маш их өөрчлөлт орохоор байгаа учраас өргөн барьсан гишүүдтэй зөвшилцөнө. Эс зөвшөөрвөл төслийн боловсруулалт хуулийн шаардлага хангаагүй гэдгээр буцаах саналтай байгаа.

ЗАВХАНЫ ХӨГЖЛИЙГ ӨӨРӨӨР ТӨСӨӨЛМӨӨР БАЙНА

Нэгэнт тантай дэлгэрэнгүй ярилцаж байгаа учраас зөвхөн банк, санхүүгийн салбарыг яриад өнгөрч болохгүй байх. Орон нутагт чиглэсэн ажлуудын тань талаар тодруулъя. УИХ-ын бүрэн эрхийн хугацаа тэн хагастаа тулж ирлээ. УИХ-аар Үндэсний хөгжлийн цогц бодлого, орон нутгийн хөгжилтэй холбоотой асуудлууд ярих үед та нэлээд шүүмжлэлтэй ханддаг. Сөрөг хүчин болохоор сөрөөд байдаг юм уу. Үнэхээр буруу бодлого яваад байна уу?

Сөрөхийн тулд сөрнө гэж юу байхав. Зөв бодлого байвал дэмжинэ, бурууг нь бол хэлээд л явна. Энэ бол Завхан нутгийнхний маань надад өгсөн даалгавар. Ер нь орон нутгийн хөгжлийг янз бүрийн өнцгөөс хардаг. Зам тавьчихлаа, эрчим хүчинд холбогдчихлоо, хөгжчихлөө гээд л. Эсвэл энэ жил төсвийн хөрөнгөөр сумандаа хоёр объект бариулах болсон нь хөгжил гэдэг ч юм уу. Миний бодол арай өөр. Асар уудам газар нутагтай манай орны хувьд хөдөөгийн иргэд байгаа байгаа орчиндоо малаа маллах нь маллаад төрөлх сумандаа тус тусын бизнесээ эрхлээд хангалттай орлого олж, хүүхдүүд нь чанартай боловсрол олж авч, нийтээрээ эмнэлэгийн чанартай үйлчилгээг авч чаддаг, мэдээллээр бүрэн хангаж, хүний амьдралын хэрэгцээг хангах тийм нөхцөлөөр хангагдаж чадаж байвал тухайн орон нутаг хөгжлийнхөө зөв гольдролоор явж байна гэж үзнэ. Хөдөөг хөгжүүлэх олон л баримт бичиг гарсан байна. Жишээ нь, Барилгын яамнаас гаргасан сум, орон нутгийн хөгжлийн төлөвлөгөө боловсуулах аргачлал байна. Тэр аргачлалын дагуу Алдархаан сумын шинэчлэлийн төлөвлөгөөг гаргах гэж оролдсон боловч яг хүний амьдралыг бодитойгоор өөрчлөх хэмжээнд төлөвлөхөд учир дутагдалтай байна. Уг нь их энгийнээр манай сум яг аль салбараас мөнгө олох боломжтой байна гэдгээ л эхлээд зөв тодорхойлох ёстой юм.  

Жишээ нь? 

Алдархаан мал аж ахуй, аялал жуулчлалын салбараас орлогоо олно гэж тооцсон. Малын түүхий эдэд суурилсан өрхийн үйлдвэрлэлийг технологийн хувьд болон бүтээгдэхүүнийг нь хөгжүүлэх хэрэгтэй байна. “Бизнес хөгжлийн старт апп” төвийг байгууллаа. Бизнес эрхэлж байгаа бүхий л хүмүүс, компаниудтай ажиллах юм. Тохирсон технологийг судалж, олж авах, ажиллуулж, бүтээгдэхүүн гаргах хүн чухал байна. Энэ төв дээрээс мэдээллүүдийг авч, сургалтад хамрагдах боломжтой. Аймгийн брэнд болж олонд танигдсан бүтээгдэхүүнээ илүү сайн болгож, сав баглаа боодолд нь анхаарч, баруун бүстээ, Улаанбаатарт, Тува, Алтайн хязгаар, Хятадын хойд хэсгээр борлогдох хэлбэрт хувиргах, шинэ бүтээгдэхүүн гаргаж байж том зах зээл дээр байр сууриа олж авна.

Аялал жуулчлалын тухайд дотоодын жуулчдын тоо нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа. Байгалийн хамгийн үзэсгэлэнтэй газрууд болон соёлын дурсгалуудад түшиглэж аяллын маршрут гаргалаа. Ирсэн жуулчид тав тухтай, бас сонирхолтой байх аяллын чиглэлүүд байвал олон жуулчин ирнэ. Үйлчилгээний чанар, тур оператор, мэдээлэл, гадагшаа хандсан брэндийн сурталчилгаа гээд зөөлөн болон хатуу бүхий л дэд бүтцийг нь жигд дэмжихгүйгээр хэдэн баазуудад энэ салбарын хөгжлийг даатгаад хаяж болохгүй. Алдархааныг ч энэ өнцгөөс нь харж, боломжийг тооцоолж, хөгжлийн төлөвлөгөөг нь гаргалаа. Мэдээж нэг хоёр жилд хийчих ажил биш ч эхлэлийг нь зөв тавих нь чухал байна. 

Хөдөөд бизнесийн нетворкийг сайн хөгжүүлвэл зардал хэмнэгдэх, харилцан уялдаатайгаар бүтээгдэхүүнээ төрөлжүүлж, кластерийн зарчмаар хөгжих боломж байна. Нэгдэж ажиллаж сурах хэрэгтэй гэсэн үг. Дор бүрдээ жижиг жижгээр сэтгээд өрсөлдөх бус, хамтарч томроод төвийн зах зээл рүү нэвтрэх нь чухал юм.
Алдархаан сум өмнө нь аймгийн төвийн хүнс, ногоо, сүү махны хэрэгцээг бүрэн хангадаг сум байсан л даа. Энэ чиглэлд тогтвортой бизнес эрхлэх чин хүсэлтэй хүмүүсийг бизнесээ босгох чиглэлд нь зөвлөж, туслаж, дэмжинэ. Дээр дурдсан төвийн үйл ажиллагааг цаашид илүү эрчимжүүлэхээр төлөвлөөд байна.

Аймгийн төвийн тохижилт, гудамж замыг шинэчлэх ажлыг эхлүүлж байгаа гэж сонссон?

Аймгийн төвийн ерөнхий төлөвлөгөөг энэ онд хийж дуусна. Төсвийн хувьд шийдэгдсэн. Компанийг сонгох ажлыг Барилгын яам хийж байна. Мөн “Гудамж” төслийг ирэх онд эхлүүлэхээр зураг төсвийг хийж дууслаа. “Гудамж” төслийн хүрээнд 6.8 км замыг сайжруулах, Богдын голын дагуу ногоон байгууламж бүхий соёл амралтын хүрээлэн хийх юм. 

Ажлын байр нэмэгдүүлэх чиглэлд Завханд боломж, бололцоо хэр байдаг вэ. Энэ сэдэв Монгол Улсын тулгамдсан асуудал болчихлоо шүү дээ?

Манай аймаг ажилгүйдэл ихтэй. Төвөөс алслагдсан учраас юмны үнэ өртөг их. Худалдааны салбар нь илүү хөгжсөн, үйлдвэрлэлийн салбар тааруу байдаг. Тийм учраас өрхөөр үйлдвэрлэл эрхэлдэг эмэгтэйчүүдийн зөөлөн оёдлын үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр хөтөлбөр гаргасан. Бүх эмэгтэйчүүддээ одоо оёж байгаа зүйлийнхээ чанарыг сайжруулах, борлогдох хэмжээний олон бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Завханы онцлогтой оёмол зүүмэл бүтээгдэхүүн гаргах, бусад зах зээл рүү нийлүүлэх зорилт тавьсан. Өнөөдөр Монголд ажилгүй хүмүүсийг халамжлах бодлого илүүтэй яваад байна. Орлоготой, ажилтай болгох нь халамжлахаас үр дүнтэй. Гэвч халамжид 760 гаруй тэрбум төгрөг зарж байна шүү дээ. Ажил хийх хүсэлтэй байгаа, ажил хийж байгаагаа өөд нь татах, ажил хийж сургах тал руугаа бодлого хангалтгүй байгаа учраас Завхан аймагт энэ чиглэлээр түлхүү ажиллахыг зорьж байна. Иргэдийн хувь хүний хөгжилд их анхаарахгүй бол манайхны чадвар хангалттай биш байна. Ялангуяа шинээр сэтгэх, шинэ бүтээгдэхүүн гаргах арга барил суралцахгүй бол олон сайхан боломжийг ашиглаж чадахгүйд хүрнэ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. Jookhon business setgelgeetei baikh kheregtei. Khaana ch baikhgyi yumnuud yarikh yum. Ter irgeded khishig khuvi khyrteekh asuudliig chin' sangaar damjuuldag olon ulsiin jishig bna. Teriig khiikh gej Erdenes Mongol gej company baiguulsan bolovch AN zasag barij baikhdaa ter khuuliig company khelbertei bailgakhaar togtool shiidver gargaj dyrmiig n' batalj uguud tuuryyleed khayachikhsan shyy dee. Byyr ter companyd zoriulj companiin tukhai khuulid khyrtel zarim neg sonin sonin zaaltiig nemsen tokhioldol ch baigaa shyy. Manai companiin tukhai khuuli bol murduj chadval mash sain zokhitsuulalttai khuul yum bgaa yum. Businessiin shiidveriin khuvid bid olon ulsiin jishgiig l dagaj yavakhgyi bol ulsaasaa garaad gadagshaa kharitsakh bolokhoor gaduurkhagdaad khetsyy boldog shyy.

    0 0 Хариу бичих
  2. Монгол яланчууд чинь гадны хүмүүсийг үзээн ядаад байхад хэчнээн ч хувьцаа яриад нэмэргүй

    0 0 Хариу бичих
  3. Чөлөөт зах зээлийн нийгэм юм уу, төрийн зохицуулалттай зах зээлийн нийгэм юм уу, олигархийн нийгэм юм уу. Монголчууд бид ямар нийгэмд амьдарч байгаагаа мэдмээр байна. Түүний дараа эдийн засгийн янз бүрийн асуудлаа тодорхойлж ярих хэрэгтэй. Эрдэнэс таван толгойн хувьцааг ард иргэдэдээ ашигтай байдлаар өгөх гээд байгаа ч юм шиг, эсвэл аль нэг намын чихэр долоолгох бодлого болгох гээд байгаа ч юм уу, маш ойлгомжгүй. Өгвөл өгсөн шиг, өгөхгүй бол энэ балай юмаа ярихаа боль. Зарж борлуулах эрхгүй хувьцаагаар яадаг юм. Зөвхөн ногдол ашиг авдаг хувьцаа ч гэх шиг. Өвлүүлэх эрх бас байхгүй юу. Мөн түүнчлэн аль нэг хувьцаат компанийн хувьцааг нэг гэр бүл, хэсэг найз нөхөд төвлөрүүлээд байна гээд шүүмжлээд ч байх шиг. Яагаад болохгүй гэж. Шал бөөрөнхий яриаг чинь үнэндээ ойлгосонгүй. Өөх ч биш булчирхай ч биш. Коммунист уу, капиталист уу, энэ 2-н нийлбэр үү.

    0 0 Хариу бичих
  4. Амжилт.

    0 0 Хариу бичих
  5. Хувьцааны талаар арай эрүүл мэдээлэл өгсөн сэтгүүлчид баярлалаа.

    0 0 Хариу бичих