Марафон гүйлтэд оролцох бол дараахь зүйлийг анхаараарай

“Улаанбаатар марафон-2018” олон улсын гүйлт энэ бямба гариг буюу тавдугаар сарын 19-нд болно. Хагас болон бүтэн марафон гүйлтэд оролцохдоо хувь хүн өөрийн эрүүл мэндэд хамгийн түрүүнд анхаарал тавьж, хэт их ачаалал авахад ямар нэг сөрөг нөлөө, эрсдэл гарах эсэхээс сэргийлэх нь чухал гэдгийг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас анхааруулжэ. Хэрэв та зүрх судас, уушигны архаг өвчтэй бол, гүйлт болохоос өмнө 5 хоногийн дотор халуурах, бөөлжих, шингэн алдах, даралт ихсэх, цээжээр хөндүүрлэх зэрэг зовиур илэрсэн болон хэт тарган, хэт туранхай, 18 нас хүрээгүй, өндөр настан бол эрүүл мэндийн талаас гарч болзошгүй эрсдэлээс өөрийгөө сэргийлж, холын зайн гүйлтэнд оролцохоос татгалзахыг зөвлөж байна.

Та марафон гүйлтэнд оролцохоор шийдсэн бол дараах зөвлөмжинд анхаарлаа хандуулна уу.

1. Та гүйлтээс өмнө бэлтгэл, дасгал хийсэн, өөрийнхөө гүйж чадах зайг сонгож оролцох.

2. Харьяа хорооны өрхийн эмчид үзүүлж, гүйлтэнд оролцохыг зөвшөөрсөн дүгнэлт гаргуулах.

3. Марафон гүйлтийн өмнөх өдөр сайн унтаж амрах, махан хоол, хүнсний ногоог аль болох бага хэрэглэж, хөнгөн, илчлэг ихтэй хоолыг түлхүү хэрэглэж, 48 цагийн өмнөөс усыг бага багаар уух.

4. Архи,согтууруулах ундаа нь бодисын солилцоонд нөлөөлж, шингэний дутагдалтанд хүргэдэг тул марафоны өмнөх өдрүүдэд хэрэглэхийг хориглох.

5. Марафон гүйлтийн үед хэт хөлрөх, цангахаас сэргийлж, 20 минут тутамд 100-200 мл усыг цангаагүй байсан ч бага багаар уух.

6. Гүйлтийн үед нарны малгай болон тухайн өдрийн цаг агаарын байдалд тохируулан, аль болох хөлс сайн нэвтрүүлэх материалтай, суга, цавь, гуя үрэгдэхээс хамгаалсан зориулалтын хувцас, даавуун оймс өмсөх. Суга, цавь үрэгдэж, холгохоос сэргийлж, тос түрхэж болно.

7. Гүйлтийн өдөр гэмтэл, холголтоос сэргийлж шинэ гутал, шинэ хувцас өмсөхөөс зайлсхийх.

8. Гүйлт дуусмагц өмсөж байсан хувцсаа сольж, өмсөх.

9. Марафон гүйлтийн өмнө болон дараа нь биеийн жингээ үзэж, алдсан жингийн 1 кг тутамд 1 литрээр тооцож усыг бага багаар уух.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)