“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө” зөвлөгөөн болж байна

“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө” нэгдсэн зөвлөгөөн өнөөдөр Орхон аймагт үргэлжилж байна.

Зөвлөгөөнийг нээж Орхон аймгийн ИТХ-ын болон ГХУСАЗСЗ-ийн дарга П.Пүрэвлхагва хэлэхдээ “Энэ удаагийн бүсийн зөвлөгөөн 5 дахь аймагтаа болж байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хүүхэд их өртөж байгаа нь анхаарал татаж байна. Зөвлөгөөн зохион байгуулж байгаа 3 аймагт тулгамдаж буй асуудал ижил байна. Тус 3 аймгийн төвөөр нь улсын чанартай автозам дайран өнгөрдөг онцлогтой. Орхон аймгийн хэмжээнд бүртгэлтэй иргэдээс гадна бүртгэлгүй 10-20 мянган иргэн байнга оршин суудаг, хүн ам ихтэй, дэд бүтэц хөгжсөн учраас замын хөдөлгөөний аюулгүй байдал тулгамдаж буй асуудлын нэг болоод байна” хэмээв.

Өнгөрсөн 2017 оны байдлаар дээрх 3 аймагт зам тээврийн ослын улмаас 47 хүний амь нас хохирч, 81 хүн хүнд, хүндэвтэр гэмтсэн бол энэ оны эхний 4 сарын байдлаар 6 хүний амь нас хохирч, 11 хүн гэмтсэн үзүүлэлттэй байна.

Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажилд нутгийн өөрөө удирдах байгууллага, мэргэжлийн болон хяналтын байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдааг сайжруулан “Хүн-Тээврийн хэрэгсэл-Зам-Орчин” гэсэн системийн аюулгүй байдлыг цогцоор нь бүрдүүлэх замаар зам тээврийн ослын шалтгаан болж байгаа сөрөг үр дагаваруудыг бууруулах зорилгоор “Зөвлөмж” гаргалаа.

Уг зөвлөмжийн дагуу бүсийн аймгуудын хэмжээнд Хөдөлгөөний аюулгүй байдлын менежментийг оновчтой зохион байгуулж, хэрэгжүүлэх чиглэлээр /замын хөдөлгөөнд хяналт тавих эрх бүхий алба хаагчдыг шаардлагатай техник хэрэгслээр хангах гэх мэт/, аюулгүй зам, орчныг бүрдүүлэх чиглэлээр улсын чанартай хатуу хучилттай авто замын осол, хэрэг ихээр гардаг хар цэгүүд дээр гэрэл ойлгогч, цацруулагчтай тэмдэг тэмдэглэлийг байршуулах, зам салсан хэсгүүд дээр чиг заасан тэмдгийг байршуулах, шинээр авто зам, замын байгууламжийг барих ажлыг төлөвлөн, үе шаттайгаар гүйцэтгэх. Аюулгүй тээврийн хэрэгсэл ашиглах чиглэлээр хот хооронд болон аймаг хооронд, хотын доторх нийтийн зорчигч тээвэр, такси үйлчилгээнд тавих хяналтыг сайжруулж, хууль бусаар зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа зөрчлийг таслан зогсоох, нийтийн тээврийн хэрэгслүүдийг GPS-тэй болгох асуудлыг зохион байгуулах, мөн хөдөлгөөнд оролцогчдод зориулсан арга хэмжээ зохион байгуулах зэрэг нийт 19 төрлийн ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)