“Бүх зүйлд ОУВС-ийн нэрийг бариад байж болохгүй”

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” болон “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө” олгох тухай” УИХ-ын нэгтгэсэн төслийг хэлэлцээд, ажлын хэсгийг дахин хуралдуулахаар хойшлууллаа. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүд дараах байр суурийг илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

-Хүүхдийн мөнгөний асуудлаар байгуулагдсан ажлын хэсгийн эхний хуралдаан ажил хэрэгч болж чадсан. Улмаар холбогдох байгууллагуудад хүүхдийн мөнгийг 100 хувь олгох эх үүсвэрийн боломжийг судлуулах үүрэг өгсөн. Гэтэл огт мэдээлэл өгөөгүй Н.Амарзаяа гишүүн. Дараагийн хуралдааныг даваа гарагт зарласан ч Н.Амарзаяа хөдөө яваад, хурлаа хойшлуулсан. Тэгээд дараагийн хурлыг эхлэхийг хүлээсэн ч эхлэхгүй байсаар 15:00 цагт эхэлсэн. Хурал болохгүй гэж ойлгоод гадуур өөр ажилтай явж байхад "одоо ир" гэхээр яах юм. Ажлын хэсэг анхнаасаа шийдэлд хүрэхээр ярилцаагүй. Ер нь хүүхдийн мөнгийг 100 хувь олгох боломж байгаа эсэх, ОУВС-тай хийсэн хэлэлцээрийг хэр их зөрчих гээд байгаа эсэхийг л ярилцах гэж би ажлын хэсэгт орж ажилласан.

ОУВС-ийн төлөөлөгчидтэй уулзсан. Энд ирчихсэн байгаа хөтөлбөрийн хүмүүс хүүхдийн мөнгөний тухай асуудал танай дотоод асуудал. Танай Засгийн газар ямар зарлага гаргах эсэхээ өөрсдөө шийдэх ёстой гэдгийг ОУВС-ийнхан хэлсэн. Хүсвэл та бүхэн уулзалтын тэмдэглэл аваад уншиж болно шүү. Та бүхэн бүх зүйл дээр ОУВС-ийн нэрийг бариад байж болохгүй. Ер нь хүүхдийн мөнгийг 100 хувь олгохоор эх үүсвэрийг судлаагүй. Бид таван сарын өмнө 2018 оны төсөв батлах үед халамж дээр 690.5 тэрбум төгрөг байсан. Тухайн үед хүүхдийн 60 хувьд олгоно гэж энэ мөнгө тооцогдож гарсан. Одоо 20 хувийг нэмэхэд логикоор бодоход мөнгө нэмэх ёстой. Гэтэл мөнгө нэмэхгүй нөөц мөнгө байсан гээд байгаа. Тэгвэл дахиад 20 хувийг нэмэх нөөц мөнгө байгаа юм биш биз дээ үзээд ир л гэж байгаа. Үнэхээр нөөц мөнгө байхгүй юм бол 2019 оны үндсэн чиглэл, төсвийн хүрээний мэдэгдэл дотор халамжийн мөнгө нэмэгдэх ёстой. Гэтэл халамжийн мөнгө нэмэгдэхгүй. Харин ч эсрэгээрээ буураад 677.9 тэрбум төгрөг байна. Яагаад ингэж зардал өсгөх гээд байхад халамжид төлөвлөж байгаа мөнгөний хэмжээ чинь буураад байгаа юм. Учир нь та бүгдийн нуусан мөнгө хүрээд байна. Тиймээс үүнийгээ л ил болгох асуудал яриад байгаа шүү дээ.

УИХ-ын гишүүн О.Батнасан:

-Хүүхдийн мөнгийг сонголттой олгоё . Хүүхдийн мөнгийг авахгүй гэсэн эцэг эхчүүдийн саналыг авмаар байна. Эх орноо бодсон хүмүүс  хүүхдийн мөнгөнөөс татгалзах байх.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:     

-Хүүхдийн мөнгөний асуудлаар зөвхөн Засгийн газрын саналыг дэмжихийн тулд ажлын хэсэг байгуулж яах юм бэ

-Төсвийн байнгын хорооноос хүүхдийн мөнгөний асуудлыг судалж, санал дүгнэлт оруулж ир гэж долоон гишүүнтэй ажлын хэсэг байгуулсан. Гэтэл ажлын хэсэг нэг удаа 50 нэмэх нь нэг хувийн ирцтэй хуралдсан. Уг хуралдаад ажлын хэсгийн гишүүд Сангийн яам болон холбогдох байгууллагуудыг сонсоод хүүхдийн мөнгийг 80 хувьд нь биш 100 хувь болгох санхүүгийн болон төсвийн эх үүсвэрийг судалж ир гэдэг чиглэл өгсөн. Ажлын хэсгийн хоёр дахь хуралдааныг зарласан боловч ирц нь хүрээгүй.

Н.Амарзаяа, Б.Баттөмөр, Г.Тэмүүлэн гишүүд хуралдсан. Над руу утсаар яриад "Хүүхдийн мөнгийг хэдэн хувьд нь өгөхийг дэмжиж байгаа вэ" гэж асуусан. Миний хувьд хүүхдийн мөнгийг 100 хувь олгохыг дэмжиж байгаа. Ажлын хэсэг ч хүүхдийн мөнгийг 100 хувь олгохоор байгуулагдсан гэж ойлгож байгаа. Гэтэл ажлын хэсэг Засгийн газрын оруулж ирсэн саналыг дэмжихийн тулд буюу дагаж гүйх л байсан юм бол ажлын хэсэг байгуулах шаардлага байхгүй. Тиймээс энэ ажлын хэсгийн дүгнэлт хүчингүй. Өчигдөр Н.Амарзаяа гишүүн намайг гуйгаад “Та 80 хувийн эсрэг юм байна. Тэгвэл эсрэг гээд гарын үсэг зурчих" гээд гарын үсэг зуруулсан. Гэтэл ажлын хэсэг хуралдсан, ирц бүрдсэн гэдэг худлаа дүгнэлтэд оруулж ирсэн байна. Ажлын хэсэг хуралдах ирц хүрээгүй. Ингэж төрийн ажлыг халтуурдаж болохгүй. Тиймээс ажлын хэсгээ дахин хуралдуулаад дахин хэлэлцэх хэрэгтэй. Ганцхан сайдын багцаас 20 тэрбум төгрөг илүү гараад олдоод байхад дахиад 20 тэрбум төгрөг олдож л таараа. 2018 оны төсвийг батлахдаа сайд нарын багц нэлээд нөөцтэй батлагдсан шүү. Сайд нарын үрэлгэн байдлыг бид харж байгаа шүү. Хүүхдүүддээ 20 мянган төгрөг өгч чадахгүй. Ийм завхарсан зүйл хийж болохгүй. Н.Амарзаяа гишүүн ажлын хэсгээ дахин хуралдуул.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

-МАН-ын бүлгийн шийдвэрээр 80 хувьд нь олгох улс төрийн шийдвэр гаргасан нь буруу. Хүүхдийн мөнгөний асуудлаар байгуулагдсан 7 гишүүнтэй ажлын хэсгийн 4 нь хуралд суугаагүй холоос санал өгнө гэдэг бол байж болохгүй. Энэ ажлын хэсэг хариуцлагагүй ажилласан байна. Зүгээр л Сангийн яамны мэдээлэл ажлын хэсэгт маш дутуу очсон байна. Бодит боломжийг тооцсон орлогын тооцооллыг бүрэн хийгээгүй. МАН-ын бүлгийн шийдвэрээр хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгох улс төрийн шийдвэр гаргасан нь буруу.

Энд хугацааны асуудал чухал биш. Хамгийн гол нь зөв үр дүн чухал байна. Тиймээс хүүхдийн мөнгөний асуудлаар байгуулагдсан ажлын хэсэг дахин хуралдаад шийдвэрээ гаргах хэрэгтэй. Ажлын хэсэг нь ирц бүрэн хуралдаад шийдвэрээ гаргах хэрэгтэй байна. Долоон гишүүнтэй ажлын хэсгийн гурав нь хуралдаад, тэгээд "бид шийдвэр гаргачихлаа" гэж байгаа нь Н.Амарзаяа хариуцлагагүй дарга байсан байна гэдгээ хүлээн зөвшөөр. Өөр ярих зүйл байхгүй.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)