“Хөдөлгөөний зохицуулалт хяналт” нэгдсэн арга хэмжээ явагдаж байна

Нийслэлийн хэмжээнд Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах “Хөдөлгөөний зохицуулалт хяналт” нэгдсэн арга хэмжээ явагдаж байна.

Уг арга хэмжээ тавдугаар сарын 8-ны өдрөөс нэг сарын хугацаатай эрчимжүүлсэн хэлбэрээр явагдах бөгөөд нийслэл хотын хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль тогтоомж, дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах юм. Мөн замын хөдөлгөөнийг зохицуулах, түгжрэлийг бууруулах зохион байгуулалтын арга хэмжээнүүд авч байна. Дүүргүүдийн нутаг дэвсгэрт алба хаагчдын явганаар эсвэл тээврийн хэрэгсэлтэйгээр болон хяналтын техник, төхөөрөмж ашиглан замын хөдөлгөөнд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлэх зорилготой юм байна.

Тус албанаас хяналтын төхөөрөмж, гэрлэн дохионы зохицуулалтыг ашиглан хөдөлгөөн зохицуулдаг зарим уулзваруудад биет зохицуулалт хийлгүй хяналт тавьж ажиллаж байгаатай холбоотойгоор алба хаагчдыг алслагдсан цэг, уулварын орчимд хөдөлгөөний дэг журмыг сахиулах чиглэлээр шилжүүлэн ажиллуулж байгаа аж. Өнгөрсөн 7 хоногт Сүхбаатар дүүргийн нутаг 32-ын тойрог, 7 буудал, Дарь-Эх чиглэлийн авто замуудад хөдөлгөөний дэглэм тогтоох, уулзвар нэвтрэх журам зөрчих, эгнээ байр буруу эзлэх түүнчлэн зогсох зогсоолын журам зөрчиж тээврийн хэрэгслээ бусад тээврийн хэрэгсэл, явган зорчигчдийн хөдөлгөөнд саад учруулж байрлуулсан зэрэг зөрчлүүдийг газар дээр нь арилгуулж, ажилласан байна.

Энэ долоо хоногт Баянзүрх дүүргийн нутаг Дарь-Эхийн уузлвараас хойш Рашаант чиглэлийн автозамуудад хуваарийн дагуу бүлгийн эргүүлүүдийг ажиллуулан жолооч, бусад хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг сайжруулах, хөдөлгөөний эрчим, ачаалал ихтэй замд замын хөдөлгөөн зохицуулах, хянаж шалгах чиглэлээр эрчимжүүлэн ажиллаж байгааг Замын цагдаагийн албанаас дуулгалаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)