Газын зурваст үйлдэгдсэн хэргийг хараат бусаар мөрдөх саналыг АНУ эсэргүүцлээ

Йерусалимд АНУ-ын ЭСЯ-ыг нээх үеэр Израилийн цэргүүд Газын зурвасын хил дагуу тайван жагсаал хийж байсан падестинчууд руу гал нээж, 59 хүний аминд хүрэн мянга гаруй хүнийг шархдуулсан хэрэг өчигдөр гарсан билээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өнөөдөр энэ асуудлаар шуурхай хуралдаан зарлаад буй. Тэгвэл Аюулгүйн зөвлөлийн даргын зүгээс энэхүү хурлаар “Газын зурваст үйлдэгдсэн энэ хэргийг хараат бусаар мөрдөн шалгах тогтоол гаргах эсэх асуудлыг хэлэлцэх” мэдэгдэл гаргасныг байнгын гишүүн АНУ эсэргүүцсэн байна.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гарч буй аливаа шийдвэр байнгын гишүүн таван орны дэмжлэгийг заавал 100 хувь хүлээсэн байх шаардлагатай байдаг. Энэ шаардлагыг хангаагүй тул дээрх асуудал шуурхай хуралдаанаар хэлэлцэгдэхгүй, хэлэлцэгдсэн ч батлагдах боломжгүй болж байна.

Палестинчуудын эсрэг хүч хэрэглэсэн Израиль улс харин энэ хэргийн буруутнаар ХАМАС бүлэглэлийг нэрлэж, Аюулгүйн зөвлөлийн хуралдаанаар тус бүлэглэлийн гэм бурууг шүүх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм.    

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шуурхай хуралдаан Нью Йоркийн цагаар өнөөдөр 10.00 цагт товлогджээ /Монголын цагаар 22.00/.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)