“Яг түүн шиг-3” шоуны шинэ дугаар өнөөдөр гарна

Дэлхийн болон монголын оддыг дуурайн өрсөлддөг “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэг шинэ улирлаараа өнгөрсөн ням гаригт үзэгчидтэй уулзаад байгаа билээ. Амралтын өдөр үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уядаг “Боловсрол” телевизийн “Яг түүн шиг” шоуны гуравдугаар улирал нээлтээ хийн эхэлсэн. Найман оролцогч маань өөрсдийн авьяасыг гайхуулан гайхалтай үзүүлбэрүүдээ дэлгээд байгаа.

“Боловсрол” телевиз “Endemol shine group”-ын албан ёсны эрхтэйгээр хүргэж буй “Яг түүн шиг-3” шоуны энэ жилийн дугаарт загвар өмсөгч Ж.Энэрэл, ая зохиогч, дуучин Б.Нацагдорж, “Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа, театр, кино­ны жүжигчин М.Цэрэн­долгор, “A sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн, “Эмоци” продакш­ны жүжигчин О.Тэмүүжин, дуучин, жүжигчин Ч.Очгэрэл, “VR” хамтлагийн гишүүн, загвар өмсөгч О.Билгүүн нар оролцож байгаа.

“Яг түүн шиг-3” шоуны анхны дугаарын найман үзүүлбэрийн дараа шүүгчид болон оролцогчдын саналаар ая зохиогч Б.Нацагдорж тодорч, ялагч болсон. Тэрээр анхны дугаарт алдарт дуучин Beyonce-ыг үзэгчидтэй уулзуулан тайзыг эзэгнэн эсрэг хүйстнийхээ дүрийг бүтээсэн юм. Ялагч Б.Нацагдорж гурван сая төгрөгийн эзэн болж тайзнаа гардан авсан юм.

Харин өнөөдөр 20.00 цагт “Боловсрол” телевизээр “Яг түүн шиг-3” шоуны хоёр дахь дугаар гарна.

Шоу шинэ өнгө төрх, шинэ шүүгчидтэйгээр өрнөж байгаа. Шүүгч Г.Ганхүү, дуучин Б.Амархүү нарыг “Яг түүн шиг” шоуны өмнөх улиралд оролцож байсан болохоор оролцогчид ч шүүлт шударга болж байгааг онцолж байсан юм. Түүнчлэн дуучин Х.Оюунбилэг энэ улирлаас шоуны үндсэн шүүгчдийн бүрэлдэхүүнд багтсан юм.

“Яг түүн шиг” шоутай 3 дахь жилдээ хамтран ажиллаж байгаа ОХУ-ын “FX Pro.Lab” компанийн мэргэжлийн нүүр хувиргагчид үзэгч та бүхнийг ням гараг бүрийн 20:00 цагаас дэлхийн одуудтай уулзуулж байгааг мартах учиргүй. Энэхүү нүүр хувиргалтын баг нь ОХУ-д зохиогдсон “Один в Один” буюу “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн нийт 4 улирал, Украины “Яг түүн шиг” буюу “Як двi краплi” шоу нэвтрүүлэгт ажилласан арвин туршлагатай баг юм. Мөн телевизийн шоу нэвтрүүлгүүдээс гадна олон кинонууд дээр ажиллаж байсан. Жишээлбэл “Защитники”, “Анжелика”, “Мужчина с гарантией”, “Дублёр” гэх мэт олон шилдэг кинонуудын нүүр хувиргалтыг хийж байсан супер хамтрагчид билээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)