Улс төрийн намуудын санхүүжилтийг шилэн болгох ёстой гэж улстөрчид, судлаачид байнга ярьдаг ч тэр бүр ажил хэрэг болж хэрэгждэггүй. Хэдийгээр намууд тайлангаа холбогдох хууль тогтоомжийн дагуу өгдөг ч нарийн мэдээлэл тэр бүр байдаггүй. Энэ асуудал Монголын нийгмийн толгойн өвчин болтлоо ужгираад буй. Үүнийг сүүлийн жилүүдэд хамгийн их авлигад идэгдсэн байгууллагаар улс төрийн нам нэрлэгдэж буйгаас харж болно.

Асуудлыг цэгцэлж, улс төрийн намын хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгохоор холбогдох хуулийг өөрчлөхөөр гурван парламент дамнан ярьсан ч шинэчлэн найруулж чадаагүй. Энэ удаагийн парламент мөн л Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулахаар спикерийн захирамжаар ажлын хэсэг байгуулагдаад буй. Бүрэн эрхийнх нь хугацаа талдаа орж байгаа ч уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхлээгүй байна. Хууль эрхзүйн орчин тааруу, хумигдмал байгаа ч төрийн бус байгууллагууд Монголд улс төрийн намыг төлөвшүүлэх, санхүүжилтийн асуудлыг цэгцлэх чиглэлд тодорхой ажлууд хийсээр ирсэн. Үндсэндээ бодит байдлыг судалгаа, тайлангаараа нийгэмд гаргаж тавьдаг байгууллагууд болчихоод байна.

Эдний нэг “Нээлттэй нийгэм форум”-ынхан Ардчилал сонгуульд дэмжлэг үзүүлэх Олон улсын хүрээлэн /IDEA-тай хамтран “Улс төрийн санхүүжилт ёсзүй, хариуцлага” төслийг Европын холбооны дэмжлэгтэй хэрэгжүүлж эхэллээ. Хоёр байгууллага судлаачидтай хамтарч, улс төрийн намуудын эрх зүйн орчин болон хэрэгжилт, тулгамдаж буй асуудлаар хоёр жилийн турш судалгаа шинжилгээ хийх юм байна.

Энэ талаар “Нээлттэй нийгэм форум”-ын гүйцэтгэх захирал П.Эрдэнэжаргал “Улс төрийн намд санхүүжилт хэрэгтэй. Гэхдээ хэсэг бүлгийн эх үүсвэрээс хараат байгаа учраас үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. Улс төрийн нам ардчиллын нэг институцийн нэг. Энэ утгаараа ёсзүйтэй хариуцлагатай байхад төр үүргээ гүйцэтгэх ёстой. Тиймдээ ч санхүүжилтийн нэг эх үүсвэр нь төр байвал зүгээр” гэлээ.

Эдний нэг “Нээлттэй нийгэм форум”-ынхан Ардчилал сонгуульд дэмжлэг үзүүлэх Олон улсын хүрээлэн /IDEA-тай хамтран “Улс төрийн санхүүжилт ёсзүй, хариуцлага” төслийг Европын холбооны дэмжлэгтэй хэрэгжүүлж эхэллээ. Хоёр байгууллага судлаачидтай хамтарч, улс төрийн намуудын эрх зүйн орчин болон хэрэгжилт, тулгамдаж буй асуудлаар хоёр жилийн турш судалгаа шинжилгээ хийх юм байна.

Харин Ардчилал сонгуульд дэмжлэг үзүүлэх Олон улсын хүрээлэн /IDEA/-ийн гүйцэтгэх захирал   “Улс төрийн намын санхүүжилтийн эх үүсвэр ил тод байх ёстой. Иргэд, иргэний нийгмийн байгууллага ардчиллын процессыг сайжруулахад оролцох ёстой. Намуудын санхүүжилтийг зохицуулахгүйгээр цааш удаан явбал ардчилалд аюул заналхийлэл авчирна. Хариуцлагын дайсан бол санхүүжилтийн ил тод бус байдал. Эхний ээлжинд үүнд анхаарлаа хандуулж, дараа нь цаасан дээр байгаа хэрэгждэггүй хууль эрхзүйн орчинд анхаарахыг зорьж байна. Хууль хэрэгжүүлэх байдал сул байгаа” гэсэн юм.

Харин “Нээлттэй нийгэм форум”-ын энэ асуудал хариуцсан хөтөлбөрийн зохицуулагч С.Энхцэцэг “Манайх 2004 оноос хойш улс  төрийн намуудын санхүүжилт болоод бусад асуудалд судалгаа хийж ирсэн. Хамгийн сүүлд сүүлийн 2-3 сонгууль, сонгуулийн кампанит ажлын санхүүжилт, судалгаа, эрх зүйн орчинг сайжруулах талаар ажилласан” гэв.

Хоёр байгууллага хамтран хэрэгжүүлэх уг төслийн хүрээнд эмэгтэйчүүд, залуусын улс төрийн үйл явцад оролцох тэгш эрхийг хангахад багагүй ажил хийх юм байна. Түүнчлэн улс төр дэх мөнгөний нөлөөг багасгах, үүнд хэн хяналт тавих, асуудал гарвал хариуцлага ямар байх вэ гэдгийг тодорхой болгоход чиглэгдэх аж. Намуудын санхүүжилтийг ил тод болгох, чадавхийг бэхжүүлэхэд төслийн гол зорилго оршиж байгааг С.Энхцэцэг хэлсэн. Энэ асуудлуудаар хоёр байгууллага хамтарч хэлэлцүүлгүүдийг үе шаттайгаар хоёр жилийн хугацаанд зохион байгуулах юм байна.

Ардчилал хөгжсөн 100 гаруй орны 51-д нь улс төрийн нам хамгийн их авлигад идэгдсэн байгууллагаар нэрлэгджээ. Монголд үүнд багтаж буй юм. Үүнийг дагаад намуудыг төрөөс санхүүжүүлэх ёстой гэх байр суурийг судлаачид илэрхийлэх болсон. Зарим улстөрчөөс ч ийм санал санаачилга өнгөрсөн хугацаанд гарч байв. Харин судлаач Э.Гэрэлт-Од үүнд эсрэг байр суурьтай байна. Тэрээр “Бид өмнө нь намуудыг тодорхой хэмжээнд төрөөс санхүүжүүлж байсан. Намуудыг төсвөөс санхүүжүүлбэл төрийн байгууллагаас ялгаагүй болно. Нэг ёсондоо улс төрийн намын үндсэн үүрэг алга болно гэсэн үг. Тиймээс уян хатан зохицуулалт хэрэгтэй” гэх байр суурийг илэрхийллээ.