Дэгэнд ордоггүй гишүүдийг дэглэх хууль

УИХ-ын гишүүд ёсзүйгүй үйлдэл гаргаж, түүнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй байгаагаас Монгол төрийн нэр хүнд унаж эхэлсэн. Ялангуяа энэ удаагийн парламент ёсзүйн алдаа гаргасан гишүүддээ хариуцлага тооцохгүй байгаа нь олон нийтийн дургүйцлыг төрүүлж буй.

Тиймээс Төрийн ордонд "Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаа, гишүүний ёс зүй, хариуцлага" хэлэлцүүлэг болж байна.

Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дарга М.Энхболд үг хэлэхдээ “УИХ-ын гишүүдийн ёс зүйтэй холбоотой асуудлууд их хөндөгдөх боллоо. Тиймээс УИХ энэ асуудалд онцгой анхаарал хандуулж ажиллах ёстой. Энэ хаврын чуулганы хугацаанд гишүүдийн сахилга батыг сайжруулж, ёс зүйг сайжруулж ажиллана. Ард түмнээс сонгогдсон гишүүдийн үүрэг хариуцлага бол УИХ-ын чуулганы үйл ажиллагаандаа оролцох юм. Гишүүд хурал тасалж, хоцорч байна. Үүнийг засч сайжруулах ёстой. Зарим улсад ёс зүй зөрчсөн парламентын гишүүдээ санхүүгээр нь торгодог юм байна. Мөн тодорхой хэлэлцүүлэг, хуралд оролцуулахгүй байх, үг хэлэх эрхийг нь хасах, гишүүний эрхийг нь түр түтгэлзүүлэх, хариуцлагагүй ажилласан мэдээллийг нь олон нийтэд мэдээллэх зэргээр арга хэмжээ авдаг юм байна. Харин манайд аль нь тохиромжтой вэ гэдгийг хэлэлцэнэ” гэлээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогтоор ахлуулсан ажлын хэсэг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж дууссан байна. Өнгөрсөн хугацаанд уг хуулийн төсөлд зургаан удаа өөрчлөлт оруулж байжээ. Үндсэндээ үе үеийн парламент өөрсдийн эрх ашигт тааруулж, хуульд “гар хүрч” байсан аж. Одоогийн өөрчлөх хуулийн төсөл Монгол Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагааг боловсронгуй болгох, тасралтгүй, түргэн шуурхай, үр дүнтэй явуулах, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг илүү тодруулж утга агуулгыг шинэчлэхэд чиглэгджээ.

Хуулийн төслийн голлох заалтууд:

-Өнгөрсөн хугацаанд буюу 1992 оноос хойш 14 Засгийн газар солигдсон байна. Тиймээс хуулийн төсөлд Засгийн газрыг огцруулах асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхиор бус нийт гишүүдийн саналаар шийддэг болох зохицуулалт оржээ.

-УИХ хуулийн мухардалд орлоо гэж хариуцлагаас зугтдаг байдлыг арилгах

-Байнгын хорооны хуралдааныг хаалттай явуулах. Одоо нээлттэй явуулснаар камерын өмнө улстөрждөг, энэ нь нийгэмд буруу мессэж болж очиж байна гэж төсөл санаачлагчид үзжээ.

-Хүний өмнөөс кноп дарвал хариуцлага тооцох зохицуулалт ч туссан байна.

-Гишүүд хуралдаан тасалдаг, хоцордог, хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх нь баттай бус хүсэлт ирүүлдэг байдлыг халах зохицуулалт оржээ. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар эдгээрийг зохицуулах харилцаа байхгүй аж. Гишүүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд ирэх боломжгүй бол хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдэж чөлөө авахаар хуулийн төсөлд тусгасан байна.

-Хуралдааны нийт цагийн гуравны нэгээс илүүд нь суугаагүй , хуралдаа ирдэггүй гишүүнийг эргүүлэн татаж, бүрэн эрхийг нь дуусгавар болгохоор хуульчилжээ.

-Түүнчлэн гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусдыг илтэд санаатайгаар гүтгэн доромжлохыг хориглож, хуралдааны дэг зөрчсөөр байвал хуралдаанаас хөөж танхимаас гаргах хариуцлагын зохицуулалт нэмсэн байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Гишүүдийн хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх, ирц болон санал хураалтын босгыг өндөрсгөж, хуралдаа суудаггүй гишүүнийг эргүүлэн татах асуудлыг энэ хуулийн төсөлд тусгалаа. УИХ-ын гишүүн хуралдааны ирцэд бүртгүүлэх, асуулт асуух, үг хэлэх, цахим тоолуураар санал өгөхөд зөвхөн цахим карт ашиглана. Бусдад ашиглуулахгүй гэсэн үг” гэлээ.

Мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл хэлэлцэх ирцийн босгыг өндөрсгөж, саналын шалгуурыг нэмжээ. Түүнчлэн төрийн албаны холбогдох байгууллага албан тушаалтан УИХ-д үнэн зөв мэдээлэл өгөх ёстойг хатуу хуульчилсан байна. Тайлбар хийж, асуултад хариулж байгаа албан тушаалтан бодитой, үнэн зөв мэдээлэл өгөх, асуултад бүрэн хариулах үүрэгтэй бөгөөд хэрэв санаатайгаар худал мэдээлэл өгсөн бол огцруулах, төрийн албанаас халах үндэслэл болох аж.

Энэ хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайдаар ажиллаж байсан хүмүүс байр суури илэрхийлсэн юм. Тухайлбал,

УИХ, Засгийн газрын гишүүн асан С.Ламбаа: 1996-2000 оны парламентын үед мөрдөгдөж байсан Дэгийн тухай хууль чанга сайн байсан. Үүнээс хош үе үеийн парламент өөрсдөдөө зориулж өөрчилсөөр өнөөдрийн байдалд хүрлээ. УИХ-ын чуулганы ирц 39 гишүүнээр бүрддэг түүний 50 хувь нь буюу 19 нь дэмжихэд хууль батлах нөхцөл байдал бүрдсэн. УИХ хуулиа зөрчвөл яах вэ гэдгээ хуульчилж өгөөгүй. Үүнийг хуульчилж ягштал мөрддөг болох ёстой. УИХ-ын гишүүд чуулганы танхимд хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй гэдэг заалтаас болж гишүүд өөрсдийгөө дархан эрхтэй гэх ойлголттой болсон. Хуулийг мөрдвөл мөрдсөн шиг мөрдмөөр байна.

УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар:  Намын бүлэг дотор бүх асуудлыг шийддэг. Гишүүд гараад юу дуртайгаа ярьж хэлдгийн гай одоо гарч байна. Бүлгийн шийдвэрээ дагадаг, хүндэлдэг байх ёстой. Ингэхгүй байгаагаас бүх зүйл болж байгаа. Та бүхний санаачилсан энэ хууль цаг үеэ олсон уу. Гаднын захиалгатай яваад байна уу даа гэж харагдаж байна.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Дэлхийн 10 орчим орны туршлагаас хуваалцаж, судалгаа хийлээ. УИХ-ын гишүүдийн ёс зүй, хариуцлагын асуудлын зохицуулалт одоогийн хуулиадад байгаа ч зөрчсөн тохиолдолд яах вэ гэдэг хариуцлагын асуудал нь байхгүй үлдсэн байна гэсэн дүгнэлт хийсэн. Жишээлбэл, УИХ-ын гишүүн хуралдаандаа суухгүй таслаад байвал яах вэ гэхээр ямар ч зохицуулалт байхгүй байгаа юм. Бусад улс орны хувьд хуралдаан даргалагч бичгээр Ёс зүйн хороонд өгч, Ёс зүйн хороо нь энэ асуудлыг авч хэлэлцээд сонгогчдод нь мэдээлэл өгдөг байгаа юм. Зарим улсад ташуур гэх нэртэй Ёс зүйн хорооны дэргэд албан тушаалтан байгаа юм. Тэр нь улирал бүр гишүүдийн ирц болон ёс зүйтэй холбоотой асуудлын талаар Ёс зүйн хороонд мэдээлэл өгдөг нарийвчилсан зохицуулалттай улс байна. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаандаа ирэхгүй байх тохиродрод манай гишүүд хүнээр картаа шургуулдаг. Гэтэл бусад оронд албадан захирамж гаргадаг. Үгүй бол тухайн хүнийг санал өгүүлэхгүй байх зэрэг олон арга хэмжээ авдаг юм байна. УИХ-ын гишүүн хариуцлагатай байх асуудлыг зайлшгүй ярих шаардлага тулгарсан учраас Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байна. Ер нь бол Төрийн байгуулалтын байнгын хорооноос энэ хариуцлагын асуудлыг олон улсын түвшинд хүргэх зорилгоор хуулийн төсөл оруулна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Хууль зөрчиж Эрх ямбаа ашиглаж Хүчин, Хулгайн хэрэгт Нэр холбогдсон Нөхдүүдээ улайм цайн өмгөөлж хамгаалж өөгшүүлээд байж яаж Гишүүдээ Дэгэнд оруулах юм вэ, Наад Дураараа Гишүүд чинь Миний Нам намайг хамгаална гээд юу дуртай болгоноо хийж Гэмт хэрг үйлдээд байна шүү дээ, МАН*ынхаа,,,,,,,,,,,

    0 0 Хариу бичих
  2. Ёс зүйгүй хүмүүсдээ хариуцлага тооцож чадахгүй дэгийн тухай хуулиа сахиж чадахгүй ийм их хурал оршин тогтнох үндэслэл алга.Хурдхан тарцгаа

    0 0 Хариу бичих