Монгол орон цөөн хүн амтай учир хүрээлэн буй орчны асуудлуудыг шийдвэрлэх боломжтой

Монгол-Германы хамтарсан Ашигт Малтмал, Технологийн Их Сургууль (МГТИС-GMIT ) нь ХБНГУ-ын их сургуулиуд болон олон улсын бусад боловсролын байгууллагатай нягт хамтран ажиллаж, оюутнууддаа олон улсын стандартад нийцсэн, шилдэг туршлагад суурилсан сургалтын хөтөлбөрийг санал болгодог. Түүнчлэн тус сургууль нийгэмд тулгамдсан асуудлууд болох “Утаагүй зуухны төсөл”, “Усны нөөцийн менежмент”, “Улаанбаатар хотын агаарын чанарын хяналт төлөвлөгөө болон хяналт шинжилгээг сайжруулах” зэрэг чиглэлд шинжлэх ухааны судалгааны төслүүд хэрэгжүүлж байна. 

Механик инженерийн профессор, Инженерийн факультетийн декан, доктор (Ph.D.) Гунтер Штер 

Хүрээлэн буй орчны инженерийн профессор, доктор (Ph.D.) Даниел Карте

Проф. Штер, та Монголд гурван жил ажиллаж, амьдарч байна. Ямар зорилгоор Монгол орныг зорин ирэх болсон бэ?

Гунтер Штер: Юуны түрүүнд, Монголд нэн хэрэгцээтэй байгаа сургалт, мэргэжлийг санал болгож чадах их сургуулийг байгуулах, түүнийг хөгжүүлэх зорилготойгоор ирсэн. Миний үндсэн үүрэг бол МГТИС-ийн инженерийн чиглэлийн боловсон хүчин болон тэнхимийн бүтэц, зохион байгуулалт, хөгжүүлэлттэй холбоотой байдаг. Мөн оюутнууддаа хичээл, сургалт заахаас гадна судалгааны чиглэл бол миний үндсэн үүрэг. Энэ хугацаанд шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн олон улсын түншүүдтэй хамтарсан судалгааны төслүүдээ амжилттай хэрэгжүүлж эхлээд байна.

Таны дурдсан судалгааны төслүүд Монголд ямар ач тустай вэ? 

Гунтер Штер: МГТИС-ийн судалгаа нь бусад их сургуулийн төслүүдээс нэлээд ялгаатай. Учир нь, МГТИС нийгэмд ашиг тустай, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тулгамдаад буй техникийн асуудлыг шийдвэрлэх зорилготой хэрэглээнд суурилсан төслүүдийг дэмжиж ажилладаг. Тийм ч учраас эдгээр төсөл, хөтөлбөртөө олон салбарын эрдэмтдийг нэгтгэж, зорилгодоо нийцсэн шийдэл олох, үр дүнд хүрэхийн тулд салбар хоорондын арга зүйг байнга дэмжин ажилладаг. Манай сургууль Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр “Судалгаа хөгжлийн сан”-гийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж эхлээд байна. Ингэснээр стратегийн чиглэлийн судалгаануудаа амжилттай хөгжүүлж, сургуулийн цаашдын хөгжлийг бэхжүүлэх том боломжийг бидэнд олгож буй. 

МГТИС байгаль орчны судалгаанд түлхүү анхаарал хандуулдаг. Яагаад энэ чиглэлийг сонгох болов?

Даниел Карте: Монгол орон бол дэлхийн хамгийн цэвэр онгон байдлаа хадгалж байгаа газруудын нэг. Тухайлбал, Монголд дэлхийн хамгийн урт, хязгааргүй үргэлжлэх гол мөрөн, өвөрмөц ургамал, ан амьтдын төрөл зүйл олноор оршдог. Гэсэн хэдий ч байгаль орчны онцгой нөхцөл байдал нь Монгол орны экосистемийг маш эмзэг байдалд хүргэхэд нөлөөлдөг. Цаг агаар, газрын бүрхэвчийн багахан өөрчлөлтүүд экологид асар том нөлөө үзүүлдэг. Давуу тал нь, Монгол цөөн хүн амтай учир нягтаршил ихтэй улс орнуудтай харьцуулахад хүрээлэн буй орчны асуудлуудыг шийдэхэд харьцангуй амар, хялбар байх боломжтой. 
МГТИС-ийн хувьд Монгол, Герман болон бусад олон улсын мэргэжилтнүүдийг нэг дор цуглуулж, Монголынхоо байгаль орчны судалгааг хөгжүүлэхэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэх бүрэн боломжтой. 

Одоо байгаль орчны чиглэлээр ямар судалгаа хэрэгжүүлж байна вэ?

Даниел Карте: МГТИС бол залуухан, шинэхэн хэвээрээ байгаа сургууль. Байгуулагдаад дөнгөж 4, 5 жил болж байна. Гэсэн хэдий ч бид аль хэдийнэ байгаль орчны судалгаанд идэвхтэй ажиллаж эхэлсэн. Нэг талаас, манай сургуулийн хэд хэдэн профессор, багш, эрдэмтэн судлаач ус, агаарын чанар зэрэг байгаль орчны хяналт шинжилгээ чиглэлээр ажилладаг. Нөгөөтэйгүүр, МГТИС нь өөрөө эдгээр асуудалд шийдэл олохыг зорьж ажилладаг. Хамгийн сайн жишээнүүдийн нэг бол агаарын бохирдлыг хянах талбар юм. Манай эрдэмтэн, судлаачид Монголын нөхцөл байдалд нийцсэн, ялангуяа Улаанбаатар хотын гэр хороололд агаарын бохирдлыг бууруулах дэвшилтэт технологийг боловсруулж байна.

Шинжлэх ухааны судалгааны төсөл, хөтөлбөрүүдэд МГТИС-ийн оюутнуудын оролцоо хэр байдаг вэ?

Даниел Карте: МГТИС-ийн профессорууд хавсарга шинжлэх ухааны тэргүүлэх чиглэлд ажиллаж байна. Тиймээс оюутнууд эдгээр төслөөс инженерчлэл, шинжлэх ухааны салбарт хийгдэж буй одоогийн ахиц дэвшлийг яг дэргэдээс нь харах боломжтой байдаг. Ингэснээр манай оюутнууд их сургуулийн сурах бичигт хараахан орж амжаагүй, хамгийн сүүлийн үеийн мэдлэгийг олж авч чадна. Түүнчлэн, МГТИС-ийн “Судалгаа хөгжлийн сан”-гаас оюутнуудыг сургуулийн стратегийн судалгааны хүрээнд өөрсдөө төсөл санаачлан төлөвлөж, хэрэгжүүлэх боломжийг нээж өгсөн.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. holiin hotiig holiinhod n

    0 0 Хариу бичих