Мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс санаачлан “Үндэсний сэтгүүл зүйн шинэ дэвшилтэт хөгжлийн төлөө” үзэл баримтлалын дор мэргэшсэн сэтгүүлчдийн бэлтгэх, чадавхижуулах, мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлэх зорилгоор Мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ. Энэхүү хөтөлбөрийн нээлт, танилцуулга өнөөдөр болж, МСНЭ болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид, сэтгүүл зүйн салбарын судлаачид, сэтгүүлчид оролцлоо. 

Энэ үеэр МСНЭ-ийн ерөнхийлөгч асан, соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Б.Галаарид, МУБИС-ийн Хүмүүнлэгийн сургуулийн захирал, доктор, профессор Ж.Батбаатар, МСНЭ-ийн Хяналтын зөвлөлийн дарга, сэтгүүлч Б.Цоожчулуунцэцэг нар мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх үндэсний хөтөлбөрийн зорилго, ач холбогдлын талаар байр сууриа илэрхийлсэн. Мөн “Мongolian mining journal” сэтгүүлийн орлогч эрхлэгч, “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” төрийн бус байгууллагын дэд тэргүүн Н.Ариунтуяа уул уурхайн мэргэшсэн сэтгүүлчдийг мэргэшүүлж буй туршлагаасаа  хуваалцаж, Гадаад харилцааны сайдын хэвлэлийн төлөөлөгч Л.Оюунтунгалаг “Гадаад  харилцаа ба сэтгүүл зүй”, МСНЭ-ийн Анагаахын сэтгүүлчдийн салбар зөвлөлийн дарга, доктор, профессор Д.Пүрэвдорж “Монголын анагаах ухааны сэтгүүл зүйн уламжлал, шинэчлэл” сэдвээр илтгэл тавьсан юм. Мөн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх үндэсний хөтөлбөрийн нээлтэд оролцож, үг хэлэв. Тэрээр мэдээлэл түгээх үйл ажиллагааг цахим орчин, олон нийтийн сүлжээ гүйцэтгэх болсон энэ үед сэтгүүл зүй илүү мэргэжлийн, мэргэшсэн байх шаардлага тулгарч байгааг онцолсон.   

Сэтгүүлчид тодорхой салбараар мэргэших нь олон талын ач холбогдолтой бөгөөд илүү шинжлэх ухаанч, үнэн зөв, бодит мэдээллийг хүргэх хэрэгцээ, шаардлага бий болж байгаа гэдгийг оролцогчид хэлж байлаа. Мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх үндэсний хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)