
Малч удамт монголчуудын амьдралын хамгийн гэрэлтэй үе гуравдугаар сарын дундаас тавдугаар сарын эхэн хүртэл үргэлжилдэг билээ. Энэ өдрүүдэд малчид ямаагаа самнана.
Ямаа самнах цагаар улсын орны эдийн засгийн эргэлт дотоодоосоо хурдсах бөгөөд, “Нарантуул” захаас эхлээд автомашины “Да Хүрээ” зах сүйдтэй оволзохгүй ч мэдэгдэхүйц хөдөлгөөнд орж, томоохон их дэлгүүрүүд хэрэглээний бараандаа хямдрал зарлаж, их сургуулийн профессорууд хүртэл энэ л үеийг тааруулан номоо гаргах агаад, ноолуурын мөнгөний сүүлч Сансар, Туул жинпан хавийн шөнийн цэнгээний газрын орлого болно. Энэ өдрүүдэд ДДиш ТВ-гийн антены борлуулалт өсөх ба Малчин компани оргил борлуулалтаа хийдэг аж.
“Да Хүрээ” зах дээр ачааны машин зардаг Ч.Оюунбатын ярьснаар бол хаврын өдийд машины борлуулалт мэдэгдэхүйц нэмэгддэг бөгөөд, малчид бэлэн мөнгөөр ачааны машин болон том оврын суудлын тэрэг авдаг аж. Шинэ зуун гарснаар ямааны ноолуур малын гаралтай бусад түүхий эдээ бодвол харьцангуй өндөр үнэтэй байгаа. Тийм ч учраас 2017 онд тоологдсон 66.2 сая малын бараг тэн хагас буюу 27.3 сая толгой нь ямаан сүрэг байна.
Ямаа самнах цагаар бид Төв аймаг болон алс баруун хязгаар Увс аймгийн малчдыг сурвалжиллаа.
ҮЕ ДАМЖСАН ЯМААНЫ ЦӨМ СҮРЭГТЭЙ БОЛСОН
Төв аймгийн Баяндэлгэр сумын уугуул, Мянгат малчин Магсарын Тунгалаг Их Д.Нацагдоржийн нутаг Гүн галуутайд хаваржиж байна. 34 жил тасралтгүй хонь хариулж буй, Багануур дүүргийн аварга малчин М.Тунгалаг гуай хоёр ч малчинд хувь таслан хөл дээр нь босгосон бөгөөд өдгөө 500 гаруй ямаа, 1000 гаруй хоньтой ажээ.

М.Тунгалаг, У.Мядагмаа нарын том хүү Т.Адууч Япон улсад суралцдаг, эх орондоо түр ирээд байсан бол бага хүү Санжмятав нь энэ жил Хууль сахиулахын их сургуулийг төгсөж буй ажээ.
Хаваржаа хэр байна?
Энэ жилийн хувьд хаваржаа сайхан байна. Өвөл мал сайхан онд орсон.
Ноолуураа хэзээ самнав?
Ноолуураа өдийд л самнадаг. Борлонгоос бусад бие гүйцсэн ямаагаа бүрэн самнасан. Ямаа самнах үеэр 5 айлын 10 хүнд 3 өдөр ажлын байр гаргана.
Нэг ямааг 4500-5000 төгрөгөөр самнуулж, гурван өдрийн дотор нийтдээ 2 сая орчим төгрөг ажлын хөлсөнд нь өгдөг. Хуучин 3500 байсан. Энэ жил ноолуурын үнэ өндөр байгаа болохоор 5000 төгрөгөөр самнуулсан. Ямаа самнадаг хүмүүс маань өөрсдөө үнээ тогтоодог юм.
Энэ жил хэр хэмжээний ноолуур хэдэн төгрөгөөр худалдав?
Энэ жил 150 килограмм ноолуур самнаснаа 101 мянгаар өгсөн.
Ноолуурын гарц ямар байна.
Ерөнхийдөө нэг ямаанаас 500-600 грамм ноолуур авч байна.
Танайх ямар үүлдрийн ямаа өсгөж байна?
Манай ямаа үндсэндээ Говь гурван сайхан, Хөвсгөлийн Эрчим омгийн хар ямаагаар голлоно. Манай аав Монгол Улсын гавьяат малчин Осорын Магсар энэ хоёр омгоос өөрийн гэсэн цөм сүргийг бий болгож, бидэнд өвлүүлсэн юм.
Мал аж ахуйн чиглэлээр гаргаж буй төрийн бодлого малчдын амьдралд хэрхэн тусаж байна вэ?
Монгол малчид бид төр засагтаа талархах ёстой. Малын хөлийн татвараас чөлөөлж, тэтгэврийн насыг нааш татаж 55 болгосон, ноос, ноолуурын урамшуулал олгодог болсон нь малчдыг арай л ядуусын эгнээнд оруулчихалгүй барьж байна. Бас уламжлалт мал аж ахуйд залуусыг бага ч болов татах хүчин зүйл нь энэ. Ер нь бол малчдын залуу халаа гэдэг зүйл тасрах шинж хэдий нь бүрдчихээд байгаа шүү. Малын ажил хүнд л дээ. Ийм хурдтай хөгжиж буй нийгэмд залуус халширах нь аргагүй.
Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлье гэж их ярих юм. Төвд ойрхон байдаг малчны хувьд энэ лоозон газар дээрээ хэр бууж байна?
Эрчимсэн мал аж ахуй гэдэг нь Монголын нөхцөлд тохиромжгүй юм шиг санагдаад байгаа. Тэжээлээ хаана тарих вэ гэдгээс л асуудал босож ирнэ. Уг нь хоршоод асуудлыг шийдэж болох ч тэгэхгүй байна. Ер нь эрчимжсэн мал аж ахуйг “Гацуурт”-ын Л.Чинбат мэтийн томоохон хөрөнгөтэй хүн хөдөлгөхөөс биш эрээвэр, хураавар, бяд муутай малчид хийхэд хэцүү. Бэлчээрийн мал аж ахуй ч өөрөө давтагдашгүй давуу талтай. Нарийн ширхэгтэй таана хөмүүл мал өөрөө түүгээд идчихнэ. Мах нь тэжээлийн аж ахуйн малынхаас хавьгүй амт, шимтэй, органик. Энэ бол тордож, хамгаалах ёстой онцлог гэж би боддог.

Малчид дуртайдаа ямаа өсгөдөггүй
“Мал маллаад 40 илүү жил болохдоо банкнаас нэг ч төгрөгийн зээл аваагүй, харин банкинд мөнгө хадгалуулж байлаа” хэмээн хуучлах Увс аймгийн Наранбулаг сумын Хужирт багийн харьяат Монгол Улсын сайн малчин Санжийн Гомбо гуай 14 настайгаасаа малчин болжээ. Тэрээр 2008 оноос малаа даатгуулж эхэлсэн, сумынхаа тэргүүний даатгуулагчдын нэг гэнэ.
С.Гомбо гуай олон удаа буйр сэлгэн оторлодгоороо алдартай. Бид энэ удаа түүнийг Увс нуурынхаа зуун хаяанд, аймгийн төв Улаангомоос 70 километрийн зайтай хаваржиж байхад нь сурвалжиллаа.

Улсын сайн малчин цолны мялаалгын үеэр. 2015.05.31
Нэгдэл нийгмийн үеэс л бог малласан бололтой. Анх хэдэн малтай амьдралаа эхэлж, одоо хэд хүрээд байна?
Захиргаадалтын үед 30 гаруй ямаатай байлаа. Их өсгөсөн үедээ 1000 ямаатай ч болж үзсэн. Одоо бол 700 гаруй хонь төллүүлж, 500 гаруйг нь зарж борлуулна. Хүүхдүүд маань тусдаа гарсан. Туслах малчид ч бас бий.
Увсад хаваржаа хэр болж байна?
Ер нь Увсад тэр чигээрээ хавар тааруухан болж байна. Гэтэл Ховд аймгаас Мянгад, Дөргөн сумдын малчид Увс нуурыг тэмцэж оторлох нь их байна. Тэнд байдал бүр хэцүү, хамар хатгах өвсгүй байгаа учраас тэр.
Ер нь дундаж амьдралтай малчин хэдэн ямаатай байна?
Би жишээлбэл 500 ямаанаасаа жилд 250 килограмм ноолуур авна. Олох мөнгө нь цаг улирал, ноолуурын үнээс шалтгаалаад харилцан адилгүй.
Харин дундаж малчин бол 200 ямаа хангалттай. 200 ямаатай хүн 90 орчим килограм ноолуур авна гэвэл амьдралаа эвтэйхэн хангачих мөнгө олно.
Ийм ч болохоор залуучууд ямаа их өсгөдөг болжээ. Манай аймгийн хувьд Завхан, Өлгий, Өмнөговь, Ховд, Бөхмөрөн гэсэн энгэр, ээвэр газрын таван сум бүр илт их ямаатай. Хангайн сумд ч дундаж хэмжээний ямаатай. Зүүн чигийн говийн сумд арай цөөвтөр ямаатай.
Та чамгүй их мал өсгөж, маллаж иржээ. Нутгийнхан таныг чамгүй олон хүнийг амьдралын захад хүргэсэн гэлцэх юм?
Яг тусад нь өмч таслаж, гэрийг нь барьж, өвөлжөө бууцыг нь тогтоосон 10 айл байна. Бас туслах малчиндаа хөлс мөнгө, малаасаа өгнө. Үүнээс гадна өөрийн ясны хүмүүсээ нэлээд удаан малжуулж ирлээ. Жишээлбэл миний галзад ясны 50 гаруй айл манай багт бий. Ингээд энэ малжуулалтыг тооцвол 2000 лав хүрэх байх. Сүүлийн 15 жил өгч ирсэн хэрэг шүү дээ.
Ноолуур малчдын амьдралд санхүүгийн гол хөшүүрэг нь болж байна гэж ойлгож болох уу?
Тэгэлгүй яахав. 100 килограмм ноолуур 80 мянгаар өгч, 8 сая төгрөгтэй болсон малчин 4 саяыг нь банкинд хадгалуулж, 2 саяыг нь найр наадам, өвчин зовлонгоос эхлээд гэнэтийн зардалдаа өгч, 2 саяыг өдөр тутамдаа хэрэглэлээ гэхэд жилийн хагасыг ямартай ч давчихна. Харин өвөл, жилийн төгсгөлд ирэхэд мал хуйгаа заазлаж, зарж мөнгөжинө. Үүгээр малын шим буурдаг өвлийг давах бэлтгэл, өвс тэжээлээ авна. Хэцүү өвөл таарвал өр тавьж байж давна. Эргээд хавар болоход бүх санхүүгийн асуудлаа ямааны ноолуураараа дарна.
Малчны амьдралын санхүүгийн эргэлт нэг иймэрхүү энгийн. Тэгэхээр энэ эргэлтээ таслахгүйн талд заавал ямаа өсгөх хэрэгтэй болж байна. Сүргийн бүтцэд ядаж 30 хувьд нь ямаа байх хэрэгтэй гэсэн үг.
Ямааг бэлчээрт хор хөнөөлтэй мал гэж ярьдаг даа?
Ер нь бол тийм. Тийм ч болохоор тоо толгойг нь багасгаж байна. Ер нь бусад малын мах үнэтэй, ашигтай зарагддаг болчихвол ямаа маллаад байх шаардлагагүй. Ямаа маллах дуртай малчин гэж хаана ч байхгүй. 100 ямаа төллүүлэх, 1000 хонь төллүүлэх хоёр ижилхэн шүү.
Ноолуураа хүлээсэн үнэндээ хүргэж борлуулж болох нь уу?
Хүрэхгүй бололтой. Энэ жил хүйтэн байгаа болохоор нэлээд оройтож, 5 сарын эхээр ихэнх ямаагаа самнаж таарах нь. Угаасаа хүйтэн уур амьсгалаас болоод бид төвийн болон өмнө, говийн бүсийн аймгуудаас хождож ямаагаа самнадаг. Тийм болохоор оргил үнээр биш, бараг хагасаар нь зарах нь олонтаа. Ченжүүд мөнгөө авч ирээд тараагаад өгчихнө. Анхандаа 100 орчим мянгаар тооцож, мөнгөө өгөх боловч үнэ унаад ирэхэд авдаг ноолуур нь нэмэгддэг. Ноолуурын үнэ огцом унадаг учраас төлөвлөснөөс хавгүй их ноолуур хямдаар өгөх явдал их тохиолдоно. Ийм учраас мөнгөнд нь болоод ямаагаа хар хүйтэнд самнаж байгаа хүмүүс ч байна.
Хятадад зүтгэх монгол малчид
Гурав, дөрөвдүгээр сар бол ноолуур бэлтгэлийн хамгийн чухал үе. Энэ үед эргэлтийн хөрөнгийн дутагдалтай үндэсний компаниудын өмнүүр их хэмжээний бэлэн мөнгөтэй гадаадын ченжүүд орж өндөр үнээр ноолуур цуглуулдаг. Малчид жилийн эхэн хагаст бэлэн мөнгөтэй золгох ганц боломж нь энэ.
Ингэхдээ ноолуурын чанар гэхээсээ жинг чухалчилдаг учраас малчид чанаргүй бүдүүн микронтой нас гүйцсэн ямаа өсгөх нь ихэсчээ.
Ноолуур гаргаж буй хүмүүс орлого тодорхойлох боломжгүй гэсэн шалтгаанаар маш бага албан татвар төлнө. Өөрөөр хэлбэл манай ноолуурын салбарыг өмнөд хөршийн ченжүүд тодорхойлдог. ХХААХҮЯ-ны мэдээлж буйгаар үүнээс шалтгаалж, манай ноолуурын үндэсний үйлдвэрүүд хүчин чадлынхаа 40-60 хувийг л ашигладаг ажээ.
Ноолуурын салбарт эдийн засгийн бэрхшээлээс гадна боловсон хүчний дутагдал гэх асуудал мундахгүй. Ийм учраас Засгийн газар оны дараахан “Ноолуур” хөтөлбөр гээчийг баталжээ. Биелэвэл малчид хийгээд, үйлдвэрлэгчдийн байдал огцом сайжирхаар олон өөдрөг тоо тэнд байгаа нь мэдээж.
