Х.Батжаргал: Бид багш нараа Их Британийн Боловсролын яаманд бүртгэлтэй агентлагаар дамжуулан сонгон шалгаруулж авдаг

“Эко скүүл гарден” ХХК-ийн хувь нийлүүлэгч, гүйцэтгэх захирал Х.Батжаргалтай ярилцлаа.

Өнөө маргаашийн ашиг орлогоор бус хэдэн арван жилийн дараа нийгэмд өгдөг үр өгөөжөөр нь харж боловсролын салбарт хөрөнгө оруулсан нь таны хувьд зөв шийдэл байсан уу?

Бидний хувьд улс орны хөгжлийн гол тулгуур бол боловсрол гэж ойлгодог болохоор дэлхий нийтээрээ эзэмшиж байгаа Англи Уэлсийн Үндэсний хөтөлбөрийг Монголын хөрсөнд нутагшуулах зорилгоор “Эко Скүүл Гарден” ХХК-ийг 2010 онд байгуулан ажилласан. Сургуулиа байгуулахаас өмнө дэлхийн томоохонд тооцогдох олон улсын жишиг болсон олон улсын сургуулиудыг газар дээр нь очиж үзэж туршлага судлан 2012 онд Улаанбаатар дахь Бритиш дунд сургуулийг үүсгэн байгуулж, Монгол Улсын боловсролын салбарт томоохон хөрөнгө оруулалтыг зөвхөн дотоодын хөрөнгө оруулагчидтайгаар хийж үүсгэн байгуулсан. Энэ богинохон хугацаанд олон арван аав, ээжийн хүүхдүүдэд олон улсын боловсрол олгож дэлхийн их, дээд сургуулиудад элсэн суралцах боломжийг олгож байгаагаараа бахархаж зөв зүйтэй хөрөнгө оруулалт болсон гэж бодож явдаг. 

Дэлхийн монгол иргэнийг бэлтгэж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсон хүчнийг бэлдэж байгаа ч нөгөө талаараа өндөр төлбөртэйгөөс болоод хувийн сургуулиудыг шүүмжлэх нь бий? 

Бид дэлхийн боловсролын чиг хандлага хаашаа явж байна. Түүнийг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран дэлхий нийтийн боловсролын салбарт хийгдэж байгаа шинэчлэлтээс суралцах ажлыг гол болгодог. Англи Уэлсийн үндэсний хөтөлбөрийг заах эрх бүхий тэр дундаа Англи үндэстэн багш нарыг урьж багшлуулж байгаагаараа Монголд байгаа олон улсын сургуулиудаас ялгаатай гэж үзэж болно. Манай сургуулийн гол бахархал бол багш нар маань, бусдаас ялгарах давуу тал бол мэргэжлийн шилдэг боловсон хүчин гэж боддог. Бид Парис, Токио, Дубай, Бээжин, Сингапур зэрэг дэлхийн томоохон хотын сургуулиудтай өрсөлдөж байж эдгээр багш нарыг Их Британийн Боловсролын яаманд бүртгэлтэй агентлагаар дамжуулан сонгон шалгаруулж гэрээ байгуулан авч ажлуулдаг. Англид багшийн сургууль төгссөн багш нар тодорхой шаардлага хангаж, шалгалтанд тэнцсэнээр олон улсад багшлах эрхээ баталгаажуулдаг. Ийм шаардлагыг хангасан багш нарын цалин хангамж өндөр байдгаас шалтгаалан өндөр төлбөртэй гэж хардаг байх. Бид энэ үнээс доогуур тавих л юм бол хэзээ ч ийм чанартай багш нарыг олж чадахгүй бөгөөд сургалтын чанар алдагдаж олон улсын стандартыг хангаж чадахгүй шүү дээ.Бидэнтэй адилхан үйл ажиллагаа явуулж байгаа Дэлхий олон улсын сургуулиуд дундаас манай сургууль хамгийн хямддаа тооцогддог. Үүнээс хямд үнээр хэзээ ч хаана ч олон улсын шаардлага хангасан багш нараар заалгаж боловсрол авна гэж бараг байхгүй дээ. Тэгэхээр төлбөртэйгөө дүйцэхүйц хэмжээний чанартай боловсролыг хангалттай олгож байгаа гэж хэлж болно.

Дунд сургуулиуд сурагчдад академик боловсрол олгохыг чухалчилж, иргэн хүн болгон төлөвшихөд нь тэр бүр анхаарал хандуулахгүй байх шиг. Улаанбаатар дахь Бритиш дунд сургуулийн хувьд энэ тал дээр хэрхэн анхаардаг вэ?

Манай сургуулийн хувьд хэт академикжсан сургалтын системээс илүү ямар ч нийгэмд суралцах чадвартай, авъяас ур чадвартай сурагчдыг бэлтгэхийг чухалчилж ажилладаг. Англичууд хүүхдийн хүмүүжил төлөвшилд их анхаарч ажилладаг. Хатуухан хэлэхэд англи багш нар хүүхдээ анхаарсангүй гэх шүүмжлэлийг Монгол эцэг эхчүүдэд шууд гаргаж хэлдэг. Тэдэнд сурагчдын ээж аав хэн байх нь чухал биш гагцхүү тэр хүүхдийг л зөв сайн хүн болгож төлөвшүүлэхэд анхаардаг гэсэн үг. Өнөөгийн Монголын ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын систем өөрөө хүүхдүүдэд амьдрах боловсрол олгох биш зөвхөн шалгалтын системд зориулагдсан мэт яваад байна л даа. Бритиш сургуулийн онцлог нь хичээлээс олж авсан мэдлэгийг парктик дээр бататгах сургалтуудыг илүү олгодгоороо онцлог юм. Бритиш сургуулийн гадаад багш нараас харж байгаа ололтой тал бол хүүхдийг өөрийгөө илэрхийлэх, хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээ хөгжүүлж түүнд илүүтэйгээр анхаарал тавьж байгаа нь үнэхээр таалагддаг. Ингэснээрээ бид харилцааны соёлтой, өөрийгөө илэрхийлэх чадвар бүхий хөрвөх чадвартай хувь хүнийг бэлтгэдэг гэж итгэл төгс хэлж чадна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)