Б.Пүрэвдорж: Энэ Засгийн газар 11 удаа хууль зөрчсөн байна

УИХ-ын чуулганаар нэгдсэн хуралдаанаар Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн шатанд

Ж.Мөнхбат: Энэ хуулийн төслийг хэлэлцэж байгаа нь Төсвийн тухай хуулийн 6.2.5 дугаар заалтыг зөрчиж байна. Төсвийн жилд орлого, зарлагаа өөрчлөх шийдвэр гаргасан бол дараагийн жилээс хэрэгжүүлнэ гэсэн заалттай. Гэтэл гааль, НӨАТ-аас чөлөөлөх асуудал батлагдсан өдрөөс хэрэгжинэ гээд оруулаад ирлээ. Ч.Хүрэлбаатар сайд та хэзээ төсвийн тодотгол оруулж ирэх вэ. Цаашид ийм байдлаар яваад байх юм бол гишүүд хууль зөрчиж хууль батлаад, хуулийн төсөл өргөн барьсан сайд нь уснаас хуурай гарах нөхцөл бүрдэх юм биш үү. Өмнөх Засгийн газар хүүхдийн мөнгө олгосны төлөө Төсвийн хууль зөрчсөн, төсөвт тодотгол хийгээгүй гэдэг үндэслэлээр огцорсон. Та хууль зөрчсөн хуулийн төсөл шахдаг байдлаа хэзээ зогсоох вэ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Хууль батлах, нэмэлт өөрчлөлт оруулах нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Мод, модон материалыг гааль, НӨАТ-аас хөнгөлөх, чөлөөлөх хуулийн үйлчлэл 2018 оны нэгдүгээр сарын 1-нд зогссон. Татварын ерөнхий хуульд зааснаар татварыг зөвхөн УИХ-аас хуулиар бий болгох, хөнгөлөх, чөлөөлөх, өөрчлөх асуудлыг шийддэг. 2013 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш 34 удаа татварын хөнгөлөх чөлөөлөх асуудлыг шийдсэн байдаг. Тэгэхээр хууль зөрчсөн асуудал байхгүй. Энэ хуулийг УИХ-ын гишүүд оруулж ирэх хүсэлт тавьсан, шахсан гэж Сангийн яамны ажилтнууд хэллээ

Б.Пүрэвдорж: Энэ Засгийн газар гарснаар нийтдээ 11 хууль зөрчсөн байна. Малын тэжээл, өвс, хүнсний болон үрийн буудай татвараас чөлөөлөх асуудал 21.4 тэрбумаар орлого бууруулсан. Үүнд гаалийн болон НӨАТ хоёр орж байгаа. Тиймээс хоёр хууль зөрчсөн гэсэн үг. Баруун бүсийн эрчим хүчний системийн төрийн өмчит компанийн алдагдлыг бууруулах зорилгоор 7.4 тэрбум төгрөгийн орлого бууруулсан. Үүнд гаалийн болон НӨАТ орж байгаа учир хоёр хууль зөрчсөн. Агаар цэвэршүүлэгч болон эрчим хүчний хэмнэлттэй халаагч төхөөрөмж импортлоход 1.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн. Үүнд гаалийн болон НӨАТ орж байгаа. Тиймээс мөн л хоёр хууль зөрчсөн. Хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгох зорилгоор 41 тэрбум төгрөгөөр төсвийн зарлагыг нэмэгдүүлсэн нь хууль зөрсөн. Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж найм дахь удаагаа хууль зөрчсөн. Тэтгэврийн насыг өөрчлөх хууль, мод, модон бүтээгдэхүүний гаалийн татвараас чөлөөлөх тухай асуудлыг өнөөдөр оруулж ирснээр нийтдээ 11 удаа хууль зөрчиж байна. Ч.Хүрэлбаатар сайд энэ хурдаараа явах юм бол 4 жилийн хугацаанд 88 удаа хууль зөрчих нь байна.

Л.Энх-Амгалан: Ойн нөхөн сэргээлт, цэвэрлэгээг хийх хэрэгтэй. Ялангуяа орон нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх нэг боломж бол ойн цэвэрлэгээ юм. Өнөөдөр иргэд хууль, эрх зүйн орчин хэрхэн бүрдэхийг хүлээж байгаа. Цаашдаа модны хэрэглээ байсаар байх тул үйлдвэрлэлийн чиглэлийн ойн нөөцтэй болох хэрэгтэй. Монгол Улсын ойн бодлого гэж байгаа бол энэ асуудлыг бодох цаг нь ирсэн шүү

А.Ундраа: Мод тариад байдаг. Гэтэл арчилгааны асуудал орхигдоод байна. Арчилгаатай холбоотой ямар ажлууд хийж байна вэ?

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат: Ерөнхийлөгчийн зарлигаар ойжуулах ажлыг зохион байгуулж ирсэн. Жил бүр кампанит ажил болгож, мод тарьж байна. Цаашид мод тарихаасаа гадна арчлах ажлыг давхар хийж явах бодлого барьж байгаа гэв.

Дээрх хуулиар мод, модон материалыг гааль, НӨАТ-аас чөлөөлөх тухай асуудлыг тусгасан юм. Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан, бөөрөнхий мод, гуалин, модон зүсмэл материал, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг холбогдох татваруудаас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд чөлөөлжээ. Энэ хугацаанд мод, модон материалын импортын хэмжээ жил дараалан өсч, энэ хэмжээгээр ойгоос ашиглах, бэлтгэх мод, хууль бус мод бэлтгэлийн хэмжээ буурч, ойг нөхөн сэргээх, цэцэрлэгжүүлэх ажлын цар хүрээ нэмэгдсэн байна. Экологи, нийгэм, эдийн засгийн ач холбогдол бүхий дээрх хуулиудын үйлчлэх хугацаа дуусгавар болсон тул хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагыг ханган боловсруулж Засгийн газраас өргөн мэдүүлжээ.

Гишүүд ийн асуулт тодруулга авсны параа дээрх хуулийн төслийг гишүүдийн олонх дэмжсэнээр чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаан түр завсарлаад байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. ДАМПУУ ТӨР. БҮХ ШАТАНДАА ДАМПУУРЧИХСАН БАЙГАА. ЯАХ ГЭЖ МАН-Д 65 СУУДАЛ ӨГЧ ДАМПУУ НӨХДҮҮДЭЭР ТӨРИЙГ ТОГЛУУЛДАГ БАЙНАА.

    0 0 Хариу бичих