Монголд өнгөрсөн жил 36 мянган удаа газар хөдөлжээ

Шадар сайд Ө.Энхтүвшин “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2016 оны 34 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар өчигдөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд танилцуулжээ.

Гамшгаас хамгаалах эрх зүйн орчныг сайжруулах үүднээс Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж 2017 онд УИХ-аар батлуулсан. Мөн Засгийн газрын 2016 оны 262 дугаар тогтоолоор “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөө” болон газар хөдлөлтөд тэсвэргүй, ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг хүчитгэх, буулгаж шинээр барих болон холбогдох хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр 20 гаруй дүрэм, журам, бусад эрх зүйн баримт бичгийг боловсруулж батлуулан хэрэгжүүлж байна. Түүнчлэн Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэхбайнгын ажиллагаатай зөвлөл байгуулагдаж, Шадар сайд ахлан ажиллаж байгаа. Өнгөрсөн онд аймгуудад салбар зөвлөл байгуулснаар үйл ажиллагаагаа нийт улс орныг хамруулан зохион байгуулж ажиллах боломжтой болсныг дурдлаа.

Шадар сайдын танилцуулснаар, манай орны нутаг дэвсгэрт тохиолдож буй газар хөдлөлт байнга нэмэгдэж байгаа, сүүлийн хоёр жилд газар хөдлөлтийн идэвхжилт, эрсдэл 1.3-2.1 дахин өссөн, зөвхөн 2017 онд гэхэд 36 мянган удаа газар хөдлөлт болсон, тэр дундаа 2.5-аас дээш магнитудын хүчтэй хөдлөлт 77 удаа болжээ. Энэ нь гамшгийн эрсдэл өндөр түвшинд байгааг харуулж байгаа аж.

Гэтэл өнгөрсөн онд аймаг, орон нутагт хийсэн нэгдсэн судалгаагаар нийт барилгын 10.5 хувь нь ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй болох нь тогтоогджээ. Энэ оны байдлаар улсын хэмжээнд нийт 6627 орон сууц ашиглагдаж байгаагаас ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй болох нь тогтоогдсон нийтийн орон сууцны зориулалттай барилга гэхэд нийслэлд 349, орон нутагт 702, үүнээс мэргэжлийн хяналтын байгууллагаас ашиглахыг хориглосон орон сууц нийслэлд 234, орон нутагт 221 байгаа. Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг дахин төлөвлөлтөд оруулахаар 131 барилгыг 45 багц болгон хэгсэгчилсэн төлөвлөгөө хийж, тендер зарласнаас 19 багцын 60 барилгыг буулгаж шинээр барих төсөл хэрэгжүүлж байгаа юм байна. Харин 26 багцын 71 барилгад хөрөнгө оруулах төсөл хэрэгжүүлэгчийг урьж сонгон шалгаруулалтыг удаа дараа зарласан ч эдийн засгийн хямрал болон бусад шалтгаанаас болоод гүйцэтгэгчийн санал ирэхгүй байгаа аж.

Түүнчлэн улсын хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй байгаа 72 сургууль, 53 цэцэрлэг, 64 соёлын байгууллагын барилгыг 2019-2024 онд шинэчлэхэд 336.3 тэрбум, 99 эмнэлгийн барилгыг 2018-2021 онд шинэчлэхэд 222.1 тэрбум, аймаг, нийслэл дэх орон сууцны 275 барилгыг буулгаж шинээр барихад 570.9 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгааг Шадар сайд хэлж байв. Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд танилцуулсан. Энэ үндсэн дээр ҮАБЗ-өөс энэ сарын 16-нд УИХ, Засгийн газарт хандаж зөвлөмж гаргасан талаар тэрбээр танилцуулсан юм.   

Шадар сайдын танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар, Д.Оюунхорол, А.Ундраа, Н.Энхболд, О.Содбилэг нар Шадар сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авсан. Мөн хуралдаанд оролцсон Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Улаанбаатар хотын ерөнхий архитектор Э.Анар, холбогдох бусад албан тушаалтнууд гишүүдийн зарим асуултад хариулж, нэмэлт тодруулга, мэдээлэл өгөв.

Харин УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Оюунхорол, Ц,Цогзолмаа, Х.Баделхан, Д.Сарангэрэл, А.Ундраа, Л.Оюун-Эрдэнэ, О.Содбилэг нар Шадар сайдын танилцуулга болон тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлээр Байнгын хорооноос гаргах тогтоолын төсөлтэй холбогдуулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Үг хэлсэн гишүүд төвлөрлийг сааруулахын тулд Засгийн газар, нийслэлээс бодитой, зоримог тодорхой шийдвэр гаргах цаг болсон, энэ талаар санаачилгатай ажиллах хэрэгтэй байна, гамшгаас хамгааалах, эрсдэлийг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэхэд хөрөнгө санхүүжилт чухал шаардлагатай учраас зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтыг хараад суухгүйгээр төр-хэвийн хэвшлийн түншлэлээр асуудлыг шийдэхэд анхаарах, гамшгийн хамгийн өндөр эрслэлтэй бүсээс эхэлж эрэмбэлэх замаар ашиглалтын шаардлага хангахгүй нь тогтоогдсон сургууль, эмнэлгийн барилгыг буулгаж шинээр барих хөрөнгө санхүүгийн асуудлыг 2019 оноос эхлэн улсын төсөвт суулгах замаар үе шаттай хэрэгжүүлэх арга хэмжээ авах шаардлагатай зэргийг хэлж байлаа. Иймээс Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээний талаар гишүүдээс гаргасан саналуудыг нэмж тусган Байнгын хорооноос тогтоол гаргаж, Засгийн газарт тодорхой үүрэг чиглэл өгөхөөр тогтжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. олон жилийн өмнө хэн ч билээ, бас л ийм юм ярьж байсан,тэрнээс хойш хийсэн ажил гэж байна уу ?

    0 0 Хариу бичих