Канадын Элчин сайд Дорнод аймагт ажиллажээ

Канад Улсаас Монгол Улсад суугаа бүрэн эрхт Элчин сайд Дэвид Спрөүл тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 23-24-ний өдрүүдэд Дорнод аймагт албан айлчлал хийжээ. Айлчлалын хүрээнд өчигдөр аймгийн Засаг дарга болон Засаг даргын Тамгын газрын төлөөлөл, холбогдох агентлагийн дарга нартай ажил хэргийн уулзалт зохион байгуулсан байна.  Уг уулзалтаар хоёр орны найрсаг харилцааны хүрээнд хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, орон нутгийн хөгжлийн  асуудлаар ярилцаж, цаашид хамтын ажиллагааг хэрхэн хөгжүүлэх талаар санал бодлоо солилцжээ.

Канад улсын Засгийн газрын санхүүжилтээр Дорнод аймагт 2017 оны дөрөвдүгээр сараас эхлэн МЕРИТ төслийг хэрэгжүүлж байгаа юм. Уг төслөөр төрийн албан хаагчдын ур чадварыг хөгжүүлэх, мэдлэг дамжуулах, институц бэхжүүлэх, эдийн засгийн тогтвортой хөгжлийг бий болгох чиглэлээр хамтран ажиллаж, төслийн чадавхижуулах сургалтууд зохион байгуулж бодит бүр дүнд үрч байгаа аж. 

Элчин Сайд Дэвид Спрөүл “Дорнод аймаг бол МЕРИТ төслийн сонгон шалгаруулалтад тэнцсэн анхны аймаг бөгөөд бид хамтран ажиллаж, олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсондоо таатай байна. Төслийн шалгуур үзүүлэлтийг бүрэн хангаж,  удирдлагын манлайлал, хамт олны хичээл зүтгэл маш өндөр үнэлэгдсэн учраас энэхүү төслийг Дорнод аймагт хэрэгжүүлэхээр шийдсэн” хэмээн  онцолжээ.

Элчин Сайд Дэвид Спрөүл тэргүүтэй төлөөлөгчид  албан айлчлалын хүрээнд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, аймгийн төрийн бус байгууллагын төлөөлөл, бизнес эрхлэгч эмэгтэйчүүд, “Канад, Монголын орон нутгийн иргэдийн солилцооны хөтөлбөрт”-т оролцогчидтой уулзалт зохион байгуулан, Бүсийн төв Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, “Чойбалсан олон улсын нисэх онгоцны буудал”, болон  МАК, “Адуунчулуун” уурхайн үйл ажиллагаатай тус тус танилцсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)